Ж.Батзандан: Намайг намын дарга болчих вий гэж нойргүй хонож байгаа хүмүүст нэг л зүйл хэлнэ

Ж.Батзандан: Намайг намын дарга болчих вий гэж нойргүй хонож байгаа хүмүүст нэг л зүйл хэлнэ
УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 
 
-АН-ыг шинэчлэх шаардлагатай байна гэцгээж  байгаа. Та ямар шинэчлэл хүлээж байгаа вэ?
 
-Шинэчлэл гэдэг бол хоёр янз. Нэгдүгээрт, өнгөн засал буюу нүүрээ будаад цаашаа явах өнгөн шинэчлэл хийх. Хоёрдугаарт, агуулгын шинэчлэл хийх буюу АН-ыг үндсээр нь өөрчлөх гэсэн хоёр хэлбэрийн шинэчлэл байна. Шинэчлэл ярьж байгаа хүмүүсийн зарим нь нэг дэх замын тухай ярьж байгаа. Ялангуяа манай фракцийн дарга нар нүүрээ будаад, косметик мэс засал хийгээд АН-ыг цааш нь авч явахыг хүсч байна. Манай залуу үе буюу 70-80-аад оныхон намаа агуулгын хувьд үндсээр нь шинэчлэх асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр шинэчлэлийн тухай ярьж байгаа хүмүүс дотроо 2-3 хэсэгт хуваагдаад байна. 
 
-Та аль хэсэгт нь багтаад байгаа юм бэ? 
 
-Би залуучуудтай, шинэ үеийнхэнтэй санал нэг байгаа. АН-д агуулгын шинэчлэл хийх ёстой. Өөрөөр хэлбэл, хэлбэрийн төдий бус суурь шинэчлэл хийх учиртай. Энэ тал руугаа явцгаана гэдгийг дэмжиж байгаа. 
 
-АН-ынхан яагаад ялагдлын дараа шинэчлэл хийх болов. Өмнө нь энэ шинэчлэлийг хийж болоогүй юм уу?
 
-Угаасаа хүний араншин. Ялсан нам буюу эрх мэдэлтэй хүн хэзээ ч бодит өөрчлөлт, шинэчлэлт хийж чаддаггүй. Өөрийнхөө алдааг олж хардаггүй. Энэ бол хүний бач. Харин ялагдсан нам, ядарсан хүн хоёр илүү ухаантай байдаг. Ялагдлын дараа амьдралаа эргэцүүлж боддог. Алдаа, оноогоо тунгааж, харах боломжтой болдог. Тэгвэл АН 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсан учир өнөөдөр шинэчлэлийн тухай ярьж байна. 
 
-АН ялагдаад одоо л ухаан сууж, шинэчлэл яриад эхэллээ гэлээ. Угаасаа энэ ялагдал хэрэгтэй зүйл байсан юм биш үү?
 
-Угаасаа шинэчлэлийн тухай ярих ёстой. Ялагдсан учир шинэчлэгдэж, өөрчлөгдөх учиртай. Хэрвээ АН одоо л шинэчлэгдэхгүй юм бол дахин хэзээ ч сонгуульд ялахгүй. Тэгээд ч одоо өөрчлөлтийг хийж чадахгүй бол улс төрийн тавцангаас арчигдана. Энэ бол маш тодорхой харагдаж байгаа. 
 
-Намын ахмад гишүүд ч тэр, залуу гишүүд ч АН фракциудын хагарлаас болоод ялагдсан гэх юм. АН одоо хийх шинэчлэлээрээ фракцигүй улс төр рүү орж чадах болов уу?
 
-Фракцигүй улс төр рүү орох ёстой. Фракцигүй, хуваагдалгүй. нэгдмэл АН-ын төлөө бид явна. Ер нь фракцийн хэдэн дарга нар л фракцитай байхыг хүсч байгаа. Түүнээс намын жирийн гишүүд, дэмжигчид бол бүгд фракцигүй намын төлөө байгаа гэдгийг би маш сайн мэдэж байна. Учир нь иргэд олон түмэнтэй уулзах болгонд фракцийн асуудлыг цэгцлэхийг, явцуу эрх ашгийн фракцийг татан буулгаж, мэргэжлийн бодлогын зөвлөл рүү шилжихийг шаарддаг. 
 
-ҮЗХ-ны хурал хойшилчихлоо. Энэ удаагийн хурлаар ямар асуудлыг хэлэлцэх юм бол?
 
