“АН цаашдаа бодлогын нам болж өөрчлөгдөнө”

“АН цаашдаа бодлогын нам болж өөрчлөгдөнө”

Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хэсгээс “Улс төрийн намын шинэчлэл, шийдэл” сэдвээр эрдэмтэн, судлаачидтай хамтарсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, улс төрийн намын шинэчлэлийн асуудлаар нийгэмд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдэх шийдлүүд, улс төрийн намын тухай  хуулийн төсөл, нээлттэй ил тод байдал, гишүүнчлэл гэх мэт өргөн хүрээний сэдвүүдээр хэлэлцлээ.

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүдийн сэтгэгдлийг сонслоо.

Б.Ган-Очир: Өөрчлөлт, шинэчлэлийн тэргүүн магнайд АН явах ёстой

/АН-ын шинэчлэлийн ажлын хэсгийн зохицуулагч/

-Сонгуульд улс төрийн намууд бүгдээрээ оролцсон. Улмаар АН ялагдсан. Энэ нь сонгуулийн үр дүнгээр гарсан бодит факт юм. Үүний үр дүнд улс төрийн намууд шинэчлэгдэх, өөрчлөгдөх ёстой. Харин энэхүү өөрчлөлт, шинэчлэлийн тэргүүн магнайд АН явах ёстой гэдэг өнцгөөс нэлээд олон ажлын хэсэг, хөдөлгөөнүүд нэгдсэн зохион байгуулалтад орж, төв намын дэргэд ажлын хэсэг гарсан. Энэхүү ажлын хэсэгт Шинэчлэлийн хөдөлгөөн, Нэгдсэн хөдөлгөөн, манай улс төрийн намын залуус, сонгуульд нэр дэвшсэн хүмүүс гээд нэлээд олон Хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарлаа.

Ажлын хэсэг энэ сарын 25-нд болох ҮЗХ-ны хурлаас өмнө нэлээд хэдэн шат дараатай үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн арванхоёрдугаар сард болох намын их хуралд бэлтгэж, олон төрлийн дүрмийн өөрчлөлт хийх болно. Бүх зүйл эхлэхийн өмнө хуучин буюу өнгөрсөн цаг хугацаандаа онош тавих, одоо байгаа зүйлээ дүгнэх, ирээдүйн гарц шийдлээ гаргах хамгийн эхний алхмыг эрдэмтэн, судлаачидтай хамтарсан хэлэлцүүлгээр эхлүүлж байна.

Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь “Монголын улс төрийн намуудыг шинэчлэл шийдэл” гэдэг агуулга дотор өрнүүлж байна. Нийтдээ зургаан судлаач оролцож байгаа. Ер нь улс төрийн намуудад иргэдийн итгэх итгэлийн хувьд Монгол Улсын хэмжээнд хүн амын бараг 80 орчим хувь нь “итгэхгүй” байна гэсэн дундаж хэмжээний судалгаанууд байдаг. Гэхдээ энэ нь улс төрийн намууд дампуураад, муудчихсан гэсэн үг биш. Маш цөөхөн тохиолдолд намдаа итгэх иргэдийн итгэл өндөр хувьтай байдаг. Тухайлбал, намдаа итгэх итгэл хойд Солонгост хамгийн өндөр, БНХАУ-д 80 гаруй хувьтай байдаг.

Ер нь ардчилсан тогтолцоо өсөхийн хэрээр намуудад итгэх итгэл болон эрх баригчдад шүүмжлэлтэй ханддаг байдал нь улам өсдөг. Гэхдээ зүгээр ийм байна гээд орхих биш. Улс орны хөгжлийг, Монголын төрийг бүрэлдүүлж байгаа намууд 100 хувь зөв залж, удирдаж байгаа юу гэвэл нийт залуус, судлаачид “үгүй” гэдэг хариулт өгч байгаа. Үгүй гэдэг хариултыг өгчихөөд “Тэгвэл намууд өөрчлөгдөх ёстой юу” гэхээр “тийм” гэхээс өөр хариултгүй байж болохгүй. Тиймээс хамгийн эхлээд онол, үзэл баримтлал, боловсон хүчиний хувьд хийх шийдлүүдээрээ ялгарах ёстой гэдэг дээр гарц гаргах учиртай. Тиймээс ч шинэчлэлийн ажлыг судлаачид, болоод эрдэмтдээс эхлэх нь хамгийн зөв буюу хамгийн гол цэгээсээ эхэлж байгаа хэрэг гэж үзэж байгаа.

