Нийслэлийн Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын дэмжлэг хүссэн албан хүсэлтээ илэрхийллээ. Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийн хувьд дэд бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хангалттай бус хэвээр байна. Тиймээс ч тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд Баянзүрх дүүрэгт зайлшгүй барих шаардлагатай нэгдсэн эмнэлгийг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр зураг төслийг нь хийж, Сонгинохайрхан дүүрэгт барьж ашиглалтад оруулсан эмнэлгийн жишгээр барих саналтайгаа гишүүд танилцуулав. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлэхдээ “Сонгинохайрхан дүүрэгт баригдсан эмнэлгийн зураг төслийн тухайд хамгийн орчин үеийн, олон улсын жишиг төсөл болсон. Тиймээс ч улсаас нэмж зардал гаргахгүйгээр энэ зургаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг барих саналтай байна. Тухайн газар орчин, хөрсний бүтцэд тааруулж зураг төслийг завсварлах нь шинээр зураг төсөл гаргаж байснаас зардлын хувьд хамаагүй бага байна” гэж байлаа. Баянзүрх дүүрэгт баригдах эмнэлгийг тус дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шар хад орчимд барих боломжтой бөгөөд хоёр га орчим газрыг чөлөөлөх талаар Нийслэлийн удирдлагуудаас анхаарч байгааг гишүүд ярьж байв. Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргийн иргэдэд хэрэгцээ шаардлагатай байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах тал дээр гишүүд санаачлагатай хандаж байгаад талархал илэрхийлээд Засгийн газрын ээлжит хуралдаанд тус асуудлыг оруулж тэмдэглэл гаргаж, ирэх жилийн улсын нэгдсэн төсөвт тусгуулах асуудлыг Сангийн сайдад, эмнэлгийн зураг төслийг завсарлаж хийх ажлыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгаж анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.