Хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олох, тэдэнд хууль эрхзүйн орчноо сурталчлах зорилгоор зохион байгуулж буй "Инвест Монголиа-2017" хөрөнгө оруулагчдын чуулган өнөөдөр Шангрилла зочид буудалд зохион байгуулагдаж байна. Хөрөнгө оруулалтын орчны хууль эрхзүйн орчин, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсын өнөөгийн бодит байдал зэрэг өргөн хүрээг хамарсан энэхүү чуулга уулзалтыг Засгийн газар, "Фронтиер" үнэт цаасны компанитай хамтран зохион байгуулж байна.
Чуулга уулзалтад өглөө Ерөнхий сайд болон Засгийн газрын сайдууд оролцож Монгол Улс хөрөнгө оруулалтын салбарт иргэн ирлээ, та бүхэн тавтай морил хэмээн уриалж мөн өнөөгийн хөрөнгө оруулалтын орчин, эерэг үр дүнгийн талаар илтгэл тавьсан. Тэгвэл энэхүү уулзалтад нийтлэлч Баабар мөн илтгэл тавилаа. Түүний илтгэл энэ өдрийн тун ч ширүүн илтгэлүүдийн нэг байсан юм. Тэрбээр, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, улс төрийн сэдэв, иргэдийн ойлголтын талаар тун ч оновчтой атлаа шүүмжлэлт байр сууринаас илтгэл тавьсан юм.
Баабар илтгэлдээ “Муухайгаар хэлвэл хоцрогдсон орнууд. Хөөрхөнөөр хэлвэл хөгжингүй орнуудын нийгмийн сэтгэлгээнд нэг зүйл ажиглагддаг. Орчин үеийн төр байгуулах эхний шатандаа явж байгаа. Иргэдийн нийтлэг сэтгэлгээ нь дундад зууны хандлагатай. Улс орныхоо болохгүй бүтэхгүйг шүүмжлэх сонирхолтой. Өмнөх түүхийнхээ гялайж гялтайх зүйлийг үндэсний бахархал мэтээр ярьдаг. Өнөөдрөөрөө амьдардаг.
Маргаашаа боддоггүй. Өчигдрөөрөө бахархдаг. Өөрсдийгөө асар их баялагтай, хөгжих боломжтой гэдэг атлаа үүнийг нь булаах аль нэг нь гадны хүчин байгаа гэж итгэдэг. Сонгогдсон төрөө үргэлж харддаг. Дотроосоо дайсан эрдэг. Баялаг бүтээгчидтэйгээ үргэлж дайсагнаж ханддаг. Худалдаа зуучлал, банкны үйлчилгээг луйвар мөлжлөг гэж хардаг. Зориуд болон зориуд бусаар тараасан цуурхалд итгэдэг. Эндээс болоод төр нь сул дорой байдаг. Эсвэл ганц дарангуйлагчаар удирдуулж, түүнийгээ үргэлж хардана.
Үй олон институци, түүнийг тойрсон түшмэл байдаг. Аль нь ч байсан төрийн шийдвэр маш амархан цуцлагддаг. Төрийн албан хаагчид нь авлигад амархан автдаг. Ард түмэн нь төрдөө, төр нь ард түмэндээ итгэдэггүй. Энэ мэтээр маш хувирамтгай шинжтэй. Улс төрийн намууд нь тогтсон бодлого байхгүй учраас популист амлалтаар өрсөлддөг. Сонгууль нь намын болон төрийн авилгын шинжтэй. Хуулийг үл хүндэтгэх, үл тоосон шинжтэй. Алив хууль хэрэгжихдээ муу.
Асар их тайлбартайгаар дулимаг хэрэгждэг. Байгаль орчинд маш зэрлэг ханддаг. Асар их олз олох гэсэн төрийн болон иргэдийн сонирхлоос үүдэлтэй байдаг. Хоцрогдсон орнуудийн нийтлэг зовлон нь үндсэндээ байгалийн баялагтай, баялаггүй гэж хоёр хуваагдаж байна. Хэдийгээр өөр өөрийн шалтгаантай боловч хариу нь адилхан гардаг. Өнөөгийн Монгол орны нийгмийн дүр зураг дээрхээс ер ялгаагүй. Бид өөрсдийгөө 2000 жилийн төрийн уламжлалтай, Чингисийн түүхээрээ бахархдаг. Гэхдээ 200 жил Манж Чин улс, сүүлийн 100 жил Оросын эрхшээлд явсан учраас өөрийн түүхт төр байгуулах явц нь сүүлийн 30 жилд л явагдсан.
Дэндүү өргөн уудам нутагт нүүдэллэн оршиж байсан ард түмний дунд бэлчээрийн маргаан харин мөнх оршиж ирсэн. Тиймдээ ч улс орнуудын хөрөнгө оруулах гэсэн, хамтран ажиллах гэсэн оролдлогыг бэлчээрт өнгөлзөж байгаа явдал гэж хардаг, харамладаг. Хүн амын 80 хувь нь бэлчээрт хамааралгүй амьдарч байгаа атлаа бухал манасан нохой шиг байна. Монголчуудын 90 орчим хувь нь Оюутолгойн гэрээнд итгэдэггүй. Япончууд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэхээр тэд газар нутаггүй болох гэж байгаа учраас ирээдүйд бидний газар нутгаас авах нь гэж харддаг нь худлаа биш шүү дээ.
Монголын баялгийг зөв зүйтэй ашиглаад олон улсад мөнгө олоод эхлэхээр тэр нь биднийх, бидний юмыг дээрэмдчихлээ гэж үздэг. Бид гадныхан биднийг шулах гэж байна гэсэн нийтлэг ойлголттой учраас тэднийг хөөдөг, дайсагнадаг. Монголд хөрөнгө оруулж байгаа ганцхан салбар нь уул уурхай. Гэтэл хөрөнгө оруулагчдад асар их эрсдэл учруулдаг. Дарамт, хүнд суртал асар их. Тиймээс энэ байдал сүүлийн 10-15 жил арилахгүй болов уу. Биеэ тоосон байдал нь зөв явчихвал хурдан хөгжих болов уу” хэмээн ярьсан юм.
Б.Тогтох
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.