-Миний бодлоор энэ ҮЗХ бол яг АН-ын зөвлөлдөх хороо биш. Энэ бол нэг фракцийн давамгайлсан ҮЗХ. Маш тодорхой хэлбэл Н.Алтанхуягийн ҮЗХ юм. Өөрөөр хэлбэл, одоо хуралдах гэж байгаа ҮЗХ бол АН-ын зөвлөлдөх хороо биш Алтанхуягийн зөвлөлдөх хороо. 
 
-Яагаад?
 
-АН 2012 оныг хүртэл ҮЗХ-той байсан. Тэр ҮЗХ бол шинэчлэгддэг, жил бүр салхи ордог хороо байсан. Харин 2012 онд ҮЗХ-д шинэчлэл хийх буюу шинэ гишүүд оруулахыг дүрмээр хаасан. Тэр цагаас хойш АН дампуурч эхэлсэн. Нам нэг хүний гарт орсон. Шуудхан хэлэхэд Н.Алтанхуягийн гарт орсон юм.
 
Тиймээс одоо хуралдах Н.Алтанхуягийн ҮЗХ АН-ыг шинэчилж чадна гэдэгт би итгэхгүй байгаа. ҮЗХ-ны гишүүдийн 65 хувь нь Алтанхуягийн хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, түүний ах, дүү, хамаатан садан, найз, нөхдүүд байгаа. Алтанхуягийн ах, дүү, хамаатан садан Монголыг ардчиллыг аварч чадна гэдэгт би итгэхгүй байна. Тиймээс энэ ҮЗХ-г татан буулгаж, намын их хурлаар намын шинэчлэлийн асуудлыг цогцоор нь авч үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. 
 
-Намын даргын марафонд хэд хэдэн хүн яригдаж байна. Үүн дотор таны нэр яригдаад байгаа?
 
-Нэг зүйлийг би хэлье. Намын дарга хэн болох вэ гэж бодохоосоо илүүтэй намын дүрэм, журмаа яаж шинэчлэх вэ гэдэгт санаагаа чилээх хэрэгтэй байна. Батзанданг намын дарга болчих вий гэж нойргүй хонож байгаа хүмүүст хандаж нэг л зүйл хэлнэ. Намын шинэчлэлийн төлөө бүгдээрээ нэгдэх хэрэгтэй. Батзандан намын дарга болох, болохгүй нь номер нэг асуудал биш. Тийм ч чухал асуудал биш шүү дээ. Болж ч болно, болохгүй ч байж болно. Намын эрх ашиг, улсын эрх ашиг нэгдүгээрт тавигдана. Өөрөөр хэлбэл, Батзандангийн эрх ашиг намын шинэчлэлийн дэргэд өчүүхэн эрх ашиг. Би намын дарга болох албагүй. Би намын шинэчлэлийн төлөө явж байгаа болохоос биш намын дарга болохын төлөө яваагүй гэдгээ тодорхой хэлмээр байна. 
 
-Таны хэлж байгаагаар ҮЗХ-ны хурлаас их зүйл хүлээх хэрэггүй. Харин намын их хурлаас нэлээд үр дүн гарах юм байна, тийм үү?
 
-Бид намын их хурлаа өргөн бүрэлдэхүүнтэй хуралдуулах хэрэгтэй. Энэ удаагийн хурлаар намын шинэчлэлийн хөтөлбөрийг батлах шаардлагатай. Одоо АН-ын  ҮЗХ, хяналтын ерөнхий хороо, дүрмийн хороо гээд шат шатны байгууллагууд бүгд татан буугдах хэрэгтэй. Учир нь АН нэг бизнес бүлэглэлийн нам болсон. Тиймээс одоо их цэвэрлэгээ хийх цаг нь болсон. Манай намын гишүүд ухамсартай байх цаг үе ирээд байна. 
 
-Эрх барьж буй МАН өртэй, санхүүгийн хүнд нөхцөл байдалтай улс орныг танай намаас хүлээн авлаа хэмээж буй. Улс орны байдал үнэхээр тийм хүнд байгаа юм уу?
 
-МАН-ынхан гоншигонох хэрэггүй. Ганцхан Монгол Улсын эдийн засаг хүндрээд байгаа юм биш. Дэлхийн эдийн засаг маш хүнд байгаа. Эдийн засгийн хямралаас гаргана, улс орныг дампуурлаас гаргана гэж амлаж, сонгуульд оролцсон. Үүнд итгэсэн иргэд, сонгогчид МАН-д саналаа өгсөн. Тиймээс одоо ажлаа хийх хэрэгтэй.
 
