Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмнэ

Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр боллоо. 
 
Ирэх даваа гарагаас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлнэ
 
Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Файзер /Пфайзер БиоНТех компанийн Комирнэти вакцин/ вакцинд хамруулж эхэлсэн байна. Монгол Улс тодорхой судалгаа хийсэн бөгөөд 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг хүлээн авсан. Энэ дагуу  ирэх даваа гарагаас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлнэ.
 
Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг. 2021 оны 06 дугаар сарын 15-наас хойш улсын хэмжээнд 16-17 настай 13,733  хүүхэд, 1,146 жирэмсэн эмэгтэй, 919 хөхүүл эмэгтэй дархлаажуулалтад хамрагдаад байна.
 
Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна
 
Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, Төрийн хүндэтгэлийн концертыг үзэгчгүй зохион байгуулж, радио, телевиз, цахимаар шууд дамжуулан үзүүлнэ. Цар тахлын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир аймгууд 2021 оны 07 дугаар сарын 20 хүртэл баяр наадам тэмдэглэхгүй. Улсын болон орон нутгийн онцгой комисс тухайн үед нь эрсдэлийн үнэлгээ хийсний дараа баяр наадам тэмдэглэх эсэхийг шийдвэрлэх юм. Хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, тэмдэглэлт ой зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов.
 
Эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
 
Эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвлийн их ачааллыг хэрхэн давсан болон цаашид анхаарах асуудлын талаар сайд Н.Тавинбэх танилцуулав. Эрчим хүчний эх үүсвэрийг өргөтгөх, шинэчлэх, шинээр барихтай холбоотой бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ирэх өвөл шаардагдах сайжруулсан шахмал түлшний 725 мянган тн үндсэн түүхий эд /мидлинг/-ээс гадна барьцалдуулагч татаж авч нөөцлөх, өвөлжилтийн бэлтгэл ажилд тулгамдаж байгаа асуудлыг тухай бүр нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байхыг холбогдох сайд нарт даалгалаа. 
 
Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмнэ
 
Агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 2024 он хүртэл хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг сайд Н.Уртнасан, Л.Халтар нарт даалгав. Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмэх зорилгоор зохион байгуулалтын цогц арга хэмжээ авахаар боллоо. Шаардлагатай бол зарим чиглэлд хямд үнээр нислэг хийхэд тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх, шинээр нислэгийн чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийн зөвшөөрлийг эрт олгож байх зэргийг холбогдох албан тушаалтнуудад даалгав.
 
Гандантэгчэнлин хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгоно
 
“Гандантэгчэнлин хүрээ хороолол”-ын хэсэгчилсэн төлөвлөгөөг 2012 онд тодотгож, хийд орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийг 2015 онд НИТХ-аар баталсан. Дахин төлөвлөлтөөр 1,568 өрхийн 6,740 иргэн оршин суух бөгөөд инженерийн дэд бүтэцтэй болгоход 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарч байжээ. 2014 онд 674 өрх, энэ онд 400 өрхөөс дахин судалгаа авахад дийлэнх нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх шаардлагагүй, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдож, өөрсдөө газартаа бүтээн байгуулалт хийх санал өгсөн байна. Иймээс:
  • Хийд орчмыг уламжлалт хэв маягаа хадгалсан соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж хэрэгжүүлэх;
  • Инженерийн шугам сүлжээтэй болгох, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг тохижуулах, шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламж, хандив, бусад эх үүсвэрээс гаргахаар төлөвлөжээ.
Инженерийн дэд бүтэц бий болгоход зориулж 2018-2021 онд улс, нийслэлийн төсөвт 4,5 тэрбум төгрөг баталж өгсөн. 3,6 тэрбум төгрөгөөр ус, дулаан хуваарилах төв барьж, дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам татсан байна. БГД-ийн 16 дугаар хороо, Гандантэгчэнлин хийд орчмын 56 га-д одоо 1,642 өрхийн 5,743 иргэн оршин суудаг. 2,538 барилга байгууламжтай, 174 аж ахуйн нэгж, байгууллага шашны эд зүйлсийн худалдаа, автомашины засвар, үйлчилгээ эрхэлдэг байна. Гадаадын жуулчдын очдог газрын нэг болох Гандантэгчэнлин хийд, Жанрайсиг дуганыг 2015 онд 25 мянга, 2018 онд 30 мянга,  2019 онд 32 мянга гаруй хүн үзэж сонирхсон судалгаа гарчээ.
 
Товч мэдээ
  • Ажлын байрыг дэмжих зээл олголт төлөвлөсөн хэмжээний 70.6, репо санхүүжилттэй зээл 26.3, ипотекийн зээлийнх 41.4 хувьтай байна. 15,784 зээлдэгч 207 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйг дэмжих зээл авчээ.
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм”-ийг шинэчлэн батлав. Комисс 0-16 насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах ажлыг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй юм. Салбар комиссууд 2016-2020 онд давхардсан тоогоор 20,700 орчим хүүхдийг байнгын асаргаанд хамруулж, 5,331 хүүхдийг боловсролын, 9,064 хүүхдийг эрүүл мэндийн үйлчилгээнд холбон зуучилжээ. 2020 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 12,324 /0-16 насны 10,790/ хүүхэд байна.
  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 
  • Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нь нэмэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг төвлөрсөн хяналт, удирдлагаар хангахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт даалгав.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр эрхлэлтийн динамик загварыг “Нийгэм, эдийн засаг”, “Нийгмийн хамгаалал”, “Хөдөлмөр эрхлэлт” гэсэн үндсэн гурван хэсгээр гаргасан байна. Ирэх оноос эдгээртэй холбоотой шийдвэр гаргахдаа энэ загварыг ашиглаж байхыг сайд нарт даалгалаа. Дэлхийн улс орнууд ийм загвар ашигладаг бөгөөд энэ нь гаргасан шийдвэрийн үр дүн, үр дагавар, эрсдэлийг компьютерын загварчлалын дагуу тооцоолон бодох, турших, таамаглал дэвшүүлэх, бусад холбогдох мэдээллийг шийдвэр гаргагчдад өгөх боломж олгодог байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.