МАН-ын 31 тойрч зугтсаар...

МАН-ын 31 тойрч зугтсаар...

Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын 31 гишүүн Засгийн газраа огцруулах асуудлыг өргөн барьснаас хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. Өнгөрөгч долоо хоногт энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, нэгхэн гишүүний зөрүүгээр огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм. Мөн энэ долоо хоногт МАН-ын Бага хурал хуралдаж, Засгийн газраа огцруулах уу гэдгийг хэлэлцэнэ гэсэн хүлээлт байсан ч даваа гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж огцруулах эсэхийг хэлэлцээд өнгөрлөө.

Удирдах зөвлөлийн хурлаас Засгийн газраа тогтвортой ажиллуулах чиглэл өгч, улмаар өчигдөр МАН-ын бүлгээр хэлэлцэх байсан ч харамсалтай нь ирц хүрэхгүй хүлээсээр байлаа. Өчигдөр өглөө 11.00 цагт бүлгийн хуралдаан зарласан ч ирц хүрэхгүй байсаар үдээс хойш 15.00 цагт хуралдах зар тараав. Гэсэн ч 15.00 цагаас хойш мөн л ирц хүрэхгүй гацаж, цөөн хэдэн гишүүд хүлээж суулаа. Огцруулах албан бичигт гарын үсэг зурсан гишүүд хуралдаа суухгүй гүрийх, тойрч зугтах тохироонд хүрсэн тухай бор шувуу өчигдөр саарал ордонд нисэв.

Түүнчлэн, Удирдах зөвлөлийн хурлыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан гишүүд орхиж, үлдсэн гишүүд нь тэднийг намаас хөөх шийдвэр гаргасан талаар ч албан бус эх сурвалж мэдээллээ. Харин энэ мэдээлэл үнэн эсэхэд УИХ-ын гишүүд өөр өөрсдийн ойлголтоор хариулт өглөө. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Оюундарь Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэсэн байр суурьнаас ухрахгүй гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн байр суурьнаас ухрахгүй.

Зарим гишүүд намын дүрмээ хэрэгжүүлнэ. Эсрэг санал өгсөн гишүүдийг намаасаа хөөнө гэж ярьсан байна лээ. Би хурлын дундаас гараад явчихсан. 65 гишүүнийхээ 33-ыг нь хөөчихөөд сууж байдаг нам гэж байх уу” хэмээн бухимдлаа. Энэ мэтээр МАН дотооддоо ойлголцолд хүрээгүй батлах олон ч үйл явдал өрнөж байна. “МАН-2021” гэх утаснаас УИХ-ын нэр бүхий гишүүд болон намын гишүүд дэмжигчид рүү “Эрхэм гишүүн..............АН-тай нэгдэн Засгийн газраа унагахаар санаархаж байна.

Та энэ талаар саналаа ..........утсанд хэлнэ үү” гэх мэтээр гишүүдийн утасны дугаарыг олон нийтэд зарласан нь гишүүдийн дургүйцлийг төрүүлсэн гэхэд болно. Тиймдээ ч огцруулах бичигт Ч.Улаан, Сү.Батболд нарын гишүүд нэмэгдэж гарын үсэг зурсан гэх мэдээлэл өчигдөр цацагдсан юм. Харин Ч.Улаан гишүүн энэ мэдээллийг үгүйсгэж, хэнийх нь ч талд ороогүй гэх тайлбар өгсөн бол Сү.Батболд гишүүн одоогоор тайлбар өгөөгүй байна. Огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд тойрч зугтсаар шууд чуулганы хуралдаанд асуудлыг оруулж кноп дарах нь гэх хардлага ч гишүүдийн зүгээс гарч байлаа. Юутай ч чуулганы хуралдааны тов өнөөдөр гарсан бөгөөд хуралдах эсэхийг хүлээх л үлдлээ. Хуулийн хугацаа маргааш дуусах учиртай.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.