Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна

Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
 
Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна
 
Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
 
Үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллаж байна. Тухайлбал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглож, амралт жуулчны баазын үйл ажиллагааг энэ сарын 17-ны өдрөөс долоо хоног хязгаарлалаа.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын энэ үед аймаг, сумын наадам хийхгүй, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах чиглэл өглөө. Хэмнэгдэх зардлыг цар тахлын хариу арга хэмжээнд зарцуулах нь зүйтэй гэлээ.
 
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар танилцуулав
 
Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, эдийн засгаа сэргээх зорилготой 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
 
Ажлын байрыг дэмжих зээл олголт энэ сарын 14-ний өдрийн байдлаар 65,7 хувь, репо санхүүжилтийн зээл олголт 24,9 хувь, орон сууцны ипотекийн зээл олголт 2021 онд төлөвлөсөн хэмжээний 38 хувьд хүрээд байна. Мөн 15784 зээлдэгчдэд хөдөө аж ахуйг дэмжсэн 207,5 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
 
Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртлэх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож, зээлийн батлан даалтын сангийн тогтолцоог ашиглах зохицуулалт хийж байна.
 
Энэ сарын 14-ний байдлаар нийт 6,060.9 тэрбум төгрөгийн 57.7 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 1,313.8 тэрбум төгрөгийг нийт 17785 иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна.
 
Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар дараах арга хэмжээг авна
 
Аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарыг богино хугацаанд эргэн сэргээх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар болов.
 
Тогтоолд агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай  хөгжүүлэх чиглэлээр хамтарсан төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар аялал жуулчлалын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах зохицуулалт бүрдүүлэхээр тусгалаа.
 
Мөн аялал жуулчлалыг дэмжих тусгай тарифын бодлого баримталж, гадаадын улс оронд сурталчлан таниулах, жуулчны урсгал, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан шинээр нислэгийн чиглэл нээх, нислэгийн суудал ашиглалт үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм байна.
 
Аймгууд Соёлын хэлтэстэй боллоо
 
Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөлд өөрчлөлт оруулж “Боловсрол, соёл урлагийн газар” гэснийг Боловсролын газар, Соёлын хэлтэс гэж өөрчилж, соёл урлагийн чиг үүргийг орон тоо, цалингийн сан, түүнд ногдох үйл ажиллагааны зардлын хамт шинээр байгуулах Соёлын хэлтэст холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шилжүүлж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөлөөр хангахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
 
Соёлын хэлтэс бий болсноор соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амыг бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын өвөө хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх төрийн соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг зарим аймагт байгуулна
 
Архангай, Дархан-уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх, тэдний хөгжлийг дэмжих чиг үүрэг бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулна.
 
Дээрх аймгуудад төвийн барилгын ажлыг эхлүүлж, ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байна. Төвүүдийн үйл ажиллагааг 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ
 
Товч мэдээ
  • Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойг 2021 онд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
  • Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • Монгол Улсын Засгийн газар, гадаад улсын Засгийн газар хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажилагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг хэлэлцэн батлав. Бүгд Найрамдах Сингапур Улс, Шинэ Зеланд Улс, Бүгд Найрамдах Эстони Улс, Бүгд Найрамдах Куба Улс болон Өмнөд Америкийн зарим улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын түвшний хамтарсан механизм байгуулах чиглэлээр ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.    

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.