Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттуллга Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Чингис хаан одонг хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттуллга Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Чингис хаан одонг хүртээлээ
Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээлээ.
 
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
 
“…Өнгөрсөн түүхийн туршид Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, газар нутгийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, Их эзэн Чингис хааны  ялагдашгүй цэргийн залгамж Монгол цэргийн нэр төр яруу алдрыг өндөрт өргөж, дэлхий нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд эр зориг тэсвэр тэвчээр, сахилга бат, ур чадвараар манлайлан оролцож, эх орон, төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн, Зэвсэгт хүчний үе үеийн ажилтан, албан хаагч,  цэрэг, офицер, ахлагчдын гарамгай гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис Хаан” одонгоор шагнасугай” гэжээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртээх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр төв талбайд боллоо. “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг төлөөлүүлэн Зэвсэгт хүчний Жанжин штабт гардуулав.
 
Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ "Өвөг дээдсийнхээ мянга мянган жилийн баатарлаг түүх, дайчин уламжлалыг залгамжилж, энхийг дэмжих эрхэм хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж яваа монгол цэрэг, энхийг сахиулагчид Та бүхний амрыг эрж, Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн халуун баярыг хүргэе!
 
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг баримтлан, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ зорилтыг хангахад энхийг сахиулагчдын гүйцэтгэх үүрэг, үйл хэрэг үнэтэй хувь нэмэр оруулж байгаа төдийгүй улс орныхоо аюулгүй байдал, оршин тогтнохын баталгааг бэхжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой юм гэдгийг онцлон тэмдэглэж байна.
 
Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд анхлан үүрэг гүйцэтгэж эхэлсэн мөчөөсөө л үйл хэрэг, үйлс бүтээлээрээ үлгэрлэж, эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэрийг дуурьсгаж, ур чадвараа батлан харуулж ирснээр Монгол Улсын Төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд туйлын бахархаж, сэтгэл хангалуун байдаг.
 
Даян дэлхийд энх амгаланг сахиулахад Монгол Улс, Монголын ард түмний оролцоо, хувь нэмрийг илэрхийлж, Эзэн Чингисийн дайчин монгол цэргийн залгамж хойч үе гэдгээ нотолж яваа Та нараар эх орон, ард түмэн чинь төдийгүй Хүннү гүрэн, Их Монгол улсын дайчин өвгөд, дээдсийн сүнс бахархаж байгаа. Монгол бол нэн эртнээс цэрэг армийн арвин уламжлалтай, дэлхийн цэргийн урлагийн түүхэнд үлдээсэн тод мөртэй, баялаг түүхтэй улс. Монгол эр болгон цэрэг болон өсөж, үүрэг гүйцэтгэж байсан түүхэн уламжлал, дайчин замналтай.
 
Энэ жил монголчууд олон түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаагийн дотроос би орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг энэ өдөр, энэ цаг мөчид онцлон дурдах байна. Хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээсэн нүүдэлчдийн төрт улсууд, Хүннү гүрнээс улбаалаад Их Эзэн Чингис хааны туг дор ертөнц дахинаа алдраа дуурьсгаж явсан талын дайчдын хойчис орчин цагийн цэргийн зохион байгуулалтад орсноос хойш эдүгээ 100 жилийн ойтойгоо золгож байна.
 
Монголын Зэвсэгт хүчин орчин үеийн цэрэг армийн зохион байгуулалтад шилжсэн цагаас өнөөдрийг хүртэл эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ чанд биелүүлж ирсэн. Шинээр эмхлэн байгуулагдсан Монгол Ардын Журамт цэрэг 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлснээр орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэн бий болсон. Энэ цагаас хойш Монголын Зэвсэгт хүчин 1939 онд Халхын голын, 1945 онд Чөлөөлөх дайнд оролцон бахдам ялалтуудаар түүхээ зузаатгасан юм. Энхийн цагт хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, барилга, дэд бүтэц, төмөр замын талбарт гар бие оролцон, үндэсний түүхэн бүтээн байгуулалтын фронтод ялалт байгуулан ард түмнийхээ бахархал болсон билээ.
 
Дайчид аа,
 
Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, албан хаагчид аа,
 
Миний бие Монгол Улсын төрийн тэргүүний болоод Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар Орчин цагийн Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний 100 жилийн ялагдашгүй дайчин замнал, энх цагийн бүтээн байгуулалтын гарамгай үйл ажиллагаа, үр дүнд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг төлөөлүүлж, Зэвсэгт хүчний Жанжин штабыг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон – “Чингис Хаан” одонгоор шагнахаар зарлиг буулгалаа. Бүгдэд баяр хүргэе.
 
Та бүхэн энэ одонг хүртэх эрхтэй, Их Эзэн Чингис хаанаараа овоглосон цэргүүд байх ёстой. Өндөр өвгөдийн захиасыг хөсөрдүүлэлгүй, тэдний дайчин алдрыг нэр төртэй залгамжлан авч яваад тань баярлалаа.
 