Ц.Батболд: Засгийн газарт фракцийг байлгаж болохгүй

/МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш/

-Би энэхүү хэлэлцүүлэгт “Монголын улс төрийн намын шинэчлэл” сэдвээр илтгэл тавих гэж байна. Гол асуудал нь Монголын улс төрийн намуудад ард түмэн нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Эдгээр намууд тодорхой хэмжээнд шинэчлэгдэх шаардлага ч гарсан. Тиймээс яаж, ямар шугамаар шинэчлэгдэх эсэх, ямар үзэл бодол баримтлах, хүний нөөц боловсон хүчний асуудал дээр хэрхэн хандах, санхүүжилтын асуудал гээд олон зүйл байна. Ер нь намууд шинэчлэл хийхдээ хамгийн түрүүнд намын дүрмээсээ эхэлнэ.

Өөрөөр хэлбэл, дүрмээ гадаад эрх зүйн орчинтой болон ирээдүйн эрх зүйн сайжруулах орчинтой уялдуулсан дүрэм боловсруулах хэрэгтэй. Түүнчлэн дотоод фракцийн асуудлуудаа намаасаа гаргахгүйгээр хязгаарласан дүрэм боловсруулж эхлэх учиртай. Түүнээс фракци нам дотор байх ёстой үзэгдэл.

Харин төрийн албаны ялангуяа Засгийн газарт байлгаж болохгүй. Улс төрийн намууд дүрмээрээ л явдаг байх шаардлагатай байгаа юм. Хэрвээ дүрмээ баримтлахгүй бол хариуцлага тооцдог тогтолцоотой байж чадвал сая намууд зөв хөдөлж эхлэх учиртай. Нөгөө талаар төрийн санхүүжилттэй болбол намууд бизнесийн хамаар­лаас гарна.

Төрийн санхүүжилтыг дагаад, намын нийгэм, улс төрийн хариуцлага нэмэгдэж, төрөөс, иргэний нийгмийн зүгээс намын дотоод хяналтын бай­гууллагуудын зүгээс нээлттэйгээр хяналт тавиад эхлэхээр нам цэвэршиж эхэлнэ гэсэн үг.

П.Галиндэв: Ойрын хугацаанд АН-ын шинэчлэл бодит ажил болно

/АН-ын шинэчлэлийн ажлын хэсгийн дарга/

-АН-ын шинэчлэлийн асуудал нэлээд олон жил яригдсан зүйл. Улс төрийн намын гол үүрэг нь улс орноо хөгжлийн бодлогоор манлайлж, хөгжүүлэх учиртай.

Тиймээс намууд өөрсдөө тогтвортой бодлоготой байх ёстой. Ер нь зөвхөн АН гэлтгүй Монголын бүх Улс төрийн намуудад хөгжлийн үйл явц, тогтвортой хөгжлийн бодлоготой байх асуудал үгүйлэгдэж байгаа. Тиймээс улс төрийн намын хөгжил, шинэчлэлийн асуудалд АН түүчээлж, шинэчлэлийн асуудлыг авч хэрэгжүүлж байна.

Өөрөөр хэлбэл, АН-ын даргад шинэчлэх ажлын хэсэг гарсан. Энэхүү ажлын хэсэг өнөөдөр шинэчлэлийн ажлаа ийнхүү эхлүүлж байна. АН цаашдаа бодлогын нам болж өөрчлөгдөнө. Энэ дагуу улс орондоо тогтвортой хөгжлийн бодлогоо хангаж чадахуйц үлгэр дуурайллыг намуудад авч ирэхээр шинэчлэлийн ажил хийгдээд эхэлчихсэн байгаа.

