УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар өнөөдөр /2021.08.31/ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Адилбаев Жалгас Жумаевичийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг урилгыг нь хүлээн авч ирсэнд талархал илэрхийлээд нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Дунд голын гудамжийг Казахстаны нэрэмжит гудамж болгох тухай төслийн талаар санал солилцож, уг ажлыг эрчимжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Элчин сайд Адилбаев Жалгас уг төслийн санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Талууд Ковид-19 цар тахлын улмаас удаашралттай байгаа төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Казахстаны инженер, ажилтнуудыг ирүүлэх талаар санал солилцов. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар үйлийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ…

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан. 2019 онд Үндсэн хуульд оруулсан дээрх нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг амьдралд бодитой хэрэгжүүлэх үүднээс Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг ажлын хэсэг боловсруулж буй.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Казахстан улс баялгийн сангаа байгуулж амжилттай яваа улс орны нэг болохыг онцлоод энэ туршлагаас нь хуваалцах, судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Адилбаев Жалгас энэ хүсэлтийг дэмжиж, уулзалтуудыг зохион байгуулахад Элчин сайдын яамнаас анхаарч ажиллах болно гэв. Ирэх 10 сардаа багтаж харилцан уулзалт, айчлал зохион байгуулахаар талууд тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.