Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ой, газар ашиглалт” сэдэвт арга хэмжээнд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ой, газар ашиглалт” сэдэвт арга хэмжээнд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Британийн Ерөнхий сайд Б.Жонсоны урилгаар Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын “Ой, газар ашиглалт” сэдэвт арга хэмжээнд оролцов. Арга хэмжээнд 20 гаруй улсын төрийн тэргүүн оролцож, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээ, ахиулан тодорхойлсон амлалт, түншлэл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Түүнчлэн ойн хомсдлыг бууруулах, ойн сэргээлтийг эрчимжүүлэх нь экосистемийг нөхөн сэргээх хүртээмжтэй аргуудын нэг гэдгийг энэхүү арга хэмжээгээр харуулахыг зорилоо. ­

Арга хэмжээний үеэр Их Британи Улс ой мод, газар ашиглалтын тухай “Глазгоугийн удирдагчдын тунхаглал” санаачилсныг Ерөнхий сайд Борис Жонсон танилцууллаа. Ойн хомсдол, газрын доройтлыг бууруулах хамтын чармайлтад уриалсан эл тунхаглалд нэгдсэн 105 улсын төр, засгийн тэргүүн эв санаа нэгтэй байгаагаа видео мессежээр танилцуулсан бөгөөд Монгол Улс тунхаглалд нэгдэн орсон орны хувьд энэхүү арга хэмжээнд оролцов.

Нэг мод тарихад түүнийг дагаж ургах бут, өвс ургамал нийлээд хүлэмжийн хийг шингээж, хөрсний чийгийг хамгаалан, газрын  доройтол,  цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмэр болно. Харин зуу, мянгаар тоологдох мод тарихад энэ нь тухайн  газар нутгийг, сая, тэрбумаар нь таривал бүхэл бүтэн бүс нутгийг эрүүлжүүлэх ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийн мессеждээ онцлон тэмдэглэв.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын эхний өдрийн байдлаар ойн хомсдлыг бууруулах, ойг нөхөн сэргээх чиглэлд 100 гаруй улс 19 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр амлалт аваад байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.