Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны ээлжит бус хуралдаан дээр одоогийн Ерөнхий сайд, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдлагуудад томоохон сануулга өгсөн. Тухайн үед өндөр үнэтэй алтан ширээ сандал, коньяк, бенц жийп, ерөнхий захирлынх нь хүүхдийн сургалтын төлбөр гэсэн дуулианууд цуварч гарч ирсэн үе байв.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлуудыг халах асуудал ч албан бусаар яригдаж байв. Тэгэхэд Л.Оюун-Эрдэнэ "...“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудын алдаа бий. Засгийн газрын тогтоол хэрэгжүүлээд очихдоо би “Эрдэнэт үйлдвэр”-ээс цай ч уухгүй ажлаа хийчихээд гараад явсныг санаж байгаа байх. Би Бадамсүрэн захиралд хандаж хэлж байгаа юм, энэ үгийг. Яагаад тэгсэн бэ гэхээр та нарыг үлгэр жишээ аваасай л гэж тэгсэн юм. Тэрнээс хойш ажилд чинь оролцоогүй. Ямар ч улстөрчийг оролцуулаагүй. Бүх ажиллах боломжийг чинь олгосон.
Гэтэл юун машин бэ, юун архи дарс вэ. Онцгой дэглэм тогтоосон, хэн ч битгий оролц гээд мань мэт нь зарим улстөрчтэй заамдалцан барин хамгаалж байдаг. Та нарын тансаглаад байж байгаа царай энэ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг наадах чинь бүхэлдээ наад эдийн засгийн том үзүүлэлт, амжилтуудыг чинь олон нийтийн дунд үгүй хийх маш хариуцлагагүй үйлдэл болсон шүү. Би үүнийг бас хатуу сануулахыг хүсч байна.
Та нар хангалттай цалинтай. Яг энэ онцгой дэглэмийн үед маргаантай асуудал өрнөж байхад дахиж ийм алдаа гаргавал өчиггүй хална шүү. Хатуу ярих нь зүйтэй. Тэгэхээр албан тушаалтнуудынхаа тансаглах гэж ядсан юмнуудаа ТӨБЗГ маш нарийн цэгцлэх ёстой шүү. Нэг ч албан тушаалтантай холбоотой компани худалдан авалт хийж болохгүй шүү” гэж сануулсан байдаг.
Эх сурвалж: polit.mn
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.