Тэнэглэж бас тэсэрч чаддаг У.ХҮРЭЛСҮХ

Тэнэглэж бас тэсэрч чаддаг У.ХҮРЭЛСҮХ
“Монголын мэдээ” сонин “Хэн нь хэн бэ” булангаараа “Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газрын сайдуудыг хүргэж байгаа билээ. Хамгийн эхний дугаартаа Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг онцолсон бол энэ удаагийнхаа дугаарт энэ Засгийн газрын “ээж” болох Шадар сайд У.Хүрэлсүхийг онцолж байна. 

Улс төрд хаалга тогшилгүй орж ирсэн нөхөр 

МАХН-ын  бурхиуд “Улс төрд хаалга тогшилгүй орж ирсэн” нөхөр хэмээж,  ад үзэнгүй байсан ч чухамдаа 22 настай цэргийн бага даргыг дарцаг барих хэмжээнд хүртэл хөөрөгдөж,  тархийг нь угааж, намын элгэнд нааж чадсан хүмүүс бол МАХН-ын тухайн үеийн нөлөө бүхий кадрууд.  Өөрөө ч түүнийгээ “Өчүүхэн жижиг завьтай нэг муу хүүг улс төр гэдэг том далайд гаргаж өгсөн хүн бол Б.Даш-Ёндон, Н.Багабанди, Н.Энхбаяр гурав” хэмээсэн байдаг. Харин тэр эдүгээ дарцаглаж давхих бус бусдыг харин дарцаглуулах хэмжээний улстөрч болсон.
 
Нэгэн цагт Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч явсан залууг 1991 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан болж, суга дэвшин намын аппаратын халуун тогоонд гурван жил буцлахад тухайн үеийн МАХН-ын удирдлагууд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх болгож, өөд татсан байдаг. Дараа нь МАХН-ын Залуучууд хөгжил төвийн Ерөнхий захирлаар томилогдсон. Энэ үеэс л тэрбээр намынхаа нөлөө бүхий  хүмүүстэй ойртож, тэдний хүрээлэлд багтсан юм билээ.  
 
Түүний улс төрийн намтар энгийн талдаа. Гадаадад их, дээд сургууль төгссөн, угсаа гарвал нь тайж энэ тэр гээд онцлоод байх зүйлгүй. Өөрийнхөө гаргасан жимээр өөрийнхөөрөө өгсч яваа улстөрч. МАН-ын түүхэнд нэрээрээ бичигдэж үлдэх хэд хэдэн зүйлтэй. Монголын ардчилсан социалист залуучуудын холбоог тэр үүсгэн байгуулж, ерөнхийлөгчөөр нь ажилласан. Зүүний хүчний холбоо гэгчийг байгуулсан нь эдүгээ МАН-ын бодлогод аль ч талаараа нөлөөлөх болсон. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,  Монгол Улсын Шадар сайд  гээд  түүний  дээшээ өгссөн  жамнал бусдыг бодвол сонирхолтой.   

Тэнэглэж бас тэсэрч чаддаг У.Хүрэлсүх

Монгол Улсын Шадар сайдын улс төр дэх замналыг товчхон дүгнэхэд ийм.  Улстөрчийн хувьд энэ бол ховор шинж чанар юм гэнэ лээ.  Хамгийн гол нь  тэрхүү тэсрэлтүүд банз, бай хоёрыг зэрэг онодогт л хэргийн учир орших нь бий.  Шулуухан хэлэхэд, Ухнаагийн  Хүрэлсүх гэх  бужигнуулдаг нөхрийн  гаргасан жимээр МАН-ын залуу кадрууд эдүгээ  тэнгэрт суудал засан  тухалж буй.   МАН  “Х” үсгээсээ ангижирч чадаагүй, урт шар дээлтээсээ салаагүйсэн бол   улс төрийн энэ хүчний  нэр нүүр,  үзэл баримтлал хаашаа эргэх байсныг хэн мэдлээ.   Нам  шинэчлэгдэх  цаг болсныг ил тодоор зарлаж, намынхаа даргын өөдөөс дуугарч, Н.Энхбаярыг байдалд оруулж  чадсан хүн бол  У.Хүрэлсүх.  
 
