Х.Баттулга Оюу толгойн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлиг гаргав

Х.Баттулга Оюу толгойн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлиг гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Ард иргэд ээ,

Миний бие өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хүргүүллээ.

Учир нь маргаашнаас хатуу хөл хорио тогтоох буюу дөрөвдүгээр сарын 25, 26-ны өдрийг хүртэл энэ нөхцөл байдал хүндрэх шинжтэй байна. Яагаад гэвэл 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улс Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хугацаатай давхцаж байна. Ийм учраас дээрх зарлигийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ.

“Оюу толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татан дуудсан маргаанд ердөө цөөн хэдэн хоногийн дараа буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан Монгол Улсын Засгийн газар хариу няцаалт хийх, байр сууриа илэрхийлэх хуваарь тов гарсан мэдээллийг Ерөнхийлөгчийн Ажлын албаны төлөөлөл долоо хоногийн өмнө авсантай холбоотой.

Маргааны хүрээнд Монгол Улсын Засгийн газарт хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч, дэлхийн шилдэгт тооцогдох хуулийн зөвлөх байгууллага нь “Оюу толгойн төслийн гэрээ, хэлцлүүдийг тойрсон авлигын шинжтэй онц ноцтой үйл баримтууд дэлхийн 6 улсын шүүхэд явагдаж буй ажиллагаагаар илэрч тогтоогдсон, гэрээ байгуулахад шударга бус арга хэрэглэсэн асуудлыг арбитрын шүүхэд сөргүүлэн тавих замаар Монгол орон өөрсдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээн эдлэх боломжтой тухай”, “энэ агуулгаар сөрөг нэхэмжлэлийг гаргах шаардлагатай” болохыг удаа дараа зөвлөмжөөр ирүүлсээр байжээ.

Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” компани олон улсын арбитрын шүүхэд эхлүүлсэн энэхүү маргаанд манай орон шударга ёсны хүсэмжлэл, шаардлагаа дэвшүүлэн тавьж, хуулийн зөвлөхийнхөө тусгайлан зөвлөсөөр ирсэн тэрхүү сөрөг нэхэмжлэлийг гаргах явдал нь:

  • Оюу толгойн төсөлд хамааралтай гэрээ, хэлцлүүдийг шинэчлэн байгуулах,
  • маргаантай асуудлаар манай улс язгуур ашиг сонирхлоо хамгаалж, нийт монголчууд байгалийн баялгийн үр шимийг тэгш шударгаар хүртэж байх нөхцөлийг хангах,
  • цаашлаад хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай, нээлттэй хамтран ажиллах

эрхэм дээд үйл хэргийг амжилттай бүтээх түүхэн бололцоог олгохуйц амин чухал ач холбогдолтой болоод буй онцгой цаг үе тохиосон байна.

Монгол Улсын болон гадаад улсын шүүхүүд, түүнчлэн Монгол Улсын прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газруудын явуулж чадсан олон улс дамнасан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд, Оюу толгой болон манай орны байгалийн үнэт баялгийг наймаалцаж, хэмжээлшгүй хөрөнгөжсөн, хууль бус сүлжээ ил болсноор, тухайлбал Оюу толгойн төслийн хөрөнгө оруулагч талд үндэслэл бүхий шахалт шаардлага бодитоор бий болж эхэлж буйн зөвхөн эхний үр шимийг сүүлийн өдрүүдэд монголчууд бид нийтээрээ ажиглалаа.

Оюу толгойн орд ашиглах гэрээ, хэлцлүүдийг шударга ёсонд нийцүүлэх нь зөвхөн Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг жинхэнэ утгаар нь бэхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын шударга, таатай орчныг хангах, хоёр хөрш, гуравдагч хөрш, олон улсын тавцан дахь нэр хүнд, хамтын ажиллагаа, Монгол Улсын гэрэлт ирээдүйг баталгаажуулан, шинэ эрин цагийг итгэл төгс эхлүүлэхэд онцгой тустай юм.

Үүний учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт хандаж, олон улсын арбитрын шүүхэд “Оюу толгой” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох арбитрын маргаанд өөрийн улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шаардлагын үүднээс нэн даруй сөрөг нэхэмжлэл гаргаж, холбогдох арга хэмжээ авах зарлигийг хүргүүлсэн болно.

Эрх баригч үнэмлэхүй олонх ард түмний элч төлөөлөгч болохоо умарталгүй, улс төрийн нам, бүлэглэлийн явцуу ашиг сонирхлоос эн тэргүүнд улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үнэнч байж, зарлигийг хүлээн авч шийдвэрлэнэ хэмээн найдаж байна.

Сүүлийн жилүүдэд Эрдэнэтийн зэсийн орд, Салхитын мөнгөний ордоос орж ирсэн бодит үр ашиг, мөн Оюутолгойн гэрээ, хэлэлцээр хийхээр хөрөнгө оруулагчид нааштай хандаж байгаа зэрэг нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагуудын авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, хил дамнуулан нуун байршуулсан хөрөнгийг олж тогтоон илрүүлэх, улмаар Монгол Улсад буцаах ажил, хүчин чармайлтын үр дүн гэдгийг Та бид бүгд мэдэж байгаа.

Энэ нь монголчууд бид нэгдмэл нэг санаа зорилготой, зөвхөн улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг тэргүүнд эрэмбэлж, эрхэмлэн ажиллаж чадвал бүх зүйлд ахиц, дэвшил гаргана гэдгийг маш тодорхой харуулж байгаа хэрэг юм шүү.

Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн анхаарч, дэмжиж ажиллаарай гэж хүсье. Баярлалаа” гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.