Цаашид намыг жирийн гишүүд, дэмжигчид­тэй­гээ уулзаж, шинэчлэлийн асууд­лаар санал бодлыг нь сонсох бол­но. Түүнчлэн нийгмийн хүрээнд тодорхой судалгаануудыг хийх төлөвлөгөөтэй байгаа. Ойрын хугацаанд АН-ын шинэчлэл бодит ажил болж хэрэгжих болно.

С.Эрдэнэболд: АН зайлшгүй шинэчлэгдэх шаардлага тулгараад байна

/АН-ын шинэчлэлийн ажлын хэсгийн гишүүн/

-Монгол Улс ардчиллын замаар 26 дахь жилээ замнаж байгаа. АН бол сүүлийн 26 жилийн хугацаанд Монголын шийдвэр гаргах бодлого боловсруулах төвшинд ойрхон буюу тулгуур болон ажилласан. Одоо харин зайлшгүй шинэчлэгдэх шаардлага тулгараад байна. Хамгийн том сургамж нь сая болсон сонгуулийн үр дүн байлаа. Тиймээс бид намын шинэчлэлийг маш өргөн хүрээнд олон жилийн хугацаанд харж байгаа.

Зүгээр нэг намын даргыг солих зэрэг жижиг өөрчлөлт хийснээр нам шинэчлэгдэхгүй. Харин үзэл санаа, дүрэм, хариуцлага, хүний нөөц, санхүүжилтын хувьд маш сайн нам болж төлөвших ёстой.

Ирэх дөрвөн жил АН-д энэ боломжийг олгож байгаа. Манай намын шинэчлэлийг дэмжиж байгаа мянга мянган хүмүүс байна. Тэдгээр хүмүүсээс төлөөлөөд явж байгаа залуусын, ахмадын, эмэгтэйчүүдийн гээд олон хөдөлгөөнүүд байгаа. Одоогоор нэр нь гараад эвлэлдэн нэгдээд явж байгаа нь цөөхөн байгаа  ч цаана нь яг ижил бодолтой олон хүмүүс бий.

Тиймээс ч намын шинэчлэлийн ажлыг хүртээмжтэй олон хүний оролцоотой шилэн ил тод байлгахаар зорьж байгаа. Үүний хамгийн эхний ажил нь өнөөдрийн эрдэмтэн судлаачидтай хамтран зохион байгуулж байгаа энэхүү хэлэлцүүлэг юм. Үүн шиг хурлыг цаашдаа маш олон удаа зохион байгуулах болно.

Э.Бямбацэрэн: Маш сайн үндсэн дүрэмтэй болчихвол бүх асуудал шийдэгдэнэ

/АН-ын шинэчлэлийн ажлын хэсгийн гишүүн/

-Үндсэн хууль бол тухайн улс орны бүхий л асуудлыг зохицуулж байдаг. Үүнтэй адил АН-ын Үндсэн дүрэм бол намын бүхий л дотоод асуудлыг зохицуулах хууль дүрэм байх учиртай.

Тэгэхээр Үндсэн дүр­мээ л олуулаа хэлэлцэж бай­гаад, сайн буюу хамгийн дотоод ардчилалтай дүрмийг боловс­руулах шаардлагатай. Тий­мээс энэ ажилд эрдэмтэн суд­лаач, залуус, ахмад үе гээд бүхий л шатны санааг оролцуулах хэрэгтэй. Хэрвээ маш сайн Үндсэн дүрэмтэй болчихвол бүх асуудал нэг талдаа шийдэгдэх болно.

Миний бодлоор бидний хамгийн эхний асуудал намын дарга гэхээсээ илүү Үндсэн дүрмээ л сайжруулах хэрэгтэй байна. Гэхдээ дараагийн намын дарга шинэч­лэлийг дэмждэг хүн байх нь зөв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