МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИЛГЭЭЛТ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИЛГЭЭЛТ

“Хүний эрхийн үндэсний форум-2021”-д оролцогчдод

Хүний эрхийн үндэсний форумд оролцогч Эрхэм зочид төлөөлөгчид Та бүхэндээ Хүний эрхийн Үндэсний комисс байгуулагдсаны 20 жилийн ой болон Олон улсын хүний эрхийн өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Үндсэн хуулинд хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгоо тунхаглан баталсан билээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан, хүн бүр хүний эрх, эрх чөлөөгөө арьс үндэс, хүйс, хэл, шашин шүтлэг, үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх нь хүн төрөлхтний язгуур зарчим юм.

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлд Монгол Улс тууштай ажиллаж, багагүй ахиц дэвшил гаргалаа. Гэвч хүний эрхийг хамгаалах нь цогц асуудал учраас цогц шийдлийг шаардаж байна.

Нийгэм, эдийн засгийн хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн улмаас хүний эрх зөрчигдөж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, ажилгүйдлээс хамгаалуулах, сурч боловсрох, өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх зэрэг олон эрх алдагдаж байна.

Хүн төрөлхтөн дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тулж үзээгүй Цар тахлаас улбаалан, нийгмийн тэгш бус байдал гүнзгийрч, хүний эрхийн зөрчил тулгамдсан асуудал боллоо.

Манай улсад нийгмийн харилцааг зохицуулдаг 318 хуулийн 800 орчим заалт нь хүний эрхийн зөрчилтэй, орчин үеийн хүний эрхийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна.

Тийм учраас манай улс түүний дотор хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилган, хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн цогц шинэтгэл хийж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах суурь асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод хүний эрхийг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хүний эрхийг хангахад чиглэсэн олон талт түншлэлийг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн билээ.

“Алсын хараа-2050” бодлогод үндэслэн хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгах Шинэ сэргэлтийн бодлого нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах суурь нөхцөлийг шийдвэрлэхэд ихээхэн түлхэц болно.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад онцгойлон анхаарч, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, нийгмийн оролцоог эрчимжүүлэх чиглэлд үе шаттайгаар арга хэмжээ авна.

Төрийн зүгээс иргэний нийгэм, улс төрийн намуудтай хамтарч, цаг үеийн шаардлагад нийцүүлэн хүний эрхийг хамгаалах хууль эрхзүйн орчныг шинэчлэх, боловсронгуй болгох болно.

Хүний эрхийг дээдэлсэн нийгмийн соёлыг төлөвшүүлэх, шударга ёс, эрх зүйт төрийг цогцлооход иргэн бүр идэвхтэй оролцох учиртай.

Хүний эрхийг хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шийдэл, арга замыг тодорхойлоход энэхүү форум чухал ач холбогдолтой.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

2021 оны 12-р сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.