Монгол цэрэг – Чингисийн цэрэг, Монгол цэрэг – Дэлхийн цэрэг.
 
Та бүхнийг Бүх цэргийн Их хар сүлд ивээж, Мөнх тэнгэрийн хүчин дор монгол цэргийн сүр хүч, хийморь жавхаа үеийн үед мандан бадарч, Монгол төрийн өлмий бат оршиг!” гэлээ.
 
Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг төлөөлөн Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардан авсан Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг үг хэллээ.
 
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
 
 
 
“Эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга танаа!
 
Эрхэм Монгол Улсын минь ард иргэд ээ!
 
Эрхэм төр засгийн түшээд минь ээ!
 
Эрхэм Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд аа!
 
Эрхэм чөлөөнд байгаа, бэлтгэлд байгаа, одоо алба хааж байгаа генерал, офицер, ахлагч, хугацаат болон гэрээт албаны түрүүч, байлдагч нар аа!
 
Эрхэм хүндэт энхийг сахиулагчид аа!
 
Эрхэм гадаад улс оронд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчид аа!
 
Эрхэм төрийн цэргийн байгууллын нийт ажилтан албан хаагчид аа!
 
Үе үеийн ахмад дайчид аа!
 
Эрхэм хүндэт элчин сайд нар аа! Эрхэмсэг ноёд хатагтай нар аа!
 
Эрхэм зочид оо!
 
Их эзэн Богд Чингис хааны хэлсэн үгийг энэ цаг хугацаанд, энд дурьдмаар байна. “Цэргийн хүнд байлдах цагт гурван эх буй. Анхны эх нь гартаа барьсан зэвсэг. Удаах эх нь унасан хөлөг морь. Гурав дахь эх нь оршсон газар. Энэ гурван эхээсээ салаагүй цагт цэрэг хүн амьд байж чадна.”
 
Их Эзэн Богд Чингис хааны сургаалын үгийг сийрүүлэн монгол цэргийн өчигдөр, өнөөдөр, маргаашийг энэ цаг мөчид дурдахгүй байхын арга үгүй.
 
Өнө эртний бахархам түүхтэй Монгол төрийн нэгэн бахархал бол монгол цэрэг юм. Өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол эх орон болоод монгол хүмүүн оршин амьдрахын учир утга, Монгол төрийн их бэлгэдэл туг сүлд, төрийн эрдэнэ хэмээгдэн дээдлэгддэг эрэлхэг жанжид, нүүдэлчин хүн төрөлхтний түүх, дурсгалын хосгүй үнэт өв болох Монголын нууц товчоо, эх орон, ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө явуулсан тэмцэл ялалтын түүх зэрэг манай орны эрхэм нандин бүхэн нь монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой.
 
Энэхүү монгол бахархлыг улам бүр түгээн дэлгэрүүлэх, иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, эрт, одоо, ирээдүйг бэлгэдсэн гурван цагийн эргэлтэд өнгөрсөн түүх, давтагдашгүй соёл, монгол ахуйн дархлааг бий болгох, цэргийн алба хаагчдыг хөгжүүлэх, амжилт ололт, алдаа оноогоо үнэлэн дүгнэж, цаашдын хөгжлийг цэцэглүүлэх явдал нь өдгөө эн тэргүүний зорилт болоод байна.
 
Монгол үндэстэн, Монголын тулгар төр нь цэрэг эрсийн уухайн түрлэг дор үүсэн бүрэлдэж, хүчирхэгжин мандаж, манай орны түүхэн хөгжлийн бүхий л үе шатанд эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн эрхт байдлыг цаг ямагт өмгөөлөн босож, хамгаалан тэмцэж ирсэн агуу түүхийг бид бүтээсээр ирсэн юм.
 
Монгол хэмээх эрхэм нэрээр дэлхий дахинаа алдаршин мандсан эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэлж, бататган хамгаалж, үндэсний дархлаа, үнэт зүйл, нандигнан дээдлэх бүхнээ эрхэмлэсэн монгол цэргийн түүх нь өнө мөнхийн арвин баялаг бөгөөд өнөөдөр ч Монгол Улсын Зэвсэгт хүчин тэрхүү ариун нандин түүх, дайчин уламжлалаа улам бүр баяжуулсаар байна.
 
Монгол Улсын хөгжлийн түүхэнд цоо шинэ эргэлтийг авчирсан хорьдугаар зууны эхэн үеийн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан хувьсгал хийгээд 1921 оны Ардын хувьсгалыг өнө мөнхийн ялалтаар дуусган нэн шинэ түүхийг бүтээн бий болгогч, цогцлоон байгуулагчийн тэргүүн шугамд мөн л монгол цэрэг уухайлан тэргүүлж, эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх, орчин цагийн их бүтээн байгуулалтыг цогцлоох, сансрын уудамд монгол хүмүүний мөрийг гаргах, дэлхий дахинаа Монгол Улсын энхийг эрхэмлэгч бодлогыг тунхаглан үлгэрлэх их үйлсэд ч монгол цэрэг түүчээлэн манлайлж ирсэн.
 
