Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн шаардлагад хариу өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн шаардлагад хариу өглөө

Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас ирүүлсэн “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр албан бичгээр хариу өглөө.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН “ХАРИУ ӨГӨХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн Таны 181 тоот “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичигтэй танилцлаа.

Юуны түрүүнд Монголын нийт ард түмнээс сонгогдож, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн дагуу явуулж буй үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандахыг хүсэхийн зэрэгцээ улс төрийн нэг намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Монгол төрийн тэргүүнд анхааруулга өгч, зүй бус дарамт, шахалт үзүүлж байгааг төрийн дээр нам гарсны илрэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлье.

Нэг.Таны шаардлагын 1-д “…эрх баригч намыг тараах санаархал нь Үндсэн хуульт төрийн эсрэг гэмт хэрэг болохыг анхааруулж байна. …Улсын Их Хурал, Засгийн газрыг тарааж ганц хүний дарангуйлал тогтоох гэсэн аливаа оролдлогоо таслан зогсоохыг шаардаж байна” гэжээ:

1.Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэл хугацаанд төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж ирсэн гэдгийг Танд албан ёсоор мэдэгдье. Тодотговол, Монгол ардын намын 65 гишүүний олонхоос бүрдсэн парламент 2018 оны 12 дугаар сарын эхнээс эрх мэдэл, албан тушаалын төлөө өөр хоорондоо талцан тэмцэлдэж, төрийн эрх барих дээд байгууллагыг хуралдаж чадахгүйд хүргэн, Улсын Их Хурлын үйл ажиллагааг 40 гаруй хоног зогсоон гацааж, парламентын ардчилал болон нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулсан хүнд үед Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Улсын Их Хуралд хуулийн төсөл өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх замаар төрийн тогтвортой байдлыг хангаж байсан нь саяхны үйл явдал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын төрийн тогтвортой байдлыг эрхэмлэх байр суурь, бодлого өнөөдөр ч өөрчлөгдөөгүй бөгөөд Монгол ардын намыг тараах тухай захирамж болон түүний хүрээнд ард түмэндээ хандан гаргасан илгээлтэд Улсын Их Хурал, Засгийн газрыг тараах тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй, харин эсрэгээр Улсын Их Хурлын дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, шүүгчид зэрэг нийт төрийн албан хаагчдыг нэг намын нөлөөлөл, дарангуйллаас ангижирч, гагцхүү хуульд захирагдан, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллахыг уриалсан нь нийтэд ил байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг гацаанаас нь гарган дэмжиж, Зөвшилцлийн Ажлын хэсгийг даргалж ажиллахдаа ганц хүний дарангуйлал тогтоох бус парламентын ардчиллыг улам бэхжүүлэх, үүний тулд нэг нам, бүлэглэлийн хяналтад орох эрсдэлтэй парламентыг өргөтгөх, Улсын Их Хурлын гишүүдийн тоог 108 болгон нэмэгдүүлэх, иргэд сонгогчдын саналыг гээхгүйгээр парламентад олон намын төлөөллийг оруулах боломж бүхий сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуулиар баталгаажуулах зэрэг санал гаргаж байсан нь Монгол ардын намын гишүүдийн саналаар түүхэн баримт болж, тоосонд дарагдан үлдсэн байна.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Хорь дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.”, Дөчдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно” гэж тус тус заасан.

Үндсэн хуулийн дээрх болон бусад зохицуулалтууд “улс төрийн нам тарах” нь Улсын Их Хурал, Засгийн газрыг тараах үндэслэл болохгүйг маш тодорхой илэрхийлж буй бөгөөд сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал, түүнээс байгуулагдсан Засгийн газар нь 4 жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллана гэдгийг ч мөн нэн ойлгомжтойгоор хуульчлан баталгаажуулсан байна.

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, нам-төрийн тогтолцоог засаг-төрийн тогтолцоонд бүрэн шилжүүлснээс хойш 29 жилийн хугацаа өнгөрчээ.

3.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т “…Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ…”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.” гэж тус тус заасан бол Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт улс төрийн намын үүрэг, зорилгыг тодорхой зааж, 4.2 дахь хэсэгт Монгол Улс ямар намыг хүлээн зөвшөөрөхгүйг, хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна хориглохыг тусгайлан хуульчилсан.

Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Монгол ардын намыг тараах нөхцөл бүрдсэнийг тогтоон нотолж, Улсын дээд шүүхэд зохих баримт, материалыг хүргүүлээд байна.

Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасаж, нийтэд мэдээлнэ.” гэж заасан.

Эдүгээ төрийн эрхийг хэрэгжүүлж байгаа Монгол ардын намын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, холбогдох бусад хуулийг илэрхий зөрчсөн, зүй бус үйл ажиллагааг нотлох чадамж, асуудлыг хуулийн дагуу тавьж шийдвэрлүүлэх боломж нь гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд хадгалагдах боломжтой гэж үзэж байна.

