Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Алдарч уяач цол хүртсэн Эрдэнэ-Очирын Цолмонтой ярилцлаа.
-Танд Монгол Улсын Алдарт уяач цол хүртсэнд баяр хүргэе. Эмэгтэй уяач олон байдаггүй учраас та өнөөдрийн содон дүр боллоо?
-Баярлалаа. Би Ховд аймгийн уугуул хүн. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт уяач цол хүртсэндээ маш их баяртай байна. Энэ хүртэл надтай хамт явсан, намайг дэмжиж байсан ханьдаа, ээж аав, ах дүү, хамаатан саданд талархал илэрхийлмээр байна. Намайг маш сайн дэмждэг. Миний хань Монгол Улсын Манлай уяач Т.Энхбат гэж хүн бий. Миний дүү Э.Тамир бас морь уядаг. Намайг яг өдий зэрэгт хүргэж, морины уяа сургаж өгсөн Монгол Улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэнд онцгойлон талархал илэрхийлье.
-Та анх хэзээнээс морь уяж эхэлсэн бэ?
-Уяач болгоны ард эхнэр нь байдаг. Уяачдын эхнэрүүд яг л надтай адилхан, морь уялцах үед нь уялцана, хоолыг нь тааруулна, уралдаанч хүүхдүүдийнхээ хоол ундыг зэхнэ гээд ажилтай байдаг. Морь уяхад арын фронт маш чухал. Надтай адилхан маш олон эмэгтэйчүүд байгаа гэж бодож байна. Би монгол эмэгтэй болж төрсөндөө маш их бахархдаг. Морин уралдаан бол бидний сэтгэл зүрхэнд оршдог үнэт өв. Би үүнтэй 2004 оноос хойш холбогдоод явж байна.
–Та 17 жил морь уяж байгаа юм байна. Таны гаргасан онцлох амжилтуудаас сонсож болох уу?
-Надад хамгийн анх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Б.Пүрэвжав гэдэг хүнээс “Наран шарга” азарга маань ирж байлаа. Энэ азарга манай адууны эхийг тавьсан гэж хэлж болно. Надад маш олон сайхан хүлэг бий. Өнөөдөр би “Төгс хүрэн” азаргаа онцолмоор байна. Миний “Төгс хүрэн” азарга 2008 онд Дундговь аймгийн Сайхан-Овоод уралдаж, аман хүзүүдсэн. Мөн тэр зундаа Алтан овооны наадамд дөрвөөр давхисан.
-Эмэгтэй хүн морь уяж болдгийн нэгэн бодит жишээ нь Та болж, өнөөдөр Алдарт уяач цолоо хүртлээ. Та ямар уяачаас үлгэр дуурайл авдаг вэ?
-Монгол Улсын Алдарт уяач Хорлоодой гэж мундаг эмэгтэй байсан. Тэр хүнээс урам авдаг байсан. Бас би анх Гавжийн шандад морь уяж байхдаа Сундуй гэдэг шарга морьтой настай уяачтай танилцсан. Тэр хүн “Чи моринд нүдтэй юм байна. Би чамд уяаныхаа эрдмээс зааж өгнө” гэж хэлж байсан. Тэр хүн өөд болохоосоо өмнө надад морь хэрхэн уях талаар нарийн ширийн зүйлсийг зааж өгсөн. Надад урам өгдөг олон уяач бий.
-Сайн уяачийн нууц гэж байдаг уу? Адууг хэрхэн сайн уях вэ?
-Миний бодлоор сайн уяачийн нууц гэж байхгүй, харин сайн хүний нууц гэж байдаг. Хүн хүнээрээ л байх нь чухал. Ганцхан өөрийгөө биш бусдыг хайрлах, амьтныг хайрлах сэтгэл чухал. Хүний энэрэнгүй сэтгэл, хайрлах сэтгэлийг адуу мэддэг. Ер нь дан ганц адуу биш, амьтад бүгд мэдэрдэг. Тийм учраас хүнтэй тогтоосон нарийн холбоо гэж байдаг. Амьтан ч гэсэн сэтгэлтэй учраас уяагаар биш сэтгэлээр холбогдох, тийм нандин холбоо үүсгэх хэрэгтэй гэж хэлмээр байна.
Би Ардын хувьсгалын 100 жилийн Үндэсний баяр наадамд “Хонгор” азаргаа уяж сойно гэсэн бодолтой байгаа. Өнөөдөр адуу руугаа явах байсан боловч ийм сайхан үйл явдал болсон учраас маргааш явна /инээв/.
-Танд баярлалаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.