45 хүний бүрэлдэхүүнтэй баг 6 сарын турш 174 сурах бичигт дүн шинжилгээ хийлээ. Агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг онцгойлон судалсан байна. Дараагийн шатанд тайлангийн хүрээнд сурах бичгийг журмыг шинэчлэх, сургууль бүрд дүгнэлтийг хүргэх чиглэлээр ажиллахаар болов.
Сурах бичигт дүн шинжилгээ хийх ажлын хэсгээс сурах бичгийг сайжруулахаас гадна хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарах шаардлагатай байгааг зөвлөлөө. Боловсролын салбар нь өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсын тухайд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал болохыг онцоллоо. Өөрөөр хэлбэл орчин үеийн иргэд компьютер хэрэглэгч байх биш компьютер бүтээгч байхад суралцах ёстой.
Боловсролын хүрээлэнгийн сурах бичгийн секторыг чадавхжуулах, бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарах, зөвлөх багш нарыг сурах бичиг боловсруулах ажилд татан оруулахыг зөвлөж, анги, хичээл, сэдэв хоорондын уялдааг сайжруулах шаардлагатайг сануулав.
Сурагч анги дэвших тусам сурах сонирхол нь нэмэгдэх ёстой. Гэтэл манай улсад урвуу байдалд шилжсэн. Энэ нь бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байгаатай холбож тайлбарлаж байлаа гэж БШУЯ-наас мэдээллээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.