Бүсгүйчүүдийн удирдсан хоёр чухал газраас сурвалжиллаа-1

Бүсгүйчүүдийн удирдсан хоёр чухал газраас сурвалжиллаа-1

Зээлийн батлан даалтын сан, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийнхөн хамтран сэтгүүлчдэд сургалт хийлээ. Чингэлтэй дүүргийн 7 буудалд өнгөрсөн есдүгээр сарын 9-ны өдөр нээгдсэн шинэхэн төвдөө биднийг урилаа. Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн зориулалтыг сонсоод маш чухал газар байгуулагдсаныг мэдсэн юм. Энд жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй хүмүүст сургалт хийх, бизнесийг дэмжих, үнэгүй зөвлөгөө өгөх, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, захиалга авах борлуулахад нь туслах зэргээр эргэх холбоог хангах гээд олон ажил хийдэг ёстой л буянтай газар аж. Ингээд зогсохгүй Зээлийн батлан даалтын сангийнхантай уулзуулж, маш бага хүүтэй, урт хугацаатай зээлийг хэрхэн авах талаар ч зөвлөдөг юм байна. Өмнө нь Жижиг дунд үйлдвэрийн сан гэж байсан бол  2019 оноос хуульд өөрчлөлт орсноор энэ дэмжих төв байгуулагджээ. Зарим улсад энэ чиглэлийн яам байдаг. Манайд ийм газар байгуулагдсан нь том ажлын эхлэл гэж хэлэхэд болох аж.

Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн нар сэтгүүлчдэд байгууллагын үйл ажиллагааг маш товч тодорхой танилцууллаа. Нийслэлд жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 70 хувь нь эмэгтэйчүүд байдаг бол энэ байгууллагуудыг мөн л эмэгтэйчүүд удирдаж байна. Тийм болоод ч тэр үү энэ төвийн байр үүднээсээ цэвэр цэмцгэр, зохион байгуулалт сайтай нь харагдсан. Өглөөний цай гэхэд боорцог, хайлмаг. Жижиг үйлдвэр эрхлэгчийн хийсэн өглөөний цай. Тун сонирхолтой, амттай бөгөөд нүнжигтэй байсан. Сургалтын дараа үзэсгэлэн үзэв. Өмнө нь эсгий таавчигнаас өөр юм хийж чаддаггүй хэмээн шүүмжлүүлдэг байсан бол одоо нэр төрөл олшрохын хэрээр чанартай болсон нь харагдаж байлаа.

Ш.Алтанчимэг захирал жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид арга замаа зөв олж чадвал маш бага хүүтэй, урт хугацаатай зээл өгөх, зээлийг нь батлан даахад  бэлэн гэдгээ хэлж байв. Эднийх Голомт банктай хамтран ажиллах эхэлсэн, удахгүй Богд банк, Худалдаа хөгжлийн банктай хамтран ажиллахаар бэлтгэж байгаагаа дуулгалаа. Зээл авах гэхээс илүү эхлээд мэдлэгтэй болгох, тоног төхөөрөмж, сургалтаар дэмжихийг зорьж байгаа хэмээн ярьж байна. Жишээлбэл, бид нэг банкинд нийлүүлэх салфетка, 00-ын цаасыг нэг жижиг үйлдвэр эрхлэгчээр хийлгэж зуучлах ажлыг хийж болох тухай ч хөндөж байна. Цар тахлын энэ үед бизнест сөрөг тал байгаа ч эерэг зүйл байна. Тухайлбал, эднийхэн цахимаар үзэсгэлэн гаргаж болохыг сурсан гэнэ. Цаашилбал, жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг юу хөдөлгөдөг, хаанаас цохилт авч байна гэдгээ мэдэж авсан нь нэг сайн тал хэмээсэн юм.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.