Иймд эрх баригч Монгол ардын нам, түүний эрх бүхий гишүүдийн зүгээс  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материалыг судалж:

1.Монгол ардын намыг эрх барьж байх үед Хууль зүй, дотоод хэргийн сайд /Д.Одбаяр/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагийн дарга /Н.Чинбат/, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагийн нэгжийн дарга /Г.Туулхүү/ зэрэг албан тушаалд тус намын бодлогоор томилогдон ажиллаж байсан хүмүүсээс олонх нь бүрдсэн Үндсэн хуулийн цэц өнөөдөр чандлан сахиулж, манах ёстой Үндсэн хуулиа илэрхий зөрчих, цагдаагийн өндөр хамгаалалт дор нэн хаалттай хуралдах, гагцхүү Монгол ардын намд хэрэгтэй, зөвхөн энэ намаас нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулах хэмжээний үр дагавартай шийдвэрийг хууль зөрчин гаргах болсныг авч үзэж, үүнд холбогдолгүй гэдгээ Улсын дээд шүүхэд бүрэн нотлох;

2.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг орон даяар зохион байгуулж хангах үндсэн үүрэгтэй Монгол Улсын Засгийн газар Монгол ардын намын шийдвэрээр нэг өдрийн дотор яагаад огцрох болсоныг, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын тогтвортой ажиллах нөхцөлийг хангаж, Ерөнхий сайдын бүрэн эрхийг нэмэгдүүлсээр байхад яагаад гэнэт огцорч төрийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулсныг нийт ард иргэд болон Улсын дээд шүүхэд тайлбарлах;

3.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар яагаад үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих үндсэн үүрэг бүхий Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд ирэхгүй, үүрэгт ажлаа хийхгүй байгааг нийт ард иргэд болон Улсын дээд шүүхэд тайлбарлах;

4.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газар нь хуулиар харьяалуулаагүй улс төрийн намын бүртгэлийн үйл ажиллагаанд хутгалдан оролцож, тамгыг нь хүчингүй болгон, ард түмний төрийн эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагаа явуулах болсныг авч үзэж, үүнд холбогдолгүй гэдгээ Улсын дээд шүүхэд бүрэн нотлох;

5.Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутагт салбаруудыг нь нээж, Монгол ардын намын орон нутаг дахь нэгжийн удирдлага, Монгол ардын намаас томилогдсон Засаг дарга нарыг уг холбооны салбарын удирдлага, тэргүүнээр томилж, орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох болсныг нийт ард иргэд болон Улсын дээд шүүхэд тайлбарлах;

6.Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах /авсан/ 60 тэрбумын хэргийг хууль, шүүхийн байгууллага нотолж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэсэн тул Монгол ардын нам нийт ард иргэдээсээ уучлал хүсэх нь зүйд нийцнэ.

Мөн өөрт холбогдож буй энэ мэт үйл баримтын талаарх тайлбараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэгэн адил Улсын дээд шүүхэд хүргүүлж, асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх нь Монгол ардын намын үүрэг болохоос биш Монгол төрийн тэргүүнд “…эрх баригч намыг тараах санаархал нь Үндсэн хуульт төрийн эсрэг гэмт хэрэг болохыг анхааруулж байна” гэх зэргээр нэн бүдүүлэг, дарангуй шаардлагыг хүргүүлэх нь хэт эрдсэн, бас хэтийдсэн явдал гэж үзэж байна.

Хоёр.Таны шаардлагын 2-т “…байгалийн баялаг, уул уурхайн ордуудынхаа үр өгөөжийг монгол хүн бүр тэгш, шударга хүртдэг байх тогтолцоог бүрдүүлэхийн төлөө бид тууштай ажиллах болно. Харин танаас ард түмний өмч хөрөнгө, байгалийн баялгийг хууль бусаар олж авсан этгээдүүд, хууль хяналтын байгууллага дамжсан гэмт хэрэгтнүүдийг хаацайлахгүй байхыг хүсье” гэжээ:

1.Байгалийн баялгийн үр өгөөжийг монгол хүн бүр тэгш, шударга хүртдэг байх тогтолцоог бүрдүүлэх нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын туйлын зорилго юм. Энэ ч үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх хэмжээг танан хязгаарлахыг зөвшөөрч, баялгийг нийт ард түмэнд тэгш, шударга, хамгийн гол нь шууд хүртээх эрх зүйн үндсийг Үндсэн хуульд бэхжүүлэхийг зорьж, хэрэгжүүлсэн болно.

Үр дүнд нь Таван толгойн ордын үр өгөөжөөр ашигт малтмалын 170 гаруй ордын үнэ, цэнийг өсгөх, хоёрдогч, гуравдагч зах зээлд хүрэх онцгой ач холбогдол бүхий төмөр замаа барьж, байгуулж байна.  Салхитын ордыг эзний ёсоор эргүүлэн авч, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар ахмадуудынхаа өр зээлийг тэглэж, нийт ахмадууддаа мөнгөн дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүллээ. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван туулахад Хармагтайн ордыг ашиглана гэдгээ Засгийн газар ил тод зарлаж байна.

