С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан байна. Тэрбээр энэ талаар “Өнөөдөр намайг олон жилийн дараа дахин С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт яллагдагдагчаар Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж, дахин холбогдуулах үйл ажиллагаа эрч хүчээ аваад байна.
Намайг хууль зөрчиж, хорихыг хүртэл шаардаж байгаа талаар мэдээлэл аваад байгаа. Тиймээс тун удахгүй хорих хүртэл нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа учир та бүхэнд энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэн юм. Намайг ямар ч гэмгүй байхад 2000 онд хуулийн наад захын шаардлагуудыг зөрчин ганц худагт аваачиж, хорьж байсан. Би тухайн үед юу ч мэдээгүй учир олон түмэнд мэдээлэл өгч чадалгүй баригдаад явж байсан. Гэтэл одоо дахиад ийм нөхцөл байдал үүсч болзошгүй болоод байна” гэдгийг мэдээллийн эхэнд дуулгаж байлаа.
Олон жил өнгөрч байгаа учир тухайн үед юу болсон түүхийг ярих нь зүйн хэрэг байх. Тэгвэл өнөөдөр юу болж байгааг ойлгоход амар байна байх гэж бодож байна. 1998 оны намар С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн. Хэрэг гардаг орой гэртээ сууж байхад нийслэлийн цагдаагийн дарга Н.Ганболд намайг хамгаалалтад авч байна гэж хэлээд, хэрэг болсон газарт дагуулан очиж байсан. Очиход олон хүн бужигнаж байсан. Хамгийн сонирхолтой нь хэргийн газрыг огтоос хамгаалалтад аваагүй. Бөөн хүн бужигнасан газарт намайг авч очсон. Тухайн үед би бусадтай адил цочирдсон. Тэгээд Ц.Элбэгдоржийг ирэхэд нь хамт тэндээс гараад явсан. Харин гарахдаа малгайгаа мартаад гарсан байсан.
Гэтэл уг хэрэг явдлын дараа надаас гэрчийн хувьд мэдүүлэг авсан. Тэгээд “малгайгаа мартсан байсан нь тогтоодсон” хэмээн Мөрдөн байцаагч н.Цогтбаяр малгайг минь өгсөн. Үүнээс хойш надаас дахин мэдүүлэг, байцаалт аваагүй. Харин 2000 оны УИХ-ын сонгуулийн өмнө дөрөвдүгээр сарын үед Мөрдөн байцаагч н.Цогтбаяр дахин дуудаад “нөгөө малгай чинь байна уу” гэсэн. Би ч гэр бүлийнхээ хүнээс асуухад байсан. Тэгээд аваад ир гэсэн болохоор нь аваачиж өгсөн.
Гэтэл малгайг минь аваад л “энэ малгай хэргийн газраас олдсон учир сэжигтнээр татаж байна” гэсэн. Нөгөө “малгайгаа мартчихсан байсан нь тогтоогдлоо” гээд надаа өгчихсөн байсан малгайг хоёр жил гаруй хугацааны дараа буцааж аваад, сэжигтнээр татаж байна гэж байсан. Улмаар энэ үед энэхүү хэрэгтэй холбоотойгоор улс төрийн компанит ажил явуулсан. Бүр маш хүчтэй компанит ажил явуулсан. Сонин хэвлэлээр намайг яаж гүжирдэж, гүтгэж, доромжилж байсныг бүгд мэдэж байгаа байх.
Тухайн үед миний сонгуулийн тойрогт олон мянган хувь хэвлээд ном тараасан. Энэхүү номыг н.Дожоодорж гэдэг хүн бичсэн. Тэр бол Өнөрмаагийн хэрэг, Алтан цөгцний хэргүүдээр шуугиулж байсан хүн. н.Дожоодорж “С.Зоригийг Засгийн газрын ордны цонхоор шээсэн” гэдэг шугианыг дэгдээж байсан. Гэтэл энэ хүн сонгуулийн өмнө “Ардчилсан хувьсгалын удирдагчийг хэн хөнөөсөн бэ” гэдэг ном гаргасан. Энэ номондоо намайг маш ихээр гүжирдэж, гүтгэсэн.