Хүнд хэцүү цаг үед МАН-ын генсекээр ажиллаж, намын  тогоо шанагатай зууралдаж,  онгорхой цоорхойг нь оёх цаашлаад дүрсгүй чих халууцуулах нөхөдтэй тулж ажиллан, заримынх нь хандыг хага дараад зогсохгүй   халуун нурман дунд  хөсөр хаягдан тэвдэж явахад нь орох орон оочих аягатай /Тусгаар тогтнолын ордон/ болгосон гавьяа түүнийх. Энэ гавьяаг нь хэн ч хуваалцах эрхгүй билээ. “Намын нэрийг сольсноор ялагдвал би хариуцлага хүлээнэ” гэчихээд УИХ-ын гишүүн хэмээж явах нь байж болшгүй зүйл хэмээгээд өөртөө  хариуцлага тооцон УИХ-ын гишүүний сэнтийгээс  татгалзаж чадсан цорын ганц  түшээ бол  мөн л Хүрэлсүх.  Улстөрчийн ийм эр зоригийг чухамхүү  тэр л гаргаж чадсан юм.  Эл алхмынхаа дараа  намынхаа онц  Их хурлын үеэр МАН-ын даргад нэрээ дэвшүүлэн эдүгээ УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, УИХ-ын дарга М.Энхболд,  С.Баяр нартай өрсөлдсөн.
 
Намын  даргын албан тушаалыг гартаа  авч  УИХ-ын ээлжит сонгуульд  ялалтад хүргэх нь Монголын улс төрд  хэн болохоо  харуулах  гэсэн  улстөрчийн нүүдэл хэдий ч өөрийн тойрон хүрээлэгчдийг хүчирхэгжүүлэх  гэсэн   хүсэл, шуналаасаа болж  хоосон хоцорсон.  Ингэж л тэрбээр нөлөөт толиндоо буруу харж,  том тэнэгтсэн удаатай.  Үүнийгээ тэрбээр өөрийг нь “дараад” байсан хууччуул МАХН руу холбирох болсныг  У.Хүрэлсүхийн улс төрийн карьерт том орон зайг бэлдэж өгч байгаа хэрэг гэж  тооцоолсон ч  байж мэднэ.   Учир нь Н.Энхбаяр, С.Баяр нарын үед хөл гар нь хүлээстэй байсан бол С.Батболдын үед  зөвхөн тархиа атгуулчихаад байсан юм.  
 
Ө.Энхтүвшингийн хувьд У.Хүрэлсүхийн хувьд “хөнгөн зууш”  байсан  нь мэдээж.  Дээр нь хариуцлагаа хүлээж, УИХ-ын гишүүнээс хүртэл татгалзсанаараа  нэр хүндээ өсгөж, бас “цэвэрлэж” авсандаа  хэт  бардсан хэрэг.  Ийм шийдвэрийг гаргахад тухайн үеийн нам доторхи “Хотын фракци”, “МГИМО”, “Сү-ийн хүмүүс” гээд бүгд ялагдлын шокоосоо гарч чадахгүй, эв нэгдэл гэхээс илүү бизнесээ хөөж, тарж бутарсан  зурвас үе ч боломж мэт санагдаа биз.  Энэ мэтчилэн  тэрбээр  улс төрд унаж босч, ухарч урагшилж яваа нэгэн.  Дугаар ангийн  бага даргаас УИХ-ын гишүүн, сайд, МАН-ын генсек, Монгол Улсын Шадар сайдын албыг хоёр дахь удаагаа хашиж яваа  түүний улс төрийн  түүх ерөнхийдөө нэг иймэрхүү. 

Жолооч аавын улстөрч хүү 

Түүний угсаа гарвал эгэл ард. Өвөг дээдэс нь ч тэр. У.Хүрэлсүхийг  Сүх жанжны ижий, “Цагаан дээлт” Дамдины эхнэр Хандтай  эцгийн талаараа ойрын төрөл гэцгээх юм билээ.  Тэгэхээр уугуул суугуул нутгийн хувьд  Сүхбаатар  аймгийн гаралтай байж болох ч  өвөг дээдсийнхээ өлгий нутгийг Хэнтий хэмээн онцолсон байсан.  Тэрбээр 1968 оны зургадугаар сарын 14-нд нийслэл Улаанбаатар хотод төржээ. Хүрэлсүхийн бага нас тээврийн жолоочийн гэрийн хойморт өнгөрсөн. Багадаа  тэвэг өшиглөж, дургүйг  нь хүргэсэн нэгнийг сэм авчихдаг хүү  явсан  гэнэ лээ.
 
Тийм учраас эцэг нь түүнд хүмүүжил хэрэгтэйг олж харчихаад  цэргийн сургуульд элсэхийг зөвлөсөн ч юм бил үү.  Хүүхэд насны нударгаар шийддэг  араншингаа мань эр үе үе гаргах нь бий.   Миний санахын УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очирыг өрөөндөө дуудаж байгаад цохисон гэж гишүүд хоорондоо ярьдаг. Асуудал үүгээр дуусахгүй,  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны  үеэр  Г.Баярсайхан гишүүнийг салаавч гаргалаа хэмээгээд Төрийн ордонд сэтгүүлчдийн өмнө шанаа “өгсөн” түүхтэй. Үүнийгээ  “Би цэргийн алба хаасан эр хүн. Доромжлолыг тэвчсэнгүй ээ. Өнөөдрийн үйл явдлын төлөө би та бүхнээс уучлал гуйж байна.
 
