ШҮҮХ: О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын тамга хүчинтэй хэвээр

ШҮҮХ: О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын тамга хүчинтэй хэвээр
Өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдсаны дараа тус намын дүрмийн дагуу тухайн үеийн дарга С.Эрдэнэ албан тушаалаасаа огцорч тамгаа дэд дарга Ц.Туваанд хүлээлгэн өгсөн. Ц.Туваан нь намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад гуравдугаар сард зохион байгуулагдсан дотоод сонгуулиар гишүүдийн олонхийн санал авч даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд тамгаа шилжүүлсэн юм. Гэтэл хариуцлага хүлээж огцорсон хуучин дарга С.Эрдэнэ гэнэтхэн би дарга хэвээрээ хэмээн гарч ирээд сайн дураар өгсөн тамгаа хүчингүй гэж зарлуулан улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагчаар дүгнэлт гаргуулж шинэ тамга хийлгэн сүүдрийн гэмээр хоёрдогч Ардчилсан намыг байгуулсан юм. Түүний энэхүү үйлдлийн цаана тус намыг зориудаар хагалан бутаргаж улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх эрх баригчдын явуулга байсан гэж Ардчилсан намын гишүүд үздэг. С.Эрдэнэд ийм боломж олгож давхар тамгатай болгосон Улсын бүртгэлийн газрын байцаагч Д.Чинтулгын 2020 оны 12-р сарын 24-ний дүгнэлт болон шинээр тамга, тэмдэгийн дугаар олгосон улсын бүртгэгчийн 12 сарын 25-ны шийдвэрүүдийг Захиргааны хэргийн шүүхээс энэ оны 2-р сарын 2-нд түдгэлзүүлсэн байдаг. Шүүхийн энэхүү шийдвэрийг С.Эрдэнэ эсэргүүцэн давж заалдсаар байгаа ч амжилт олоогүй бөгөөд давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Юутай ч С.Эрдэнэд шинэ тамга олгосон шийдвэрийг түдгэлзүүлсэн явдал нь С.Эрдэнээс Ц.Туваанд, Ц.Туваанаас шинээр сонгогдсон дарга О.Цогтгэрэлд шилжүүлсэн тамгыг хууль зүйн хувьд хүчинтэй болгож байгаа юм. Иймд Аудитын байгууллага болон Сонгуулийн Ерөнхий Хороо өөрийн шинэ намаас өөрийгөө дэвшүүлсэн С.Эрдэнийг биш жинхэнэ Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх нь зүй ёсны юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.