Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Засгийн газрын тогтоолоор байгуулсан тус хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, нарийн бичгийн даргаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ ажилладаг юм.
Өнөөдөр болсон хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Би Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авлигатай тэмцэх. Монгол Улс авлигын индексээр 111-т жагсаж байна. Энэ маш муу үзүүлэлт. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд авлига, албан тушаалтай холбоотой 1196 гомдол, мэдээлэл ирснээс 741 нь шалгагдаж, 142 холбогдогчтой 85 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Үндэсний хороо байгуулагдсанаас хойш ийм олон хэрэг гарсан нь харамсалтай. Эндээс 90.3 тэрбум төгрөгийн хохирол улсад төлүүлсэн байна. Авлигатай холбоотой асуудалд цэг тавихгүй бол гаднынхан манайд хөрөнгө оруулахгүй, бизнесийн орчин бүрдэхгүй нь” хэмээн онцоллоо.
Өнөөдрийн байдлаар 56 байгууллагын 562 үйлчилгээг иргэд www.e-mongolia.mn цахим хуудаснаас авч байна. Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнгөрсөн долоодугаар сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 4-ний хугацаанд 1860 дуудлага ирсний 20 нь авлигын гэмт хэргийн шинжтэй байсныг АТГ-т шилжүүлжээ. Мөн хүнд сурталтай холбоотой 1052 гомдол ирсэн байна.
АТГ-т 2021 оны эхний арван сард 1913 өргөдөл гомдол, мэдээлэл ирсэн. Үүнээс 1089 буюу 57 хувь нь газрын харилцаатай холбоотой байжээ.
Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх Үндэсний хорооны хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сургуулийн хуваарь солих, эмнэлэгт хүн хэвтүүлэх, цэцэрлэгт өөр хаяг дээр бүртгүүлэх, тусгай зөвшөөрлүүдийн цаана авлигын хүнд суртал үүсдэг. Үүнийг манайхан авлига гэж үздэггүй. Эдгээр төрийн үйлчилгээг цахимжуулж байж шийднэ” гээд дараах үүрэг, чиглэлийг өглөө.
-Иргэд төрд гарч байгаа авлигатай холбоотой мэдээллээр хаана хандахаа мэдэхгүй байгаа нь судалгаагаар харагдсан. Иймд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 дугаарын эргэх холбоог шинэ түвшинд гаргах.
-Улс төрийн намын санхүүжилттэй холбоотойгоор намуудын удирдлагуудтай үндэсний хорооныхон уулзаж, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг сонсох.
-Төрийн албаны ёс зүйн дүрэм боловсруулах. Ураг төрлийн томилгоо, тэтгэлэгт хөтөлбөрт давуу эрх олгодог зэрэг асуудлаас гадна хөрөнгө орлогын мэдүүлэгтээ машингүй гэж мэдүүлсэн хэр нь хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр автомашинтай байдаг. Энэ мэт асуудалд цэг хатгах үүднээс ёс зүйн дүрэм боловсруулах.
-Газар, уул уурхайн лицензтэй холбоотой зөвшөөрлийг ондоо багтааж цэгцлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.