БНХАУ-аас худалдан авч буй 43440 тн шатахууныг саадгүй, шуурхай татан авна

БНХАУ-аас худалдан авч буй 43440 тн шатахууныг саадгүй, шуурхай татан авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

БНХАУ-аас худалдан авч буй 43440 тн шатахууныг саадгүй, шуурхай татан авна

Шатахууны хангамж, нийлүүлэлтэд үүсээд буй нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд танилцуулж, танилцуулгатай холбоотойгоор Засгийн газар үүрэг даалгавар өглөө.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2021 оны гуравдугаар сарын хуралдааны протокол, ОХУ-ын “Роснефть” НХН болон Монголын шатахуун импортлогч компаниудын хооронд байгуулсан 2023 он хүртэл шатахуун нийлүүлэх урт хугацааны гэрээгээр тохиролцсоны дагуу Оросын талтай хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн ахлагч, Шадар сайд С.Амарсайханд даалгалаа.

Шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах хүрээнд эхний ээлжинд БНХАУ-аас худалдан авч буй 43440 тн шатахуун ачсан 723 вагонцистерны төмөр замын тээвэрлэлт болон цаашид хийх тээвэрлэлтийг саадгүй, шуурхай явуулах, татан авах ажлыг тухай бүр нь шийдвэрлэж ажиллахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт даалгав.

Замын-Үүдийн боомтоор БНХАУ-аас импортлох шатахууны тоо, хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрээн боомтод ирсэн шатахуун ачсан вагонцистерныг яаралтай татан авах, шилжүүлэн ачих, Хятадын талын вагонцистерныг буцаах, гаалийн бүрдүүлэлт хийх, төмөр замаар тээвэрлэх, импортоор орж ирсэн шатахууны тодорхой хувийг автозамаар тээвэрлэх зэрэг ажлыг яаралтай, шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Шатахууны хангамж, нийлүүлэлтэд үүсээд буй нөхцөл байдалд хүргэсэн, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд анхаарууллаа.

Нүүрсний экспортын боомтуудад халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авна

Нүүрсний экспортын боомтууд дахь халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэв.  

Гашуунсухайт боомт, Цагаан хадны суурьшлын бүсийн халдвар хамгааллыг сайжруулах зорилгоор ПГУ молекул, биологийн лаборатори байгуулж, лаборатори, тандалт судалгаа хийх эмч, эмнэлгийн ажилтан, эргүүл хамгаалалтад шаардлагатай цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг батлагдсан төсвийн хүрээнд шилжүүлэн ажиллуулна.

Мөн Нарийнсухайтын бүлэг ордын үйл ажиллагааг дэмжиж, нүүрсний экспортыг хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор ПГУ-ын шинжилгээ хийх молекул биологийн лаборатори, аппарат, тоног төхөөрөмжийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Нүүрсний экспортын боомтуудад халдвар хамгаалал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглагдах, туулах чадвар сайтай хоёр автомашиныг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт худалдан авч өгнө.     

Өмнөговь аймгийн “Говь Гурвансайхан” нисэх буудлыг олон улсын нөөц нисэх буудал болгон, өргөтгөн шинэлчлэх зураг, төсөв боловсруулна.

Гашуунсухайтын хилийн боомт, Цагаан хадны суурьшлын бүс, хил орчмын нүүрс тээврийн бүсэд нүүрсний тээврийн хэрэгсэл, жолооч нарын хэт бөөгнөрөл бий болгохгүй байх зорилгоор боомтын нэвтрүүлэх бодит нөхцөл байдалтай уялдуулан улс хооронд нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийн нийт тоонд зохицуулалт хийж хязгаарлан, халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгов.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, барилга угсралтын ажил эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулах гэрээнд Эрчим хүчний яам энэ оны есдүгээр сарын 17-нд гарын үсэг зурснаар тус төслийн барилга угсралтын ажил албан ёсоор эхэллээ.

Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын суурилагдсан хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Power construction corporation of China Ltd” болон ‘’Powerchina Chengdu Engineering corporation limited” компанийн түншлэл шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгууллаа.

Гэрээнд гарын үсэг зурж, төслийн ажил эхэлснээр барилгын ажлыг 2022 оны дөрөвдүгээр сард эхлүүлэх, 2026 онд дуусгах, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун болон Алтай, Улиастай эрчим хүчний системд нийлүүлж, тус бүс нутгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах юм.

Ховд голын байгалийн тогтцыг өөрчлөхгүйгээр далан барих ажлын хүрээнд хийгдэх долоон метрийн диаметр бүхий урттай түрэлтийн хоолойг уулан дундуур гаргах бөгөөд энэ нь манай улсад хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт учраас техникийн хяналтыг олон улсын туршлагатай экспертүүд болон олон талын оролцоотойгоор Монголын тал хариуцан зохион байгуулна.    

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарахыг даалгав

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Манай улсад 307 мянган иргэн коронавируст халдвар авч эдгэсэн. Эмнэлэгт 21,397 иргэн хэвтэн эмчлүүлж буй. Биеийн байдал нь хөнгөн 12,329, хүндэвтэр 6729, нэн хүнд 380 иргэн байна. Коронавируст халдварын улмаас 1059 иргэн нас баржээ. Нас баралтын тоог бууруулах, аль болох эндэгдэл гаргахгүй байхад анхаарч арга хэмжээ авч ажиллахыг Ерөнхий сайд даалгав. Мөн Улсын онцгой комиссын хурлын давтамжийг нэмэгдүүлж, уялдаа холбоотой ажиллах, халдвар авсан хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарахыг даалгав.

“Токио-2020” паралимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчин Э.Содномпэлжээ, дасгалжуулагч Д.Баттулга нарт мөнгөн шагнал олгоно

“Токио-2020” зуны XVI паралимпийн наадамд амжилттай оролцож алтан медаль хүртсэн тамирчин Энхбаярын Содномпэлжээ, дасгалжуулагч Дашийн Баттулга нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.

Засгийн газрын “Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу Э.Содномпэлжээд 120 сая, дасгалжуулагч Д.Баттулга нарт 60 сая төгрөг олгоно.

Мөн Чөлөөт бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин Батбаатарын Энхзул, хүрэл медаль хүртсэн тамирчин Мөнхбатын Мөнхгэрэл, дасгалжуулагч Паламын Чулуунбаатар, Түмэндэмбэрэлийн Сүхбаатар нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгоно.

Товч мэдээ

  • Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  •  
  • Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар танилцуулав. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн иргэд, олон нийтэд зориулсан “Игазар” вэб системийн тухай, түүний хөгжүүлэлтийн талаар танилцуулав.  
  •  
  • “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, төлөвлөгөөт хугацаанд хэрэгжүүлж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад, шинэ төв цэвэрлэх байгууламжийн цахилгаан хангамжийн тэжээлийн “Цэвэрлэх” дэд станцыг барих санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Эрчим хүчний сайдад, бохир усны Туул1 коллекторыг 2022-2023 онд багтаан байнгын ашиглалтад оруулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгав.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.