Номыг нь би олж аваад байгаа. Энэ номонд “С.Баяр танаа... танд болон танай гэр бүлд аз жаргалын дээдийг ерөөж, өчүүхэн номоо барив... н.Дожоодорж 2000.07.26” гээд яг сонгууль болохын өмнө бичсэн байдаг. Тухайн үед энэ номыг маш олноор нь миний тойрогт тарааж байхтай таарч, авч байлаа. Ер нь энэ хэрэг гарсаны дараа “улстөрүүлж болохгүй шүү” гэдгийг хамгийн анх би уриалж байсан.
Учир нь хэргийн ул мөр бүдгэрнэ, жинхэнэ хэрэг хийсэн хүн улстөржүүлэхээр олдохгүй байх аюултай. С.Зоригийг бүрэлгэсний маргааш өглөө нь намайг намынхаа байранд очиход, олон мянган хүн төв шуудангийн өмнө цугларчихсан “МАН-ын цагаан байр руу дайръя. МАН-ынхан С.Зоригийг минь алчихлаа” гэж байсан. Тухайн үед би цугларсан олон мянган хүний өмнө гараад, “Ингэж болохгүй. Энэ хэргийг улстөржүүлж л болохгүй шүү. Үндэслэлгүйгээр бие биенийгээ гүжирдэж болохгүй. Та бүхэн тайван байцгаа” гэж хэлсэн.
Тэр үед хүмүүс миний үгийг л чагнаж байсан. Хэрвээ би цагаан байр руу хуруугаа заасан л бол аюул болох байсан. Бүр “Наад хүмүүсээ МАН-ын цагаан байр руу дайруулаач” гэж зарим хүмүүс намайг турхирч байсан. Харин би хүмүүст “би Монголын ард түмнийг хэзээ ч ийм муухай үймээн, самуун, хүчирхийлэл рүү үндэслэлгүйгээр түлхэхгүй” гэдгийг хэлсэн. Тиймээс ч цугларсан хүмүүс миний үгийг сонсоод, эмгэнэл илэрхийлчихээд, тарж байлаа.
Энэ үеэр Үндэсний олон нийтийн телевизээр МАН-ынхан С.Зоригийг алсан гэдэг яриа хөөрөө, бичлэг, ард иргэдийн санал бодлыг сонссон нэвтрүүлэг явсан. Би телевиз дээр нь очоод “Ингэж бие биенийгээ гүжирдэж болохгүй. Энэ хэргийг ингэж улстөржүүлж болохгүй. Хэргийн жинхэнэ эзэн олдохгүй болчихно” гэдгийг хэлж байсан. Үндэслэлгүйгээр гүжирдэж болохгүй гэж хэлсний минь төлөө н.Дожоодорж номондоо “Э.Бат-үүл МАН-ынхан С.Зоригийг хөнөөгөөгүй гэж мэдэж байгаа юм бол хэн хөнөөснийг нь мэдэж байгаа” гэж бичсэн.
Гэтэл тун удалгүй МАН-ынхан энэ хэргийг хийсэн гэдгээ болиод Ерөнхийлөгч Н.Багабанди хөнөөсөн гэсэн утга бүхий нэвтрүүлэг телевизээр цацагдаж эхэлсэн. Энэ үед би дахиад л телевиз дээр очиж “Үндэслэлгүй гүжирдэж болохгүй” гэдгийг хэлж байсан. Энэ мэт миний зүтгэлийн дүнд бид талбай дээрээ том цуглаан хийж, талийгаачийгаа сүүлчийн замд нь үдсэн.
Хэрвээ би ийм арга хэмжээ аваагүй бол тэр үед улс орон хүчирхийлэл рүү хальтрах байсан гэж би боддог юм. Битгий улстөржүүлээч гээд байхад л МАН-ынхан 2000 оны сонгуулиар миний эсрэг “Э.Бат-Үүл С.Зоригийг алсан” гээд хамгийн том улс төр болгосон. Харин сонгуулийн үр дүнд МАН яг өнөөдрийнх шиг маш том ялалт байгуулсан. Миний хэлдгээр “Цунами” шиг том ялалт болсон. Тухайн үед сонгуулийн дараа наймдугаар сард нь ямар ч хийгээгүй хэргийн төлөө намайг аваачиж хорьсон. Би хүнд гар хүрээгүй байхад, хүн зодсон гээд аваачаад ганц худагт хорьчихсон. Гэтэл түүнийг прокуророос хүчингүй болгосон. Мэдээж шүү дээ, ямар ч хийгээгүй хэргийн төлөө хүнийг шууд хорьчихсон юм чинь.
