Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Элчин сайд И.К.Азизов нар хамтын ажиллагааны талаар санал солилцов

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Элчин сайд И.К.Азизов нар хамтын ажиллагааны талаар санал солилцов
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтай хоёр орны болон парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалт хийлээ.
 
Уулзалтын эхэнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр уламжлалт, найрсаг хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монгол, Оросын стратегийн түншлэл иж бүрэн стратегийн түншлэлийн чанарын шинэ түвшинд гарч буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай өргөжиж байгааг тэмдэглээд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийсэн айлчлалын үр дүн хоёр улсын парламентын харилцаа өндөр түвшинд хөгжиж буйг илтгэж байна гэв.
 
Уулзалтын үеэр энэ сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Холбооны Зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн хороотой хамтран дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хийх цахим уулзалтын талаар санал солилцож, бэлтгэл ажлыг хангах талаар ярилцлаа. Мөн хоёр улсын уул уурхай, тээвэр, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны талаар болон хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн явц, шинэчлэлийн талаар тэмдэглэж, санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.