Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Өвөрхангай аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Өвөрхангай аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын гишүүн Г.Ганболдын хамт 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллав.

Энэ өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын шинэ барилгыг ашиглалтад орууллаа. Ёслолд УИХ-ын гишүүн Г.Ганболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан болон бусад албаны хүмүүс оролцов.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нээлтийн ажиллагааны үеэр үг хэлэв. Тэрбээр, 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг, илтгэлд шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх талаарх зорилтууд багтсан гэдгийг онцлов. Тэр дундаа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй салбар газруудын бие даасан хараат бус байдал, цаашлаад алба хаагчдын ёс зүй, хариуцлагын асуудалд анхаарал хандуулах нь чухал гэдгийг тодотголоо.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 8 суманд бие даасан сум дундын прокурорын газар ажиллаж байна. Хархорин сум дахь сум дундын прокурорын газар нь зэргэлдээ орших 7 сумыг хариуцах юм.

Хархорин сумын иргэдтэй уулзаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мөн өдөр Хархорин сумын иргэдтэй хийсэн уулзалтад оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны чиглэл, ялангуяа байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх зорилгоор санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө.

Өвөрхангай аймаг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая модыг өөрийн нутаг дэвсгэрт тарьж ургуулах амлалт авсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь байгаль орчны доройтлыг бууруулах, цөлжилтийг сааруулах, шар шороон шуургатай тэмцэх зэрэг ногоон хөгжлийн зорилтуудыг хангахаас гадна өрхийн амьжиргааг дэмжих эдийн засгийн ач холбогдолтой гэдгийг цохон тэмдэглэв.

Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хархорин суманд мод үржүүлгийн газар байгуулах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг ажлууд төлөвлөгдөж буйг дуулгалаа.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол боллоо.

Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан гавьяа зүтгэлийг нь үнэлж, ахмад багш Дуламын Амарсанаад Монгол Улсын гавьяат багш цол хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 81 дүгээр зарлиг гарсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулан өглөө.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.