2.Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ард түмний өмч хөрөнгө, байгалийн баялгийг хууль бусаар олж авсан этгээдүүдтэй хатуу тэмцэл хийж ирсэн бөгөөд энэ нь иргэний эрхээ хууль бусаар хязгаарлуулах, Үндсэн хууль болон холбогдох бүх хуулийг зөрчиж, хүч түрэмгийлсэн эрх баригчдын нөлөөллөөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болгоход хүргэх эрсдэлд хөтөлсөн гэж үзэж байна.

Монгол ардын намын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа стратегийн ач холбогдол бүхий Нарийн сухайт ордын хилийн дотор “Улаан сайр 1”, “Улаан сайр 2” гэсэн талбайг “Элбэг орд” ХХК-д олгож, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өөрөө 31 хувь, төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нь 69 хувийг нь эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-даа шилжүүлэн авсан нь илэрч, шалгагдсан.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын холбогдсон гэмт хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, батлан даалтад гарсан үед нь Улсын Их Хурлын гишүүний тангараг өргүүлж, халдашгүй бүрэн эрхийн хамгаалалтад авсан Монгол ардын намын бодлогыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга эрс буруушааж эсэргүүцсэн болно.

Гурав.Таны шаардлагын 3-т “…Ардчилсан намыг Улсын бүртгэлийн байгууллага хагалан бутаргасан мэтээр олон нийтэд мэдээлсэн нь туйлын хариуцлагагүй үйлдэл мөн. Харин Ардчилсан намын хагарал бутралын суурийг та тавьсан” гэжээ:  

1.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газар хуулиар харьяалуулаагүй улс төрийн намын бүртгэлийн үйл ажиллагаанд хутгалдан оролцож, Ардчилсан намын тамгыг хүчингүй болгосон зүй бус үйл ажиллагааг Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга зөвтгөж байгаа нь туйлын зохимжгүй байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын энэ бусармаг үйл ажиллагаанд Монгол ардын нам туйлын оролцоотой гэдгийг улам лавшруулж байна.

2.Ардчилсан намын огцорсон удирдлага эрх баригч нам, Та бүхний  дэмжлэгээр төрөлх намдаа талцал, тэмцлийг бий болгож, төрийн сонгуульд оролцох чадамжгүйд хүртэл нь доройтуулж байгааг гишүүд, дэмжигчдээс нь гадна иргэд олон нийт бүрнээ харж, ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ.” гэж заасан байдаг бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ардчилсан намын гишүүдэд эв нэгдэлтэй байхыг уриалж байсан нь саяхан. Ардчилсан нам бол Монгол Улсын ардчиллын нэг тулгуур багана юм.

Дөрөв.Таны шаардлагын 6-д “…Та мэдэгдэлдээ Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч гэдгээ олонтоо нотолж хэлсэн нь олон түмэнд айдас түгшүүр төрүүлж байна. Ардчилсан Монгол Улсад хунтын дарангуйлал, цэргийн дэглэм тогтоох ил далд хүсэл байна уу гэдэг болгоомжлол нийгэмд үүсээд байна” гэжээ:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна” гэж заасан бол Зэвсэгт хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт цэргийн байгууллага хууль бусаар байгуулахыг хориглоно”, Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “…цэргийн болон цэрэгжсэн… намыг хориглоно” гэж хуульчилсан.

Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг байгуулсан нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцэхгүй байсан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол Улсад цэргийн байгууллага хууль бусаар байгуулах, цэргийн болон цэрэгжсэн нам байж болохгүйг сануулсан юм.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмэндээ хандан илгээлт гаргах эрх эдэлдэг. Энэ эрхийнхээ хүрээнд гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг мушгин тайлбарлаж байгаа чинь иргэд, олон нийтийг Монгол төрийн тэргүүний эсрэг турхирсан үйлдэл болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг мөрдөх, хуульт ёсыг сахих, хуулийг дээдлэн хэрэгжүүлэхийг шаардаж буй болохоос Таны мушгисан шиг дарангуйлал тогтоох, цэргийн дэглэм тогтоох гэх зэрэг Үндсэн хуульт ёсонд харшлах алхам огт хийгээгүй, мөн хийхгүй болохыг хариуцлагатай мэдэгдэж байна.

Эцэст нь Таны шаардлагын 4, 5, 7, 8, 10-д дурдсан зүйлүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материал, Улсын Их Хуралд хүргүүлсэн санал, мэдэгдэл, хориг, холбогдох бусад баримтуудаар бүрэн үгүйсгэгдэнэ гэдгийг сануулахын зэрэгцээ Таны шаардлагын 9-д дурдсан зүйл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг гүтгэн харлуулах, нэр төрд нь  халдах гэсэн явуургүй оролдлого гэдгийг тодотгоё.

Иймд коронавируст цар тахлын хүнд үеийг улс төрийн явцуу зорилгоор ашиглах, төрийн байгууллагуудыг улс төрийн үйл ажиллагаандаа татан оролцуулах, хуулийг мушгин дарангуйлах зэрэг зүй бус хандлагаа таслан зогсоож, нэг эх оронтой, нэгдмэл төртэй, түүхт улс гэдгээ ухамсарлан, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чанд сахиж, хуулийн хүрээний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг уриалъя.

Хавсралтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материалыг хүргүүлэв” гэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.