П.Цагаан АН-ын шинэчлэлийн марафонд “гүйх”-ээ мэдэгдлээ

П.Цагаан АН-ын шинэчлэлийн марафонд “гүйх”-ээ мэдэгдлээ
Монгол Улсын Ерөнхий­лөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлын үеэр тэрбээр хэлсэн үгэндээ “Миний бие 2009 оноос хойш өнөөг хүртэл  Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Дэд бүтэц, эрдэс баялаг, Хуулийн зөвлөх, Цэрэг, Аюулгүй байд­лын зөвлөх,  ахлах зөв­лөх, Тамгын газрын дар­гаар ажиллаж, Монгол Улсын Төрийн тэргүүний га­даад, дотоод бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөл­бөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад бүхий л хүч чадлаа зориулан ажиллаж ирлээ. 
 
Эдүгээ Ерөнхийлөгчийн Тамгын газар хамгийн  тогтвортой, тасралтгүй, гацаагүй, хүнд сурталгүй үйл ажиллагаатай институци болж төлөвшсөн. Чадварлаг залуу хамт олноос бүрдэж байгаа. Цаашид ч энэ эрч хүчээрээ ажиллана гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Энэ жил гэхэд л үндэсний түүх, соёлтой холбоотой арга хэмжээ болон АСЕМ, Олон улсын монголч эрдэмтний их хурал гээд олон ажлыг амжилттай зохион байгуулсныг та бүхэн сайн мэдэж байгаа” гэлээ. 
 
Тэрбээр энэ удаад Ерөнхий­лөгчийн болон Ерөнхийлөг­чийн Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэнгүй. 
 
Харин өөрийн гаргасан улстөрийн шийдвэрийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Өнөөдөр Монголын нийгэмд хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэх, Монголын ирээдүйг тодорхойлоход  АН-ын хүлээх түүхэн үүрэг их билээ. Өнөөгийн Монголын нийгэмд тулгарсан хүндрэл бэрхшээл, сорилт бол засаглалын чадавхи сул, улс төрийн намуудын төлөвшлөөс улбаатай гэж үзэж байгаа. Монголын ард түмэн ардчиллыг, АН-ыг байнга дэмжиж, ихийг хүлээдэг. Харамсалтай нь тэр итгэлийг манай нам дааж чадахгүй байна.
 
Энэ нь намаа олон фракцад хуваасан, дүрмээ мөрддөггүй, боловсон хүчний  зөв бодлого баримталж чадаагүй гээд олон шалтгаантайг та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс АН-ыг тогтсон үзэл баримтлалтай, тогтвортой бүтэцтэй, судалгаанд суурилсан хөгжлийн бодлоготой, цэгцтэй боловсон хүчний бодлоготой болгох хэрэгтэй байна. Түүнчлэн улс төрийн өрсөлдөөний шинэ соёлтой, нээлттэй,  өрсөлдөх чадвартай улстөрийн хүчин болгох шаардлага, зорилт, сорилт тулгарч байгаа. Ийм нөхцөлд Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааг намын гишүүд, олон түмний оролцоотойгоор улс орны ирээдүйн хувь заяа, эрх ашигт нийцэхүйц байдлаар шинэчлэх хэрэгтэй.
 
Өөрөөр хэлбэл, АН-ыг ардчиллын  суурь үнэт зүйлсийг мэддэг дээдэлдэг, эрхэмлэдэг залуу үеийнхнээр бэхжүүлэхийг цаг үе шаардаж байна. Энэхүү шинэтгэл,  шилжилтийн хариуцлагатай, эгзэгтэй цаг үед миний бие ямагт үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, АН-аа нэг цул байх ёстой гэж үзэж ирсэн. Энэ удаад уг байр сууриа дахин нотолж,  хуримтлуулсан төрийн болон улс төрийн ажлын туршлага, эдийн засаг, улс төр, хууль цааз, гадаад харилцааны мэдлэг боловсролоо АН-ын намынхаа шинэтгэлийн үйлсэд зориулах нь зүйтэй гэж шийдсэнээ та бүхэнд мэдэгдэж байна” гэлээ.
 
