Мьянмар улсад шашны сургуульд залуусаа сургах бодолтой гэв

Мьянмар улсад шашны сургуульд залуусаа сургах бодолтой гэв
Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 14-16-ны өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийж байгаа билээ.
 
Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Мьянмарын Ерөнхийлөгч Тин Чяу хэлэхдээ “Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд манай улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд гүнээ талархал илэрхийлье. Таныг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад тавта морилохыг хүсье” гэв.
 
Харин Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Намайг болон миний дагалдан яваа зочид төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсанд талархаж байна. Хоёр улсын хоорондын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд айлчилж байгаадаа баяртай байна. Манай хоёр улсын хооронд харилцаа хамтын ажиллагаагаа сайжруулах салбар, нөөц боломж их бий. Сүүлийн жилүүдэд хоёр талын өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж нэмэгдэж байгааг дурьдахад таатай байна. 
 
Мьянмарын Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн албан төлөөлөгчид Монголд айлчлан ирсэн. Энэ харилцааны дүнд хоёр улсын ард иргэд маань харилцан туршлага суралцах, бие биенээ дэмжих эрмэлзэлтэй болж байгаа нь хамгаас сайшаалтай. Монголчууд 1990-ээд оноос ардчилалд шилжин зах зээлийн эдийн засгийг сонгосон. Аливаа өөрчлөлт шилжилтийг хийх тухай ярих, хэрэгжүүлэх хоёр тэс ондоо. Энэ хүнд бэрх замыг туулсан бид сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцахыг хүсдэг.  Бид Мьянмар Улсад өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирээд байна.
 
Өнөөдөр бид “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” семинарт оролцоод ирлээ. Энэхүү семинарт байгалийн баялгаас орох ашиг орлогыг хэрхэн оновчтой зарцуулах, ашгийг ард иргэдэд эн тэнцүү хуваарилахын тулд сайн засаглалыг бүрдүүлэх нь чухал гэх мэт чухал сэдвийг хөндөж ярилцлаа. Мьянмарын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах болсонд тань баяр хүргэе.
 
Таны манлайллын дагуу Мьянмар улам бүр хөгжин цэцэглэж, улам нээлттэй улс орон болно гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ. Мьянмарын Ерөнхийлөгч Тин Чяу “Ардчиллын замыг сонгон амжилт бүтээлээр дүүрэн яваа Монголын ард түмнээр бахархдаг. Энэ чиглэлээр манай хоёр орон харилцан туршлага солилцож байгаад баяртай байна. Монгол Улс өөрийн хөрш орнууд, бүс нутаг, тив дэлхийн орнуудтай, НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудтай эвийн сайхан харилцаатай байдгийг бид сайшаадаг” хэмээв.
 
Ерөнхийлөгч хариу хэлэхдээ “Манай хоёр орны ард иргэд шашин шүтлэг, түүх соёл, оюун санааны сэжмээр холбогддог. Энэ чиглэлээр хамтран ажиллаж, буддын шашны сургуульд сурах сонирхолтой залуусаа харилцан илгээн сургах боломж бий. Мөн Монгол Улс нь олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхитэй оролцон олон улсын цэргийн хээрийн сургалт, дадлагыг зохион явуулдаг. Энэ арга хэмжээнд Мьянмарын зэвсэгт хүчний бие төлөөлөгчдийг оролцуулбал бид нээлттэй хүлээн авах болно.
 
Мөн манай хоёр орны хооронд эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа болон бусад салбаруудад харилцааг өргөжүүлэх өргөн боломж байна. Удахгүй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд түвшний уулзалт болно. Энэ арга хэмжээнд Мьянмар Улс идэвхитэй оролцоно гэдэгт найдаж байна. Та бүхний оролцоо бидний хувьд томоохон дэмжлэг болно” хэмээв. Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тин Чяу нар хоёр талын баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Мөн энэ өдөр Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чийтэй уулзлаа.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.