Ингэхдээ н.Амарболдын даалгавараар намайг хорьсон мөрдөн байцаагч н.Цогтбаяр тухайн үед хошууч цолтой байсан. Намайг хорьсоныхоо дараа цол нэмж Дэд хурандаа болсон. Яагаад н.Амарболдын даалгавараар хорьсон гэхээр тухайн үед н.Амарболдыг цагдаагаас чөлөөлөх шаардлагыг их тавьдаг байсан. Учир нь н.Амарболдын үед рецидив гэмт хэрэгтнүүд хүчээ авчихсан, нийгэм айдаст автчихсан байлаа. Айдаггүй үгээ хэлдэг хүн нь би л байсан. Ийнхүү МАН манай намыг сонгочихвол бид С.Зоригийг хэргийг илрүүлнэ гэж байгаад сонгуульд ялсан.
Үүний дараа намайг гүтгэж, гүжирдэж хориод, түүнийг нь удаа дараа прокуророос хүчингүй болгосон. Үүнээс хойш энэ хэргийн талаар дахиж асуугаагүй, яриагүй. Харин би энэ бүхний дараа С.Оюунд хэлж байсан “Гаднаас өндөр зэрэглэлийн мөрдөгч авч ирэх хэрэгтэй. Олон улсын байгууллагын дэмжлэг авъя” гэдгийг хэлж байсан. Хэрэг гарсан даруйд ч Ц.Элбэгдоржид, Д.Дорлигжавд ч үүнийг хэлж байсан. Ер нь гэмт хэргийн газрыг хамгаалалтад авахгүй, олон хүн бужигнуулчихсан байж байгаа хүмүүст яаж итгэх юм. Гэтэл цагдаагийн байгууллага зөвшөөрөхгүй байна гээд явж өгөөгүй.
Сая болсон сонгуулийн өмнө сонин болон сайтууд дээр намайг дахин гүжирдээд эхэлсэн. Тухайлбал, “Ц.Элбэгдорж ямар хүнд Улсын баатар өгчихөв өө гэж дороо дэвхцэн, хашгирчээ” гэдэг зүйлийг гаргаад ирсэн. Мөн “17 жил бугшсан С.Зоригийн аллага илэрлээ” гээд энэ удаад намайг алсан биш. Алах үед нь хажууд нь хараад байж байсан гэсэн зүйлийг бичих болсон. Үүнийг би порокурорт шалгуулахаар өгчихсөн байгаа. Гэтэл шалгаж өгөхгүй байна. Гайхалтай. Хүнийг онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан “хүн алж байхад, хажууд нь хараад сууж байсан” гэж гүжирдээд байхад шалгаж өгөхгүй байна.
Одоо сонгуулийн дараа буюу 16 жилийн дараа бараг ойн дээрээ дахин асуудал сөхөгдөж байна. Саяхан З.Энхболд дарга бид хоёр “МАН-ынхан АН-ыг эдийн засгийг хямруулсан гэж гүжирдэж байна. Ингэж гүжирдэх гэж байгаад Монгол Улсыг хүнд байдалд орууллаа” гэж хэвлэлийн бага хурал хийсэн. Хурлаас гараад эхнэртэйгээ хоёулаа амраад, амралтын газарт байж байтал эхнэрийн утас руу утасдсан. Улмаар Тагнуулын газраас надад мэдэгдэх хуудас авч ирж өгсөн. С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор таныг дуудаж байна гэсэн.
