Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хүртээмжийг нэмэгдүүлж, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх иж бүрэн санаачлагыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрэгжүүлж байна

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хүртээмжийг нэмэгдүүлж, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх иж бүрэн санаачлагыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрэгжүүлж байна

Улаанбаатар, Монгол Улс – Монгол Улсын сонгуулийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүртээмжтэй болгож, хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой олон төрлийн санаа санаачилгыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд Хөгжлийн бэрхшээлтэй сонгогч иргэн” төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.  

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” нэртэй нам бус хөтөлбөрийн хүрээнд Монголын багш-эцэг эхийн холбоо ТББ дээрх “Хөгжлийн бэрхшээлтэй сонгогч иргэн” төслийг сонсголын бэрхшээлтэй болон бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран 2020 оны 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн тухай мэдээ мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор улс төрийн намуудтай цуврал уулзалт, хэлэлцүүлгийг төслийн хүрээнд амжилттай зохион байгуулав. Тус уулзалтуудад Түгээмэл хөгжил Бие даан амьдрах төв, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, Диф клубээс хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын төлөөллүүд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль олон улсын түвшинд анхаарал татсан чухал үйл ажиллагаа тул сонгуулийн мэдээ мэдээллийг дэлхий даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох үүднээс сонгуулийн өргөн хэрэглэгддэг нэр томъёоны цахим толийг анх удаа монгол, олон улсын дохионы хэл дээр Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-той зөвлөлдөж боловсруулан бүтээлээ. Түүнчлэн СЕХ-той хамтран 2020 оны УИХ, ИТХ-ын сонгуулийн мэдээллийг сонсголын бэрхшээлтэй хэлмэрчид тэжээгч орчуулагчийн тусламжтай шууд орчуулан хүргэж эхэлсэн шинэ соёлыг Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн үргэлжлүүлэхээс гадна албаны мэдээллийг монгол төдийгүй, олон улсын дохионы хэл дээр орчуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Түүнчлэн, сонгууль зохион байгуулах сонгуулийн хороодын албан хаагчдын мэдлэгийг нэмэгдүүлж, сонгуулийн үйл явцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах зорилгоор СЕХ-той хамтран дүүрэг, аймгийн сонгуулийн хорооны ажилтнуудад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгуулийг хүртээмжтэй зохион байгуулах” тухай сургалтыг хараа, сонсгол,  хөдөлгөөний бэрхшээлтэй сургагч багш нартай хамтран амжилттай зохион байгуулж байна. КОВИД-19 коронавирусийн цар тахлын үеэр хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдод туслалцаа үзүүлэх ажилд нэмэлт хүндрэл үүсэж болзошгүй байгаа тул сонгох эрхийг хэрхэн хангах зөвлөмжийг сургалтуудаар хүргэж байна.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хүртээмжийн талаар ажиглалт хийхээр хөгжлийн бэрхшээлтэй сонгуулийн ажиглагч нарыг бэлтгэх сургалтыг Монголын багш-эцэг эхийн холбоо иргэний нийгмийн холбогдох бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй 20 ажиглагчийг бэлтгэв. Ингэснээр манай улсын хувьд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй сонгогчид сонгуулийн ажиглагчаар ажиллаж, хөндлөнгийн үнэлгээ хийх юм.

Монголын багш-эцэг эхийн холбооны “Хөгжлийн бэрхшээлтэй сонгогч иргэн” төслийн дээр дурдагдсан иж бүрэн санал санаачилгыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө удирдан явуулж байгааг онцлох нь зүйтэй. Төслийн багийн хамт олны зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдод хүртээмжтэй бөгөөд цар тахлаас шалтгаалсан давхар бэрхшээлгүйгээр зохион байгуулахыг, мөн хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдыг, ялангуяа залуу сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.