Ардчилсан нам нөхөн сонгуулийг хүчингүй болохыг мэдэгдэж СЕХ-д шаардлага хүргүүллээ

Ардчилсан нам нөхөн сонгуулийг хүчингүй болохыг мэдэгдэж СЕХ-д шаардлага хүргүүллээ

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ирц хуульд заасан доод хэмжээ буюу нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 50 хувьд хүрсэнгүй. Хоёр удаа явуулсан санал хураалтын үр дүнд Хэнтийд сонгогчдын 46 хувь, Сонгинохайрханд 48 хувь нь саналаа өгч, олонхи буюу 52 хувиас илүү нь сонгууль өгөхөөс татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, төрийн эрхийг олонхиороо сонгож байгуулах ардчиллын зарчим алдагдсан гэсэн үг. Олонхи нь хүсээгүй үр дүн, цөөнхийн дарангуйллыг бий болгож байна гэсэн үг. Хэдийгээр зарим оронд сонгууль явуулахдаа ирцийн босго тавьдаггүй практик байдаг ч манай улсын хувьд нэгэнт хуулиар тогтоочихсон зүйл.

Гэтэл СЕХ илт хууль зөрчин ирцгүй сонгуулийн үр дүнг УИХ-д өргөн барьж, Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг “УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоол гаргалаа. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78.4, 78.5-ыг үндэслэсэн нь бүхэлдээ хуулийн зөрчил үүсгэв.

Учир нь хуулийн 78.4 “Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно” гэсэн нь хуулийн 78.2-т заасан “сонгогчийн эрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 50 хувь нь санал өгсөн байх” буюу сонгогчийн ирцийг бүрдүүлэх, сонгууль хүчин төгөлдөр болох тухай заалт юм. Гэвч энэ удаагийн нөхөн сонгуулийн хоёр удаагийн санал хураалтаар сонгогчийн ирц 50 хувьдаа хүрсэнгүй.

Хоёрдугаарт хуулийн 78.5 “Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох” тухай заалт нь сонгогчийн ирц бүрдэж, сонгууль хүчин төгөлдөр болсон тохиолдолд хэн нь ялагч болох тухай заалт. Тэр тусмаа нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн тохиолдолд нэмэлт санал хураалт явуулах /78.1/, нэмэлт санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялагч болох /78.5/ тухай шал өөр хуулийн зохицуулалт. Сонгууль нь хүчин төгөлдөр болоогүй, сонгогчийн ирц бүрдээгүй байхад ялагчийн тухай яриа байж болохгүй?

Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатарт хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй сонгуулийн үр дүнг парламентаар хэлэлцэж, гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулахгүй байхыг хүсье. Хэдийгээр сонгууль зохион байгуулсан байгууллага нь хуулиа зөрчсөн байж болох ч түүний шийдвэрийг хэлэлцэх үүрэгтэй УИХ, парламент нь өөрөө баталсан хуулиа зөрчиж болохгүй.

Хэрвээ СЕХ-ны энэ удаагийн шийдвэрийг УИХ баталгаажуулчихвал дараа дараачийн сонгуулиудаар жишиг болж тогтоод сонгогчийн эрх хог дээр хаягдаж, төрийн эрх барих байгууллагаа олонхиороо сонгож байгуулдаг Үндсэн хуулийн зарчим устаж үгүй болно. Сонгуулийн хуульд ирцийн босго тавьж өгсний цаад зорилго нь сонгогчийн "сонгохгүй байх эрхийг" ч бас баталгаажуулах явдал. Ирц 50 хувьдаа хүрэхгүй бол "энэ нэр дэвшигчдийг олонхи нь дэмжихгүй байгаа юм байна" гэж үзээд сонгуулийг хүчингүй болгодог.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.