Ж.Эрдэнэбат: Эрүүл мэндийн салбарын төсвийг бууруулахгүй 18 сар ажиллана

Ж.Эрдэнэбат: Эрүүл мэндийн салбарын төсвийг бууруулахгүй 18 сар ажиллана
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, БСШУС-ын сайд Ж.Батсуурь нар эрүүл мэнд,боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарын төлөөлөлтэй уулзлаа. 
 
“Эрүүл мэндийг дэмжих сан” байгуулахыг Засгийн газар дэмжинэ гэв
 
Эрүүл мэндийн салбарынхантай уулзсан уулзалтад нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, төрийн бус байгууллагууд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, хувийн хэвшлийн эмнэлгийн удирдлагууд болон салбарын сайд, эмнэлгийн даргаар ажиллаж асан ахмадууд оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах санал, тус салбарт тулгамдаж буй асуудлаа ярилаа.
 
Гурван цаг гаруй үргэлжилсэн уг уулзалтын эхэнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Засгийн газрын үйл ажиллагааны  хөтөлбөр боловсруулах хүрээнд боловсрол, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхантай уулзалт хийгээд байна. Засгийн газар салбар бүрийн  дуу хоолойг сонсч, төр, засгийн шийдвэрт тусгаж ажиллана. Ямар ч төр, Засгийн газарт ард иргэдийн эрүүл мэнд хамгийн чухал. Та бүхний ярьсан, хэлсэн саналыг үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгана гэлээ. Манай улсад өнөөдөр хөтөлбөр, төлөвлөгөө, зорилго, зорилт гэсэн нэр бүхий бичиг цаас хангалттай олон байна. Харамсалтай нь ажил болохгүй байна. Боловсруулах ёстой л гэдгээс бус хэрэгжүүлэх учиртай гэж хэн ч ажиллахгүй байна. Үр дүн нь гарахгүй ажлыг манай Засгийн газар ярихгүй. Хийх ажлаа л ярина. Хийх ёстой ажлаа хийгээгүй бол хариуцлага тооцож ажиллана. Энэ зарчмыг бүх салбарынханд адил тэгш баримтална. Засгийн газрын гишүүддээ ч ийм шаардлага тавьж байгаа” гэв. 
 
Уулзалтын үеэр салбарын төлөөллүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулах зорилгоор өөрсдийн саналыг хэлсэн юм. Тухайлбал, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “2000 онд Дархлаажуулалтын хууль баталж, сан байгуулсан. Гэтэл 2015 онд “Дархлаажуулалтын сан”-г татан буулгасан. Энэ санг эргүүлэн сэргээх нь маш чухал. Хоёрдугаарт, ДОХ, сүрьеэтэй тэмцэх үндэсний хороо байгуулмаар байна. Гуравдугаарт, “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг бид боловсруулсан. Засгийн газар үзэж танилцаад, батлах юм бол 2020 он хүртэл хэрэгжих боломжтой” гэлээ. Харин АШУҮИС-ийн Эмнэл зүйн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Даваадорж “Манай их сургууль Японы Засгийн газрын тусламжаар эмнэлэг барьсан. 2018 онд ашиглалтад орно. Энэ эмнэлэг нь Баянзүрх дүүргийн иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой. Хоёрдугаарт, манай сургууль сүүлийн хоёр жилийн дотор сургалт, эмнэлзүйн лаборатори байгуулсан. Гуравдугаарт, 2014 онд сургалтын хөтөлбөрөө бүрэн шинэчилсэн. Анхны бүтээгдэхүүн 2017 онд гарна.
 
Ингэснээр иргэдэд чанарын илүү төвшинд хүрч үйлчлэх боломж бүрдэх юм. Төгсгөлд нь хэлэхэд их сургуулийн эмнэлгийн статусын асуудлыг Засгийн газар ярих байх гэж найдаж байна” хэмээсэн юм. Тэгвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Насанцэнгэл “Манай төвд мансууруулах бодис хэрэглэж, гэмт хэрэгт холбогдсон өвчтөн эмчлүүлэх нь сүүлийн гурван жилд эрс  нэмэгдсэн. Тиймээс энэ асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, цагдаагийн газар болон холбогдох байгууллагатай хамтарч ажиллах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, сэтгэцийн эмгэгтэй хүний асрамжийн төв байгуулах хэрэгтэй байна.
 
Энэ төвийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс удаа дараа шаарддаг. Иймд дээрх хоёр асуудал дээр анхаарал хандуулмаар байна” гэх мэтээр салбар бүрийн төлөөлөл асуудлаа танилцуулсан юм. 
Энэ үеэр “Эрүүл мэндийг дэмжих сан” байгуулах саналыг олон хүн хэлж байлаа. Тиймээс энэхүү санг байгуулахыг Засгийн газар дэмжихээр болсон юм. Гэхдээ төсвөөс санхүүжүүлэхгүй. Хувийн хэвшил, гадаад дотоодын хандивлагч байгуул­лагынхантай зөвшилцөөд  ажиллуулж болно гэлээ.
 
