Таны санал яагаад чухал вэ?

Таны санал яагаад чухал вэ?

Улс төрч, хуульч эрхмүүд сонгуульд оролцож, саналаа өгөхийн ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ.

Хүний эрхийн идэвхтэн Ц.Оюунгэрэл: Таны сонголт ганцдахгүй 

Залуус өөрсдөө оролцож байж, хүссэн нийгмээ бий болгож чадна. Хэрэв та саналаа өгөхгүй бол бусдын хүссэнээр л амьдарна. Тийм учраас та хүсэл сонирхлоо илэрхийлж, төрд дуу хоолойгоо хүргэхийн тулд сонгох эрхээ заавал эдлэх хэрэгтэй, хэзээ ч татгалзаж болохгүй. 
 
Миний хувьд 1990 оны ардчилсан сонгуулиас хойш нэг ч сонгуулийг алгасалгүй саналаа өгч ирсэн. Сонгох эрхээ, сонгогдох эрхээ ч эдэлдэг хүн. Хэдийгээр би энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж чадаагүй ч сонгуулиа заавал өгнө. Миний санал хэзээ ганцдахгүй. 

Сонгуульд саналаа өгнө гэдэг саналын хуудас бөглөөд болчих зүйл биш. Улс төрийн үйл явдалд анхаарлаа хандуулж, ажиглаж, тунгаан бодож байж шийдвэрээ гаргаарай. 

Олон улсын эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгч Н.Орчлон: Өөрийгөө том хүн болсон гэж бодож байгаа л бол сонгуулиа өг

 

 

Хэдийгээр насанд хүрсэн, бэлгийн амьдралд орсон ч гэсэн сонгуульд саналаа өгдөггүй бол том хүн болоогүй л байна гэссэн үг.  Үнэндээ хэдийн насанд хүрчихсэн хэрнээ бие даасан байдлаа ухамсарладаггүй, аав ээждээ эрхэлсэн, наад захын юм ойлгодоггүй залуус бий. Гэхдээ тийм ч олон биш байх. Биеийн хувьд төдийгүй сэтгэлгээний хувьд насанд хүрсэн хүн ирээдүйгээ бодитоор хардаг учраас сонгуульд идэвхтэй ханддаг юм билээ. Тэд өөрийнх нь сонголт өөрийнх нь, улс орны ирээдүйд ч хэрэгтэй гэдгийг мэддэг. Тийм учраас цаг заваа гаргаж, зорьж байгаад саналаа өгөхдөө түүртдэггүй. Насанд хүрсэн ажил хийдэг, үүрэг хариуцлага хүлээдэгтэй ижил сонгуулиа өгөхийг насанд хүрсэн хүний хийх ажил гэж хардаг.

 Америк кинонд хоорондоо хэрэлдэж муудахдаа “be an adult” гэж хэлдэг шүү дээ. Энэ бол асуудалд насанд хүрсэн хүн шиг ханд л гэсэн үг. 

Тиймээс өөрийгөө том хүн болсон гэж бодож байгаа бол  сонгуулиа өгцгөөе гэж уриалмаар байна. Манай улс ардчилсан орон учраас сонгуулийн саналаараа өөрчлөлтийг хийж болдог. Өөрчлөлт хийх боломжтойг мэдсээр байж саналаа өгөхгүй байна гэдэг балчир хүүхдийн л сэтгэлгээ шүү дээ. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:  Залуусаа эрхээ эдэлж, сонгуульдаа оролцоорой

Ардчилсан нийгэм бол сонголттой нийгэм. Тэд СОНГОГДОХ эрхээ эдлэн нэр дэвшиж байна. Харин залуу та СОНГОХ эрхээ эдлэн сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Сонголт хийхгүй байна гэдэг нь эсэргүүцэл биш, энэ бол үгээ хэлэхгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй ялагдаж байна гэсэн үг. Залуус ямар хөгжил хүсэж байгаагаа илэрхийлэхгүй, түүнийхээ төлөө оролцохгүй зөвхөн комьпютерийн араас шүүмжлээд сууж болохгүй. 

Бид бүгд шударга нийгэмд амьдармаар байна. Өөрөө хичээвэл сайхан амьдрах боломж нөхцөл нь бүрдсэн улсад амьдармаар байна. Бид эх орондоо сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжлээрээ үнэлэгддэг, өрсөлддөг баймаар байна. Бүгд хөгжилд хамтаа зүтгэдэг улсад амьдармаар байна. Үүний төлөө бүгд улам илүү хичээх хэрэгтэй байгаа.

Тиймээс залуусыгаа энэ сонгуульдаа өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцоорой гэж уриалья. Залуус та бүхний дуу хоолой, идэвх оролцоо улс орны маань хөгжил дэвшилд маш чухал нөлөөтэй шүү гэдгийг онцлон хэлмээр байна. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.