Тэгээд яваад очтол дахиад сэжигтнээр татах тогтоол гаргачихсан байсан. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй жишиг тогтоож байгаа хэрэг. Нэг хэрэгт нэг асуудлаар хоёр удаа сэжигтнээр тогтоол гаргадаг зүйл Монгол Улсын хуульд байхгүй. Би одоо хоёр тогтоолтой болсон. Яагаад хоёр тогтоол байгаа юм бэ. Ядаж өмнөх нь хууль зөрчсөн юм бол нэгийг нь болиулаад, шинээр тогтоол үүсгэх учиртай гэдгийг хэлсэн. Гэхдээ нийтийн мэдэх буюу 16 жилийн өмнөх тогтоолыг “маш нууц” гэчихсэн байгаа юм. Харин шинэ тогтоол нь “нууц” гэсэн зэрэглэлтэй байна. Зүгээр нэг мөрдөн байцаагч дураараа нууцын зэрэглэл тогтоочихсон байгаа юм.
Өөрөөр хэлбэл, “маш нууц” болгож байгаа нь бүх үйл явцыг хаалттай хийнэ гэсэн үг. Гэтэл нууцын тухай хууль гэж байдаг. Хуулиар хэн дуртай мөрдөн байцаагч нь нууцын зэрэглэл тогтоодоггүй. Тиймээс би сэжигтний тогтоолыг нь зөвшөөрөөгүй. Гэтэл хууль зөрчиж хийсэн тогтоолынхоо дагуу намайг С.Зоригийн хэргийн яллагдагчаар татсан. Би яллагдагчаар мэдүүлэг өгөхгүй гэсэн. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар би мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Намайг хууль бусаар байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол хуулийн дагуу би мэдүүлэг өгөхгүй байж болно гэсэн үг.
Би энэ хэргийг анхнаасаа илрүүлэхийн төлөө явсан. Он жил өнгөрөх тусам би илрүүлэхийг бүр ч ихээр хүсэх болсон. Яагаад гэвэл би хамгийн их хэлмэгдэж хохирч байгаа хүн. Э.Бат-Үүл олон түмэнд хулгиан, ер нь юу ч хийж мэдэх хүн гэдэг имижтэй учир түүнийг энэ хэрэгт холбох нь илүү амар гэж тооцоолдог байх.
Тиймээс би нэр төрөө цэвэрлэж авахыг үнэхээр их хүсдэг. Би С.Зоригийн хэргийн учир нь олдоосой гэж өдөр бүхэн залбирдаг. Өөрийн зүгээс бололцоотой бүх дэмжлэгийг үзүүлсээр ирсэн. Одоо ч үзүүлэхэд бэлэн. Намайг шалгах ёстой бол шалгуулах болно. Гэхдээ хуулийн дагуу шалгуулна. Учир нь хууль зөрчиж байна гэдэг чинь өөр зорилготой л гэсэн үг. Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиараа л яв.
Хэрвээ хуулийн дагуу бол намайг сэжигтнээр, яллагдагчаар татаж болно. Бүр хорьж ч болно. Хүнийг хуулийн дагуу хэлмэгдүүлэхийн зовлонг бид 1930-аад онд үзсэн. Хууль зөрчиж байна гэдэг чинь хэлмэгдүүлэх гэж байгаа гэсэн үг. Улс төрийн зорилготой буюу дандаа сонгуультай уялдуулдаг. Би бодож байна. Магадгүй энэ удаагийнх Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байх. Өнгөрсөн баасан гарагт энэ хэрэг болсноос хойш анх удаа надаас хурууны хээ, үс, цусны шинжилгээ авсан. Өмнө нь хэзээ ч ингэж авч байгаагүй.
Харьцуулсан шинжилгээ юм гэсэн. Хууль бусаар яллагдагчаар татсан гэх тогтоолынхоо дараа ийнхүү шинжилгээ авч байгаа нь хачин. Яллагдагчаар татна гэдэг чинь хэргийг нотлох хангалттай үндэслэлтэй үед л яллагдагчаар татдаг. Гэтэл яллагдагчаар татчихсан хойноо батлах, нотлох зүйл хайгаад явж байна. Энэ чинь юу болж байгаа юм бэ. Намайг одоо байцааж байгаа мөрдөн байцаагчид дээрээс нь “наад хүнээ хорь” гэдэг дарамт үзүүлж байна. Тиймээс ч би энэ бүх мэдээллийг олон нийтэд хүргэх нь зүйтэй гэж бодсон юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.