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Зүү, тариурын үйлдвэр байгуулахад Эрүүл мэндийн яамнаас дэмжиж ажиллахыг А.Цогцэцэг сайдад үүрэг болголоо. Түүнчлэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Манай улсын эдийн засгийн нөхцөл туйлын хүнд байгаа. Төсвийн шинэчлэл хийхгүйгээр энэ хүндрэлээс гарахгүй. Гэхдээ манай Засгийн газар ямар ч тохиолдолд эрүүл мэндийн салбарын төсвийг бууруулахгүй 18 сар ажиллана. Энэ хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд эдийн засагт нааштай өөрчлөлт гарна гэж бодож байна. Эдийн засгаа тогтворжуулсны дараа эмнэлгийн засвар үйлчилгээ, шинэ тоног төхөөрөмж авах, эмч, ажилтнуудын цалин, нийгмийн хамгааллын асуудалд анхаарч ажиллана” гэдгийг онцоллоо. 
 
“Засгаас мөнгө нэхэхгүй хямд зардлаар асуудлыг зохицуулах боломж байна”
 
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж байгаатай холбогдуулан салбар бүрийн төлөөлөлтэй уулзах, санал хүсэлтийг тусгах хүрээнд боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарын төлөөлөлтэй Ерөнхий сайд уулзсан юм. 
 
Уулзалтад оролцогсод өөрс­дийн хариуц­сан сал­бар, бай­гуул­лагын­хаа өнөө­гийн байд­лыг танил­цуулж, цаа­шид яаж хөг­жүү­лэх санал санаа­чил­гаа Засгийн газрын тэр­гүүнд дуулгасан юм. Тухайлбал, Шинжлэх ухааны салбарын тухайд гэвэл энэ салбарыг төлөөлж ирсэн эрдэмтэд МАН-ын мөрийн хөтөлбөрт шинжлэх ухааны салбарт зарцуулах төсвийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан нь бидний урам зоригийг сэргээсэн гэдгийг дуулгалаа. Учир нь энэ салбарт ажиллаж байгаа судлаачдын тоо Ази тивийн дунджаас гурав дахин бага бол энэ салбарт төрөөс зарцуулж байгаа төсөв хөрөнгө 10 дахин бага байдаг байна. Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг эрдэмтэд ойлгож байна. Салбарын нөөц бололцоог ашиглаад санхүүжилтийн өөр эх үүсвэр бүрдүүлэх, гадаадаас санхүүжилт татах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй гэлээ. Хамгийн гол нь боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг Монгол Улсын тэргүүлэх салбар болгох хандлагыг бий болгох хэрэгтэйг онцоллоо. Харин Боловсролын салбарынхан Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого батлагдсан.
 
нэ Засгийн газрын үед бодлогын ерөнхий чиглэл цаашид үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Төрийн өмчит их, дээд сургуулиудын тухайд оюутны сургалтын төлбөрөөр санхүүждэг. Сургалтын төлбөрийн хэмжээгээр дээд сургуулиудыг санхүүжилтээр хязгаарлах нь олон улсын хэмжээний их сургууль болж хөгжих боломжийг хааж байна. Иймд оюутан бүрт ногдох хувьсах зардлыг төрөөс шийдэж өгөх хэрэгтэйг онцолсон. Түүнчлэн хувийн хэвшлийн сургуулиудын тухайд бодлогын гадна үлддэг сул тал байгааг Засгийн газрын тэргүүнд дуулгалаа.
 
Соёл, урлагийн салбарын тухайд Соёлын тухай хуулиар боломжийн эрх зүйн орчин бүрдсэн ч тухайн салбарт ажиллагсадын нийгмийн хангамжтай холбоотой заалт хэрэгжихгүй байгааг дуулгалаа. Энэ салбарын боловсон хүчний асуудалд сүүлийн жилүүдэд намын томилгоо ихээр орж байгааг шүүмжиллээ. Харин Нийтийн биеийн тамир, спортын салбарынхан спорт, нийтийн биеийн тамирыг тусдаа дээвэрт багтаасны үр дүнд нийтийн биеийн тамирын салбар спортдоо дарагдаж хөгжиж чадахгүй байгааг тус салбарын удирдлага хэлж байв. Энэ Засгийн газрын хувьд дээрх хоёр салбарыг нэг дээвэр дор нэгтгэж, бүтцийн өөрчлөлт хийсэн. Нийтийн биеийн тамир, спортын сан байгуулах гэж байгаад талархалтай хандаж байгаагаа энэ салбарынхан дуулгалаа.
 
Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засаг хүндрэлтэй энэ үед төр, засгаас мөнгө нэхэх биш, хямд зардлаар асуудлыг зохицуулах боломж байна. Тухайлбал, ХНХЯ, ГХЯ барилга дотроо зохицуулалт хийж, ажилтнуудынхаа хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдсэн байна. Ийм жишгийг хэвшүүлэх нь зөв. 2017 оноос эхлэн ашиглалтад орох орон сууцны хороолол болон байруудад хүүхдүүдийн цэцэрлэгийн асуудлыг давхар шийдэх стандарт мөрдөх, Засгийн газрын хэрэгжүүлэх чухал асуудлын нэг нь үйлд­вэржилтийн бодлого. Шинжлэх ухааны байгуул­лагууд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Түүнчлэн Засгийн газар cпорт,  соёл урлагийг хөгжүүлэх, гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад сурч байгаа оюутнуудын эгнээнд энэ салбарын боловсон хүчний тоог нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллана” гэлээ. 
 
“Салбар, салбарын ийм уулзалтыг жил бүр зохион байгуулна. Өнөөдөр энд ярьсан санал, зөвлөмжийг хэрхэн ажил хэрэг болгосон болон уулзалтын үр дүнг эргэж ярьж байна” гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уул­залтын төгсгөлд онцолсон юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.