Өнөөдөр буюу долоодугаар сарын 1-ний 15:00 цагаас хойш Төв талбайд иргэд үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал хийж байна. Тэд уг жагсаалаа NONAADAM уриан дор хийж буй юм.
Тэгвэл уг жагсаалтай холбоотойгоор УИХ-ын эмэгтэй гишүүд байр сууриа илэрхийллээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл “Коронвирусийн халдварын тархалт нэмэгдэж буй бөгөөд нөхцөл байдал ойрын үед сайжрах төлөв ажиглагдахгүй байна. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүд тодорхой санал, санаачилга гаргаж, Засгийн Газар, УОК-д хандаж байна.
Нэгдүгээрт, Улсын баяр наадмыг хойшлуулах саналыг гаргасан. Бидэнд наадам хийхгүй гэх бодол огт байхгүй. Гэхдээ халдварын нөхцөл байдлыг харгалзан, наадмыг хойшлуулах санал гаргаж байна. Бидний саналыг Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авч, УОК-иар шийдвэрлүүлнэ гэсэн.
Хоёрдугаарт, УИХ дахь эмэгтэй гишүүд Ковид19-тэй тэмцэж буй ард иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сан байгуулсан” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "УИХ дахь эмэгтэй гишүүд Ковид19-ийн улмаас амиа алдсан хүмүүсийн хүүхдүүдэд насанд хүртэл нь тусламж үзүүлэх тусгай сан байгуулсан. Өнгөрсөн жил "Хүүхдийн төлөө фонд"-д хоёр тэрбум төгрөг цугларсан. Энэ мөнгөөр коронавирусийн улмаас өнчирсөн болон эм, тарианы мөнгөгүй байгаа хүүхдүүдэд тусламж үзүүлэх тал дээр анхаарч ажиллана" гэв.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Иргэд, ААН-үүд үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байхад наадам хийх нь зөв эсэхэд олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Мөн хүүхдүүд вакцин хийлгээгүй учир өвдөх эрсдэлтэй. Тиймээс УОК, Засгийн Газарт наадам хойшлуулах санал гаргасан. Нааштай хүлээж авсанд баяртай байна” гэв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.