Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хүрэл хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Зам харгуйгүй, бартаа ихтэй газраар их буу чирэн явж байгаа монгол морьдыг дүрсэлсэн энэ хөшөө дайны хүнд хэцүү жилүүдэд монголчууд ЗХУ-д дулаан хувцас, хүнс нийлүүлж, хагас сая агт морио илгээн, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль хүлээлгэн өгч байсан зэргийг бэлгэдсэн хүндэтгэлийн дурсгал юм.
Хөшөөний шавыг Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн босгон дээр 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр тавьж, 2017 оны 05 дугаар сарын 5-ны өдөр буюу Ялалтын баярын өмнө Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойд Монголын ард түмэн онцгой ач холбогдол өгч, өргөн хүрээнд тэмдэглэх үеэр иргэн Г.Ганбаяр энэ хөшөөг санаачилж, уран барималч А.Очирболд бүтээсэн байна. 2.5 тн жинтэй хөшөөний суурийг архитекторч А.К.Тихонов, В.В.Перфильев нарын зураг төслийн дагуу босгожээ.
Хүндэтгэлийн дэнж нь Аугаа их Эх орны дайны үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг мөнхөлсөн Москвагийн гол үзмэрүүдийн нэг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотын төвд байрлах “Метрополь” зочид буудлын хананд байрлуулсан жанжин Д.Сүхбаатарын дурсгалын самбарт цэцэг өргөв.
Самбарт “Энэ байранд 1921 оны 11 дүгээр сард Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс, Монгол Улс хооронд найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээ болсон бөгөөд уг хэлэлцээнд МАХН болон Монгол Ард Улсыг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатар оролцсон юм” гэж бичин, БНМАУ, ЗСБНХУ-ын Төрийн сүлдийг сийлсэн байдаг юм.
С.Данзан, Д.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Метрополь” зочид буудалд “Монгол-Оросын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай Монгол Улс, Зөвлөлт Орос Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-г байгуулах хэлэлцээ хийсэн түүхтэй.
Гэрээг байгуулсны 50 жилийн ойгоор буюу 1971 онд зочид буудлын хананд дурсгалын самбарыг байрлуулсан байна. Дурсгалын самбарыг ЗХУ-ын уран барималч Г.А.Огнев, зураг төслийн инженер Г.А.Мурадов нар бүтээжээ.
Монгол Улсын дээд, өндөр түвшний төлөөлөгчид Москва хотод зочлох үеэрээ дурсгалын самбарт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.