“Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг батлав

“Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг батлав
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 28 -ны лхагва гарагт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
“Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг батлав.
 
Тогтоолд Таван толгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг тус тус  техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
 
Тавантолгойн ордын нүүрсийг нэмүү өртөг шингээн баяжуулж, эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх замаар ордын үнэ цэнийг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамж орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулах нь чухал юм.
 
Таван толгой нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ сард хэлэлцэн баталсан бөгөөд энэ оны долоодугаар сард багтаан төслийн урьдчилсан зураг төслийг хийж дуусгахаар төлөвлөжээ.
 
Тус нүүрс баяжуулах үйлдвэр нь тус бүр 10 сая тн/жил хүчин чадал бүхий 3 блокоос бүрдэх бөгөөд үйлдвэрийн бүрэн хүчин чадал нь 30 сая тн/жил байх юм. Төслийн нийт өртөг 911.53 сая ам.доллар, хөрөнгө оруулалтаа 7 жилийн дотор нөхөх өндөр үр өгөөжтэй гэж үзэж буй. Үйлдвэрт Тавантолгойн ордын коксжих, сул коксжих нүүрсийг баяжуулж, хатуу коксжих нүүрсний баяжмал, хагас зөөлөн коксжих нүүрсний баяжмал, мидлингийг гаргаж, дэлхийн зах зээлд нийлүүлнэ.  
 
Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор мянга орчим ажлын байр шинээр бий болж, улсын болон орон нутгийн төсөвт 208.45 сая ам.долларыг төвлөрүүлэх боломжтой аж.
 
Товчоор
  • “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн сайд танилцуулав. Хөтөлбөрийн хүрээнд нийт 56 арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд үүнээс 25 арга хэмжээг энэ онд, 3 арга хэмжээг 2021-2022 онд, 17 арга хэмжээг 2021-2024 онд, 11 арга хэмжээг халдвар тархалтын шаталсан түвшин, нөхцөл байдлаас хамаарч тухай бүр хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд энэ сарын 26-ны өдрийн байдлаар 604.2 тэрбум төгрөгийг 8,784 зээлдэгчид олгоод байна.
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын талаар хийж буй судалгааны төслийн ажлын талаар Эрүүл мэндийн сайд танилцуулав. Энэ чиглэлээр 2020-2021 онд нийт 14 судалгаа  хийж байна. 
  • Жендерийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Тус хороонд зарим холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг нэмэв. Мөн Жендерийн Үндэсний хорооны дэргэд жендерийн эрх тэгш байдлыг хангах хөгжлийн бодлогын үйл ажиллаагаг тодорхойлох, хэрэгжүүлэхэд стратегийн дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэгтэй Бодлогын зөвлөл ажиллах болсон юм

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.