Ч.Өнөрбаяр: Энэ ялагдал АН-д их эвлэрэл, ялалтыг авчирна
АН сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Магнай нар энэ үеэр байр сууриа илэрхийлсэн юм.
Ардчилсан сонгууль бол улс төрийн намуудын хоорондох тэгш шударга өрсөлдөөнд суурилан явагддаг. Харамсалтай нь энэ тогтолцоо алга болж, төр ба нам гэсэн нэрэн дор сонгууль хийдэг боллоо. Ардчилсан сонгууль хэлбэр төдий болжээ. 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намын /МАН/ сонгуулийн үр дүнг бусад намууд хууль ёсны болгож харагдуулдаг зүйл бий болсон байна. Үүнийг цаашид өөрчлөхгүйгээр 2024 оны шударга сонгуулийн тухай яриад хэрэггүй гэж АН-ынхан мэдэгдэв.
Ч.Өнөрбаяр хэлэхдээ “ Их ялагдлын дараа их эвлэрэл рүү явдаг манай намын түүх бий. 1992 онд ялагдаж, 1996 онд эвсэл болоод ялалт авчирсан. Өнгөрсөн 2000 онд УИХ-д нэг суудалтай байсан бол дараа нь эвсэл болж ороод хамтарсан Засгийн газар байгуулж байсан. Цаашид УИХ-д суудалтай намуудаас гадна Ардчиллын төлөөх намуудтай нэгдэнэ. АН ардчилал, хувь хүний эрх чөлөө, үнэт зүйлийнхээ төлөө тууштай тэмцэнэ. АН-ын шинэчлэл үргэлжилнэ. АН шинэ цаг үед нийцэж өөрчлөгдөх ёстой. Улс төрийн зах зээл рүү ажиллаж сонгогчдын итгэл үнэмшлийг татах ёстой гэж харж байна. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн нийт сонгогч гишүүдэд талархал илэрхийлье. Ялагдал гэдэг их ялалтын эхлэл. Харин ч энэ удаагийн сонгууль ардчилсан тогтолцоонд аюул учруулсан гэдгийг бодитоор мэдрүүллээ. АН улам шинэчлэгдэж, хүчтэй болж бусад улс төрийн намуудтай нэгдэх ёстой юм байна” гэв. Харин Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Магнай “Өнгөрсөн хугацаанд МАН-ын 100 жилийн ой гэсэн нэрийн дор иргэдэд мөнгө тараасан. Сүүлд малчдад 100 мянган төгрөг тараасан. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнөөс 2.5 их наяд төгрөгийг иргэдэд тараасан. Ерөнхийдөө МАН төсвийн мөнгөөр төрийн сонгуулийг худалдаж авсан үйл явц боллоо” гэв.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.