Өнгөрсөн зууны тэмцэл, ялалтыг авчирсан Ардын журамт цэргээс эхлэлтэй орчин үеийн Зэвсэгт хүчний түүх нь улс орны хөгжил дэвшилтэй бүхий л сэжмээр холбогдож, ард олныг бичиг үсэгт сургах, улс орондоо орчин үеийн соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, аж үйлдвэрлэл, улс ардын аж ахуйг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нь бидний бахархал билээ. Мөн манай орны их бүтээн байгуулалтын он жилүүдэд Монголын Ардын Армийн бие бүрэлдэхүүн эх орныхоо бүтээн байгуулалт, соёлын хувьсгалд үнэтэй хувь нэмэр оруулсныг Монголын төр засаг, ард түмэн өндөр үнэлдэг.
 
Ийнхүү бахархалт түүхийг бүтээж, түүнээс ч илүү бахархалт өнөөдрийг бүтээлцэж байгаа, цаашид ч бүтээн цогцлоох Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнө өндөр хариуцлага, итгэл найдвар оногдож байгааг сайтар мэдэрч, улс орныхоо стратегийн өндөр ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтад манлайлах үүрэгтэй оролцож, даян дэлхийд амар амгаланг тогтоох энхийн үйлсэд идэвхийлэн зүтгэж, монгол цэргийн шилдэг уламжлалаа шинэ агуулга, хэлбэрээр баяжуулсаар байна.
 
Энэ онд монголчууд бид Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 60, Монгол хүн сансарт ниссэний 40 зэрэг түүхэн тэмдэглэлт тэгш ойнуудыг ёслон тэмдэглэж байгаагийн дотор Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийнхээ ойг бид бүхэн саяхан ёслон тэмдэглэсэн юм.
 
Бид бүхэн Зэвсэгт хүчний 100 жилийн ойгоо улс орныхоо тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг хамгаалсан үе үеийн эх орончдын гавьяат үйлс, цэрэг, армидаа бүхий л талаар тусалж, хайрлаж ирсэн ард түмний сэтгэл, зүтгэл, даян дэлхийд энх амгаланг тогтоохын төлөө халуун цэгт үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдын, дэлхий дахинаа химийн зэвсгийг устгах, дипломат албанд зүтгэж эх орныхоо нэрийг гаргасан цэргийн алба хаагчдын түүх, монгол хүмүүн бүрийн баяр болгон өргөн дэлгэр тэмдэглэсэн нь чухал ач холбогдолтой боллоо.
 
Өдгөө Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалт улам өсөн нэмэгдэж, олон улсын түвшинд “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээн үнэлэгдэж, дотооддоо эх орноо батлан хамгаалах үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ улс орныхоо стратегийн ач холбогдолтой их бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулсаар “Монгол Цэрэг-Бүтээлч цэрэг” болж байгааг манай ард түмэн зүй ёсоор өндрөөр үнэлж байдгийг энэ өдөр онцлоход нэн таатай байна.
 
Зэвсэгт хүчний нэгэн зууны түүхэн амжилтыг Монгол Улсын төр өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “Чингис хаан” одон хүртээж байгаад туйлын баяртай байгаагаа илэрхийлж, Та бүхнийхээ цаашдын ажил, албанд арвин их амжилтыг бэлгэдэн ерөөе.
 
Ийнхүү Зэвсэгт хүчний амжилт ололт, алдар гавьяаг Монгол Улсын төр өндрөөр үнэлж байгаа нь эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө амь насаа зориулсан ахмад дайчид, эрэлхэг баатруудын халуун амь, бүлээн цусны үнэ цэнэ, тэдний залгамж халаа болсон өнөөгийн нийт бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэл, бүтээлч үйл ажиллагааны үр дүн юм.
 
Цаашид бид бүхэн дараагийн зуун жилийн цэргийн шинэчлэлийн бодлогыг шинэ шатанд гарган хөгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, эх орноо батлан хамгаалах, түүний хөгжилд хувь нэмрээ оруулах болон энхийг дэмжих ажиллагааны чадавхыг бэхжүүлэн, иргэн-цэргийн харилцааг улам бүр хөгжүүлэх зэрэг цаг үеэ дагасан зарчмын томоохон зорилго, зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
 
Энэхүү зорилго, зорилтуудыг бүтээлч ажил болгон хэрэгжүүлэхэд бүх бие бүрэлдэхүүний идэвх санаачилга, хичээл зүтгэл, оролцоо чухал үүрэгтэйн дээр Та бид өмнөх амжилт ололтдоо тулгуурлан дайчин замнал, түүхэн уламжлалаараа Зэвсэгт хүчнийхээ хөгжилд бодит хувь нэмрээ оруулан их үйлсийг бүтээнэ гэдэгт итгэл төгс байна.
 
Монгол төрийн өлмий бат оршиж, монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!” гэлээ.
 
Үүний  дараа өнөөдөр тохиож буй Олон улсын энхийг сахиулагчдын өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал төв талбайд болж, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиуд оролцов.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.