Тэвчээрт хязгаар бий” гэж тайлбарласан. Улстөрчид У.Хүрэлсүхийг  “офицер” хэмээн цоллодог нь эндээс эхтэй байх. Харин хүн чанарын тухайд  Монгол Улсын Шадар сайдыг муулах зүйл үгүй.  Түүний  тус дэмийг хүртсэн,  ямар ч тохиолдолд нэг л зангаараа байдаг гэхчилэн  дандаа л магтаалын үгс урсч байдаг.  УИХ-ын гишүүн Л.Гүндалайн амийг аврах ажлыг өөрөө зохион байгуулж, түүний халуун гараас атгаж байсныг нь, түймрийн голомтод ажиллан ОБЕГ-ыг техникийн хувьд шинэчлэх цаг болсныг ард түмнээсээ нуулгүйгээр зарлаж байсныг  түмэн мартаагүй.   Үнэндээ  энэ эрхэмтэй шадарласны хувьд суга дэвшсэн нөхдүүд улс төрийн хүрээнд олон бий.
 
Эдийн засгийн ашиг сонирхлын хувьд ч элдэв юм дуулддаггүй.  Хотын төвд тэрбумаар үнэлэгдэх объекттойгоос цаашгүй гэнэ лээ.  Үнэтэй машин тэргийг баруун солгойгүй сольж унадаг, баян айлын эрх хүү л лав биш. Харин тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч шиг нэр нөлөөтэй, зангарагтай болохыг мөрөөддөг байж мэднэ. Түүнд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг дуурайж, цээж нүцгэн, буу бариад зогсож буй гэрэл зураг  бий.  Мөн морь унасан, нохой эрхлүүлж буй зургууд нь ч тун адилхан “поз”-той байдаг. Тиймээс түүнийг В.Путин стильтэй гэцгээдэг.  Хүрэлсүх бас  шүтэн бишрэгч шигээ хэвтээ байдлаас 150 кг шахдаг шаггүй тамирчин.  

“Эхнэртээ амаргүй хань, охиддоо муу аав”

Энэ бол түүний өөртөө өгсөн үнэлгээ.  Шадар сайд намтраа ам бүл дөрөв гэж бичсэн байна лээ.   Хоёр охинтойг нь монголчууд бүгдээрээ шахам дуулсан байлгүй.   Том охин нь МУИС-иа дүүргэсэн байх учиртай. Түүнийг өвөө болсон гэж дуулаагүй. Болбол ч хэвлэлийнхэн шуугих нь дамжиггүй. Тэрбээр Цэргийн нэгдсэн дээд сургуулийн оюутан байхдаа гэргий Болорцэцэгтэйгээ  танилцжээ. Гэхдээ утсаар. Энэ тухайгаа “Би тэгэхэд цэргийн сургуулийн гуравдугаар курсийн сонсогч байлаа. 
 
Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсийн хэдэн нөхөр нэгдүгээр курсийн  нэг оюутныг дундаа суулгачихаад  “Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ”  хэмээн байцааж байгаа сонстов.   Би сонсоод л хэвтээд байгаа юм чинь. “Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авлаа. “Утасны дугаарыг нь мэдэх үү” гэсэн нөгөө нөхөр “322234” гэж байна. Тогтооход их  амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнийн 23:00  цагт  өнөө дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан. “Сайн байна уу. Намайг Хүрэлсүх гэдэг. Өөртэй чинь танилцъя” гэсэн чинь “Танихгүй хүнтэй ярихгүй” л гэж байна.
 
Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн. Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад дөрөв, таван сарын дараа зуны амралтаараа анх удаа болзож, уулзсан юм. Одоо энэ Их дэлгүүрийн баруун хойно “Мандухай” зочид буудлын үүдэнд уулзаж билээ. Тэр үед бороо ороод сайхан байсан шүү. Бяцхан наргиа хийхэд, хөөрхөн Болороо маань  322234 утсан дээрээ  байхаа больсоор удаж байгаа шүү” хэмээн хуучилж байсан юмдаг.

Шадар сайд У.Хүрэлсүхийн намтар:

•Төрсөн он: 1968
•Төрсөн газар: Улаанбаатар хот
•Ам бүл 4, эхнэр 2 охины хамт амьдардаг.
•Боловсрол: 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
•Ажлын туршлага:
-1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
-1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
-1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
-1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
-1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч 
-1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
-2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч 
-2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
-2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
-2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
-2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд.
-2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд
-2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
-2008 -2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
-2012 оноос Улсын Их Хурлын гишүүн
-Мөн Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.