Улсын онцгой комисс хуралдаж, гадаад орон руу нислэг үйлдэхэд Ковидын шинжилгээ авах хугацаа болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын багийн үйл ажиллагааны тайлан, спортын уралдаан, тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Гадаад улс орон руу нислэг үйлдэхийн өмнө зорчигчдоос 24-48 цагийн дотор PCR шинжилгээ авч байхаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэр ирэх сарын 1-нээс хэрэгжинэ.
ХӨСҮТ-ийн Био аюулгүй байдлын III зэрэглэлийн лабораторийг ирэх сарын 5-ны дотор бүрэн ашиглалтад оруулах хугацаатай үүргийг Шадар сайд С.Амарсайхан холбогдох хүмүүст өглөө.
Мөн Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын багийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, багийн бүтэц, бүрэлдэхүүнийг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилж, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнд түшиглэн шинэчлэн байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд улсын болон бүсийн хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадна талбайд зохион байгуулагдах спортын тэмцээнийг зөвхөн тухайн орон нутгийн хүрээнд зохион байгуулах эсэх асуудлыг аймаг, нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.
Гадна талбайд зохион байгуулах спортын тэмцээнийг оролцогчийн тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, ерөнхий болон тусгай журам, зааврын дагуу зөвхөн орон нутгийн хүрээнд зохион байгуулсан тохиолдолд хариуцлагын гэрээг спортын холбоодтой байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.