Ардчилсан нам "Хууль зүйн яам"-ны гадаа хэвлэлийн бага хурал хийж байна.
Хууль тэгш үйлчлэхийг шаардсаныхаа төлөө 461-дүгээр хорих ангид хоригдож буй залуусыг суллахыг шаардаж байна.
АН-ын нарийн бичгийн дарга А.Цэрэнбат:
"Арав гаруй хүнийг яллагдагчаар татаад, хоёрыг нь хориод, 20 залууг гэрчээр дуудан байцааж байна. Мөрдөн байцаалтын нууцыг ярих юм бол дахиж баривчилна гэж дарамталж, хүний эрхэд халдаж байна.
Цар тахлаас үүдэн 1,000 гаруй хүн амь насаа алдлаа. Энэ асуудлаар үгээ хэлсэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг баривчилсан.
Э.Одбаяр 23 дахь өдрөө өлсгөлөн зарлаж байна. Амь нас нь эрсдэлд орсон. Биеийн байдал нь маш хүнд байна гэх мэдээлэл бидэнд ирж байна. 10 гаруй кг турсан.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд манай оронд хүний эрхийн асуудал ноцтой зөрчигдөж байна. Хүн төрөхдөө л эрхтэйгээ төрдөг. Эрхийнхээ төлөө дуугарсан, тэмцсэн залуусыг яллагдагчаар татсан байна.
Хүний эрхийг хамгаалж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө залуучууд ялтан болчихлоо. Биднийг баривчилж болно. Болохгүй байгаа зүйлийн төлөө дуугарах олон залуучууд бий.
МАН олонх болсон. Залуу Ерөнхий сайд Монголын төрд балчирдаад байна. Дунд шатны дарга нар нь Ерөнхий сайдаа солих талаар шаардлага гаргаач гэж хүсмээр байна. Улс орны эдийн засгийг унагаж, хүн бүрийг хохироож байна.
Цагдаагийн алба хаагч нар хууль ёсны бус шаардлага тавьсан дарга нарт шаардлагыг нь хүлээж авахгүй гэдгээ хэлж байх ёстой. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай уулзаж, хүний эрхийн зөрчлүүдийг шийдээч гэж хүсэж байна.
АН-ЫН ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ГИШҮҮН Д.МӨНХ-ЭРДЭНЭ:
-Би энэ сарын 25-нд Авлигатай тэмцэх газар болон Үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн албан тушаалтныг шалгуулахаар өргөдөл өгсөн. Мэдлэг боловсролгүй, албан тушаалын хэнээтэй хүмүүсийг төрд залж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Үндэслэлгүй хөрөнгөжиж, албан тушаалаа урвуулан ашиглаж буй дарга нар Монгол Улсыг хохироож байна. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн залуусын амыг барьж байгааг иргэд зогсоох цаг болсон. Энэ асуудлаар Хууль зүйн сайд Х.Нямбаатарт шаардлага хүргүүлж байна.
Монгол Ардын нам засаглаж байгаа цагт ардчилал үгүй болсоор байна. Хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ардчилсан улсын гол зарчмыг алдагдуулж хүний эрхийг зөрчиж байна.