Тиймээс П.Цагаан дарга Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа өгч, АН-ын шинэчлэлийн ажилд гар бие оролцохоор болж байгаа ажээ. Энэ талаараа тэрбээр “Аливаа шинэтгэлийг түүнийг зайлшгүйг ойлгосон, мэдэрсэн, бас хэрэгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүс л хийдгийг би мэднэ. Энэ амаргүй үйл хэргийг манлайлж, хатаагдсан ахмад үе, ид жагсаж яваа дунд үе, ихийг бүтээх өрнүүн эрмэлзлэлтэй залуу үеийнхний холбоос, гагнаас, гүүр нь болон хамтран ажиллаж, зохион байгуулж хүссэн үр дүнд хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээлээ. 
 
Ингээд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
-АН-ын шинэчлэлийг яаж хийх юм бэ?
 
-Намын шинэтгэл гэдэг бол нэг хүний ажил биш. Нийт намын гишүүдийн, олон хүний буюу багийн ажил. Бид намаа шинэчлэнэ. АН судалгаанд суурилсан, боловсон хүчний бодлоготой, үзэл баримтлалтай, ардчилалын суурь үнэт зүйлийг мэддэг, судалдаг, залуу үеийнхнээр бэхжүүлэх болно. Ер нь хийх ажил маш их байгаа. 
 
-АН олон фракцтай. Таны шинэчлэлийг намын эдгээр фракцууд дэмжих болов уу?
 
-Ер нь намын гишүүд фракцгүй байх ёстой. Уг нь АН гэдэг чинь өөрөө нэг том фракц байхгүй юу. Гэтэл тэр фракц гэдэг чинь жижигрэх тусмаа Тангадын Галсан гуайн хэлдэг шиг хуваагдахын хүрд болдог. Тиймээс АН улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй байна. 26 жил болчихлоо. Улс төрийн шинэ соёл, өрсөлдөөний шинэ соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй байна.
 
Улс орны ирээдүйн хувьд заяаг АН шийдвэрлэх үүрэгтэй байх ёстой юм байна гэдгийг өнгөрсөн түүх болоод өнөөдрийн амьдрал амьдрал харуулж байна. Өнөөдөр Монгол Улсад хуримтлагдсан асуудлыг шийдэж байгаа байдлыг харсан ч АН шийдвэрлэх үүрэгтэй байх ёстой гэдгийг харуулж байна. Уг нь ард түмэн АН-ыг дэмждэг, том зүйлийг хүлээдэг. Харин тэдний хүлээлт буюу итгэсэн итгэлийг нь дааж чадахгүй алдаж, мунгинаад байгаа болохоос. Одоо эрийн цээнд хүрлээ. Шинэчлэгдэх цаг хангалттай болсон гэж үзэж байна. 
 
-Таныг ажлаа өгөөд АН-ын дарга болно гэсэн яриа байна. Энэ тухайд?
 
-Манай намын ҮЗХ-ны хурал маргааш /өнөөдөр/ 14:00 цагт болно. Намын дарга болон ЕНБД сонгуулийн үр дүнгээс хамааран улс төрийн хариуцлагаа хүлээх ээ мэдэгдсэн. Маргааш /өнөөдөр/ хурал дээр асуудлууд шийдэгдэх байх. Намын шинэчлэл олон хүний оролцоотой хийгдэх ёстой. Ардчилсан намын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хэрэгтэй байна. АН-ын даргыг энэ оны арванхоёрдугаар сарын 26 хүртэл их хуралдаа бэлтгэнэ. Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр шинэ удирдлагатай болно гээд мэдэгдчихсэн байгаа. АН-ын даргын тухайд бүгд л энэ марафонд зүтгэх гэж байгаа биз дээ. 
 
-Ерөнхийлөгчтэй ярилцсан уу. Таны энэ шийдвэрийг дэмжиж байгаа юу?
 
-Ерөнхийлөгчтэй ярилцсан.
 
-Та аль фракцийг төлөөлөх вэ? 
 
-Би аль нэгэн фракцийг төлөөлдөггүй. АН бол нэг том цул фракц байх ёстой гэж үздэг. Энэ байр сууриндаа үнэнч байсан. Цаашид ч байр сууриа баримтлах болно гэж үзэж байгаа.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.