Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” I,II одон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр зарим ээжид Төрийн ордны “Есөн хөлт, цагаан тугт” танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.
Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” II одон гардан авсан Отгонбаатарын Сэлэнгэтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
–Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одон гардан авсан Танд баяр хүргэе. Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу.
-Өнөөдөр төрийн тэргүүнээсээ “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон гардсан авсандаа маш их баярлаж, сэтгэл их догдолж байна. Энэ хүртэл надад тусалж, дэмжиж ирсэн аав, ээж нар, хайрт хань, гурван ихэр охин бас сайхан хүү нартаа бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Намайг Отгонбаатарын Сэлэнгэ гэдэг. Энэ жил 30 настай . Би дөрвөн хүүхэдтэй. Гурван ихэр охин, нэг хүүтэй. Хүү маань найман настай .
-Төрийн тэргүүнээсээ “Эхийн алдар” одон гардан авах мөчид юу бодогдож байсан бол.
-Сэтгэгдэл маш өндөр байлаа. Одонгоо гардан авч байхад Ерөнхийлөгч маань сайхан үг хэлэхэд өөрийн эрхгүй огшиж нулимс цийлгэнээд ирсэн. Хүн болж төрснийх үнэхээр мартагдашгүй дурсамжтай өдөр болж байна .
-Мэдээж гурван ихэр хүүхэд өсгөх нь нэг хүүхэд өсгөхөөс их ялгаатай. Гурван ихэр хүүхэд өсгөх амаргүй байх.
-Нэг хүүхэд өсгөхөд ямар их ачаалалтай байдаг билээ. Тэгэхээр гурван ихэр хүүхэд өсгөхөд хоёр гурав дахин ачаалал нэмэгддэг. Хүүхдүүдээ өсгөхөд хань маань маш их тусалсан. Нэг жил ажил хийлгүй надтай хамтдаа хүүхдүүдээ өсгөлцсөн. Мэдээж ээж, аав нар маань, хайртай хүмүүс маань байсан учраас энэ их ачааллын ард гарч чадсан. Одоо гурван ихэр маань ой гарантай эрүүл энх, сайн сайхан өсөн торниж байна.
-Гурван ихэр хүүхэд төрөх нь ховор тохиолдол. Анх гурван ихэр охинтой боллоо гэж сонсоод ямар сэтгэгдэл төрж байв.
-Гурван ихэр охиноо би өөрөөрөө төрүүлсэн. Мэдээж хэрэг маш их аз жаргалтай байсан. Гурвын гурван хүн өөрөөсөө төрүүлээд эрүүл саруул өсгөж бойжуулж байгаа маань эмэгтэй хүн болж төрсний гавьяа, аз завшаан гэж боддог.
-Ханийнхаа талаар та юу хэлэхсэн бол?
-Миний хань бид хоёр хүүхэд ахуй цагаасаа найзалж нөхөрлөж ирсэн. Гэр бүл болоод 11 жил болж байна. Энэ хугацаанд хамтдаа бие биенээ түшиж аз жаргалтай амьдарч байна. Бүх зүйлд тусалж дэмждэг ханьдаа их баярлаж явдаг. Хань маань хажууд байгаагүй бол гурван ихэр охиноо өсгөхөд чанга байсан. Төрөөс ийнхүү хүндэтгэн шагнаж байгаад талархаж, хүүхдүүдээ улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө хичээж зүтгэнэ.
-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал хүсье. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Нийт одон авсан ээжүүддээ баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хүүхдүүдээ өсгөхөд байнга тусалж дэмждэг ханьдаа, аав, ээж нар, хайртай бүх хүмүүстээ баярлалаа.