Монгол Улсын эдийн засаг сүүлийн он жилүүдэд дэлхийн эдийн засгийн хямралаас шалтгаалж, хүндэрсэн тал бий. Түүнчлэн бодлогын зарим нэгэн алдаа гарсан тал бий. Харин үүнийг засч залруулах эрх нь МАН-ынханд байна. Засч, залруулна гэж төрийн эрх мэдлийг авсан. Тиймээс ажлаа хийх хэрэгтэй л гэж хэлмээр байна. Одоо хойшоо биш. Урагшаа харж ажиллах шаардлагатай. 
 
-Төв банк саяхан бодлогын хүүгээ нэмчихлээ. Энэ зөв гарц мөн үү?
 
-Төв банкинд бодлогын хүүг нэмэх, бууруулах эрх нь байгаа. Монгол Улсад санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж бий. Энэ байгууллага макро эдийн засгийг мөнгөний бодлогоор удирдах үүрэгтэй. Монгол төгрөгийн ханш огцом унаж байгаа. Тиймээс бодлогын хүүг нэмэгдүүлэх боломж бүхий энэ алхмыг хийсэн. Буруутгах арга байхгүй. 
 
-Хямралыг даван туулахын тулд бараг бүх зүйлийг хасч, танаж байна. Энэ байдлаараа ойрын хугацаанд эдийн засаг сэргэх магадлал байгаа юу ? 
 
-Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлэхээс бүх зүйл хамаарна. Засгийн газар хөрөнгө оруулалтыг танах, дотоодын эдийн засгийн эрчимжүүлэх зөв бодлого хэрэгжүүлж чадвал Монголын эдийн засаг амархан сэргэнэ. Учир нь Монголын эдийн засаг жижиг эдийн засаг. Импортыг хоёр тэмбум долларт хүргээд, дотоодын эдийн засгийн идэвхжлийг сайжруулчихсан байхад л Монголын эдийн засаг болоод хувийн хэвшил маш хурдан хөл дээрээ босно. Би Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзсан.
 
Өнөөдөр Монголын бүх аж ахуйн нэгжүүд иргэд өрийн сүлжээнд орсон. Тиймээс өрийн хямрал ганцхан төрийн хямрал биш. Нийгмийн хямрал болж даамжирч байна. Тиймээс Засгийн газар нэгдүгээрт хийх ажил бол иргэд, аж ахуйн нэгжүүдээ өрийн хямралаас гаргах явдал юм. Тиймээс энэ чиглэлд дорвитой бодлого явуулах чиглэлийг хэлсэн.  
 
-Та сая Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн удирдлагуудын төлөөлөлтэй уулзсан байсан. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ маш муу байна гээд яамд дээр цэцэрлэг байгуулаад эхэллээ. Энэ зөв алхам байж чадах уу?
 
-Төрийн байгууллага дээр цэцэрлэг, сургууль байгуулахыг аргаа ядсан арга л гэж харж байгаа. Асуудлыг шийдэх сайн арга биш. Ард түмний хүүхдүүдийг яамны цэцэрлэгт явдаг, жирийн цэцэрлэгт явдаг гэж ялгаж болохгүй. Засгийн газарт эрх нь байгаа. Хүүхэд харах үйлчилгээний цэгүүд, түрээсийн цэцэрлэгүүдийг ажиллуулах замаар цэцэрлэгийн асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Тиймээс байгууллага хууль зүйн орчиндоо тааруулж, сургууль, цэцэрлэгийн асуудал дээр онцгойлон анхаарах хэрэгтэй.
 
Миний бие хэд хоногийн өмнө Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн багш, эрхлэгч болон нийслэлийн боловсролын асуудал хариуцсан хүмүүстэй уулзсан. Сүүлийн жилүүдэд намар бүр цэцэрлэг, сургуулийн асуудал бухимдал дагуулдаг. Тиймээс энэ асуудлыг бодлогоор нь буюу цогцоор нь шийдэх учиртай.
 
Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баянзүрх дүүрэг дээр 15 цэцэрлэг шинээр барьсан. Гэсэн хэдий ч цаана нь нийт хүүхдийн 40 хувь нь цэцэрлэггүй л байна. Энэ нь цэцэрлэгийн асуудлыг шийдэх өнөөгийн бидний арга барил буруу байгаагийн шинж. Тэгэхээр цэцэрлэгийн асуудлыг шийдэх олон аргачлал бий. Хувийн цэцэрлэгүүдийг дэмжих, хувийн болон төрийн хамтарсан цэцэрлэгүүдийг дэмжих, хүүхэд харах үйлчилгээний цэгүүд болон түрээсийн цэцэрлэгүүдийг ажиллуулах гээд олон арга байна. Харин яамны дэргэд цэцэрлэг байгуулах бол хамгийн сүүлчийн буюу хамгийн муу арга. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.