Д.Тогтохсүрэн: Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг албан ёсоор намын бүлэгт бүртгэснээр 62 гишүүнтэй боллоо

Д.Тогтохсүрэн: Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг албан ёсоор намын бүлэгт бүртгэснээр 62 гишүүнтэй боллоо

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.10.25/ хуралдаж, гурван асуудал хэлэлцлээ. МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулж байна.

Тэрбээр, "МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Бүлэгт албан ёсоор хоёр гишүүн нэмэгдсэн. Өмнө нь 60 гишүүнтэй байсан бол нөхөн сонгуулийн дараа гишүүн Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг албан ёсоор намын бүлэгт бүртгэснээр 62 гишүүнтэй боллоо. 

Хоёр, гурав дахь асуудлыг хаалттай хэлэлцсэн. Хэлэлцсэн асуудал нь ОХУ, БНХАУ-ын харилцах харилцааны асуудалтай холбоотой. Ялангуяа олон жил ужиграсан зарим асуудлын талаар ярьсан.

Гурав дахь асуудал болох төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцсэн. Мөн Засгийн газар өргөн барихдаа нууцын зэрэглэлтэй өргөн барьсан учраас хаалттай хэлэлцлээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ болон манай улсын хооронд гарч байгаа тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх асуудлууд, БНХАУ-ын харилцааны асуудлуудыг ярилцсан. Зарим нь нууцын зэрэглэлд ордог. 

Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод хоёр асуудал багтаж байна. Нэгдүгээрт, төмөр замын асуудал. Хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын асуудал яригдаж байна. Өмнө нь 416 км Зүүнбаянгийн төмөр зам явсан. 267 км Гашуунсухайтын төмөр зам баригдаж байна. Үүнээс гадна цаашдаа төмөр замыг барихдаа дандаа ашиглалтын концессын гэрээгээр барих хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил замаа бариад өөрөө ашиглана. Тэрнийхээ төлбөрөөс санхүүжээд буцаагаад хөрөнгө оруулалтын үр ашгийг олж авах ёстой. Баруун чиглэлд байгаа Арцсуурийн боомтоос Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замыг бариулах нь зөв юм байна гэж үзэж байна. Зүүн чиглэлд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам, Улаанбаатарын эргэн тойронд Богдхан төмөр замыг ашиглалтын концессын гэрээгээр бариулах нь зүйтэй юм байна гэж ярилцсан." гэлээ.

Сэтгүүлчдийн зүгээс УБТЗ ХНН-ий даргад Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнгийн нэр яригдаж байгаа талаар асуухад  "Хүний нэрийг бид огт яриагүй. Оросын талаас орос хүнийг захирлаар тавих шаардлага тавиад байна гэсэн. Харин бид монгол хүн байна гэсэн саналтай байгаа учраас ярилц гэсэн чиглэл өгсөн. Хэнийг томилох асуудал нь ОХУ-тай байгуулсан дүрэм, журмын хүрээнд Монгол Улсын хуулиараа Засгийн газар шийдвэрлэдэг. Монгол хүн байх тал дээр ярь, ажилла гэсэн чиглэл өгсөн" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.