"ОХУ-д 40 жил төлөх мөнгөөрөө 100 жил тасралтгүй, хямд эрчим хүчээр хангах станц барих нь зөв"

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос БОАЖ-ын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалт байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, нөхөн олговор болон бусад асуудлаар тавьсан асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт хэлж, хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

-Төслийг бүрэн дэмжиж байна. Айл өрхийн өвөлжөө хаваржаа таарч байгаа, олон жил амьдарч байсан газар нутгаасаа явах бол малчдын хувьд тийм амар асуудал биш. Иймээс аймаг орон нутгийн удирдлага, иргэдтэй зөвшилцөж шийдвэрлэх хэрэгтэй. Гурван сумын малчин иргэдийн асуудал байгаа шүү. Түүх дурсгалын нөөц, ой модыг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Нүүдлийн шувууд нүүдэллэх асуудлыг мөн маш зөв шийдээрэй.

 

БОАЖ-ын сайд Н.Уртнасан:

-Нийт гурван аймгийн 270 өрхөд 9.5 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох асуудал байгаа. Нөхөн олговор олгох асуудал аймаг, 270 айл бүрээр өөр байгаа. Иймээс дахин тооцоолуур хийх болно, иргэдтэй өөрсөдтэй нь тохиролцоно. Эхний жилүүдэд 50-60 хувийн хөнгөлөлттэйгээр малчдын тэжээлийг өгч байхаар төлөвлөсөн.

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Эрдэнэбүрэн УЦС бол Монгол Улсын эрчим хүчийг хараат бус байх гол үндсэн нөхцөл суурь юм.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Дэлхийн нийт эрчим хүчний 90 хувийг их долоо гэгддэг улсууд хэрэглэж байгаа. Хямд эрчим хүчтэй газар л үйлдвэрлэл хөгждөг. Иймээс энэ УЦС заавал баригдах ёстой. УЦС баригдсанаар Ховд аймаг үсрэнгүй хөгжинө. Дөргөний УЦС-ын эрчим хүчээ Ховдодоо хэрэглэж, хямд эрчим хүчтэй болохыг зорьж байна. 9.7 тэрбум төгрөгийн нөхөн олговор бага байна. Иргэдийн хохиролгүй болгож, нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Увс аймгийн Өмнөговь багийн иргэдтэй уулзсан. Иргэдэд мэдээлэл өгөөгүй асуудал ярьж байсан. Байгаль орчны үнэлгээ хийхдээ иргэдтэй хэдэн удаа уулзсан бэ. 9.7 тэрбум төгрөгөөс хэдэн төгрөгийн нөхөн олговор өгөх вэ гэдгээ иргэдэд өгөх хэрэгтэй. Үнэлгээний компаниуд хэдэн төгрөгөөр үнэлгээ хийсэн юм. Төрийн бодлогыг орон нутагтаа хэрэгжүүлэх үүрэгтэй сумын Засаг дарга, ИТХ дур зоргоороо шийдвэр гаргаж болохгүй.

 

БОАЖ-ын сайд Н.Уртнасан:

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар сумын ИТХ-ын шийдвэрийг аймгийн ИТХ батлах ёстой. Бие даан гаргасан шийдвэр хүчингүй.

 

Судалгааны багийн ахлагч н.Сосорбурам:

-Бид хоёр жил орчим энэ төслийн судалгааг хийсэн. Орон нутаг руу дөрвөн удаа явж ажилласан. Нөлөөлөлд орж байгаа 270 айл өрх бүртэй орж биечлэн уулзаж, зураг дарж баталгаажуулсан. Газрыг солих асуудлыг бүгд дэмжсэн. Хачирхалтай нь иргэдийн уулзалт дээр эсэргүүцсэн. Увс аймгийнхан нэг өрх 3-36 сая төгрөг, Баян-Өлгий 30-100 орчим сая төгрөг авч байгаа. 1938 оноос өв дамжин амьдарч байсан иргэдийн үнэлгээ багаар хийгдсэн асуудал байгаа. Иймээс ажлын дэд хэсэг дахин ажиллаж, хуулийн хүрээнд үнэлгээг нэмэх асуудлаар ажиллана. Дөргөний УЦС өртгөө 4.3 дахин нөхсөн. УЦС-ын нэг удаагийн өртөг өндөр боловч эргэн хөрөнгөө оруулалтаа хурдан нөхдөг.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Эрдэнэбүрэнгийн УЦС эдийн засаг, үр өгөөжийн асуудлаар тавьсан асуулгын хариуг Эрчим хүчний сайдаас авна. Энэ удаад БОАЖ-ын сайдаас байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, нөхөн олговрын асуудлаар багагүй мэдээлэл авлаа. Мөн эсэргүүцэж буй Увс аймгийн Өмнөговь сумын иргэдтэй уулзан, өөрийн цахим хуудсаар дамжуулан 400 орчим иргэний санал хүсэлтийг авч ийнхүү мэдээлэл авлаа.

Монгол Улсын өмнөө барьдаг, туршлагатай хоёр компани 490 сая төгрөгөөр хоёр жилийн туршид судалгаа, үнэлгээ хийж байгаль орчинд үзүүлэх ноцтой сөрөг нөлөөлөл, үр дагавар байхгүй гэж үзсэн байна. Иймээс иргэд эргэлзэх шаардлагагүй болов уу. “Эрдэнэбүрэнгийн УЦС” бол Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнолын үндэс. Манай улс ОХУ-д өнгөрсөн 20 жил 300 тэрбум төгрөг, жилд 20 тэрбум төгрөг төлдөг. Ирэх 20 жилд 400 гаруй  тэрбум төгрөг төлөх нь. Бид 40 жилийн турш төлж байгаа мөнгөөр 100 жил тасралтгүй ажилладаг станцтай болж, хямд эрчим хүчээр хангагдана. Баруун гурван аймаг нэг квт тогийг 300-350 төгрөгөөр гаднаас авч байгаа. Гэтэл Дөргөний УЦС үүнээс 10 дахин хямд буюу 38 төгрөгөөр үйлдвэрлэдэг. Хямд үнэтэй эрчим хүчтэй болно гэдэг бол үйлдвэрлэл хөгжих, хүлэмжийн хий бууруулах, нийгэм эдийн засгийн маш олон эерэг үр дагавар үр өгөөжтэй. Дулааны цахилгаан станцын ашигт үйлийн кофицент 30 гаруй хувьтай бол УЦС 97 хувьтай байдаг ашит ажиллагаатай байдаг. Дулааны станц байнга нүүрс түлж зардал гарна, нарны станц нар гарахгүй үед ажиллахгүй, салхин станц салхигүй бол ажиллахгүй. Харин ЭЦС барихдаа зардал гарна цаашдаа зардал гарахгүй. Ингээд үзвэл одоогийн хамгийн үр ашигтай шийдвэр бол УЦС юм. Тэнд байгаа айл өрхийн нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх ёстой. 100 мянган өрхийн эрх ашгийн төлөө 100 гаруй өрхийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.13 ДАВАА № 243 (6720)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.