Хэн юу хэлэв

Хэн юу хэлэв
Өнгөрч байгаа долоо хоногт улс төр жинхэнэ утгаараа бужигналаа. Тэр дундаа эрх баригч МАН-ынхан Засгийн газраа унагахаар гарын үсэг цуглуулж, УИХ-д өргөн барилаа. Мөн бүлгийн хурлаа хийж, хоёр өдөр хэлэлцэв. Дээрээс нь УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган зарласан. Энэ үйл явдалтай холбоотойгоор цөөнгүй хүн байр сууриа илэрхийлж, үгээ хэлсэн юм. 
 
У.Хүрэлсүх: Тогтвортой байдал нэрийн дор шударга бус зүйлийг хаацайлж болохгүй
 
Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж байгаа асуудлыг хамгийн ихээр дэмжиж байгаа хүн нь Шадар сайд У.Хүрэлсүх. Тэрбээр намынхнаасаа болоод Засгийн газраас шударга ажиллахыг шаардаж байгаа.
 
Тэгвэл тэрбээр энэ долоо хоногт хэвлэлд ярилцлага өгч, байр сууриа илэрхийлсэн. Шадар сайд “Би ч гэсэн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэсэн байр суурин дээр байдаг хүн. Гэхдээ тогтвортой байдал гэсэн нэрийн доор болж бүтэхгүй, шударга бус зүйлсийг хаацайлан хамгаална гэсэг үг биш.Засгийн газрын гишүүдийнхээ хувийн болон нэгдмэл ашиг сонирхолтой компаниудад 807.8 тэрбумын концесс өгдөг бусармаг явдлыг тогтвортой байлгах гээд байгаа юм уу. “Эрдэнэт”, “Монросцветмет” зэрэг томоохон үйлдвэрийн асуудлаар УИХ нь шийдвэр гаргачихаад байхад хэрэгжүүлэхгүй байгаагаа тогтвортой байлгах гээд байгаа юм уу.
 
Хөгжлийн банк, Монголбанк, нөгөө алдарт бондын асуудлаар буруутнуудад хариуцлага тооцохгүй хаацайлаад байгаа байдлыг тогтвортой байлгах уу. Хууль, хүчний байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж, нэр хүндийг нь шавар шавхайтай хутгаж байгааг тогтвортой байлгах гээд байгаа юм уу. Намын рейтинг, Засгийн газрын нэр хүнд 60 орчим хувиар навс унаж байгааг. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, шударга ёс алдагдсаныг.  Монгол Улс дэлхийд нэг хүнд ногдох малын тоо, газар нутгийн хэм­жээ­гээрээ нэгд, бай­галийн баял­гаа­раа дэлхийн ар­ван баян улсын нэг атлаа гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна.
 
Энэ бүхнийг тогтвортой байлгах гээд байгаа юм уу. Ийм учраас тогтвортой байдал гэдэг нэрийн доор тогтворгүй байдлыг хаацайлж, шударга ёсыг алдагдуулж байгаа сахилга хариуцлагагүй, эмх замбараагүй байдлыг тас­лан зогсоохоор УИХ-ын гишүүд санал нэгдсэн гэж би ойл­гож байна” хэмээн ярьсан юм. 
 
С.Бямбацогт: Энэ намын нэрээр улстөрд ороход голомт руугаа нулимах хүн арай байхгүй биз 
 
Намын дотоод асуудлаар байр сууриа илэрхийлсэн олон хүний нэг нь Хууль зүйн сайд С.Бямбацогт. Тэрбээр “2016 оны сонгуульд ялалт байгуулсан нэг гол үндэслэл бол манай бүлгийн гишүүдийн эв нэгдэл, гар сэтгэл нийлж ажилласны хүч байсан юм шүү гэдгийг өнөөдөр сануулж хэлмээр байна. Ард түмэн тогтвортой төр, тууштай бодлогыг л юу юунаас илүү хүсч байсан. Элгээрээ хэвтэж өеөдсөн эдийн засгийг өндийлгөх эрч хүч байгаа л гэж МАН-ыг итгэж сонгосон. Илүү жудагтай, илүү чадвартай гэж итгэсэн тэдний сэтгэлийг сэвтээх эрх хэнд ч байх ёсгүй.
 
Засгийн газар өнгөрсөн жил гаруйн хугацаанд хасах руу орж ёроолдоо хүртэл унасан эдийн засгийг 5.3 хувийн өсөлттэй болголоо. Цаашаа нүүр буруулсан хөрөнгө оруулагчид наашаа харж эхэлж байна. Үүдээ барьсан үйлдвэр аж ахуйн нэгжүүд хөдөлгөөнд орж, эдийн засгийн цусны эргэлт эрчимжиж байна. Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд бидэнд өчүүхэн төдий ч алгуурлах цаг байхгүй.
 
Энэ намын өндөр их нэр хүнд, өмөг түшгээр улс төрийн амьдралд хөл тавьчихаад голомт руугаа нулимах, тогоо руугаа өшигчих арилсан дотортой хүн арай байхгүй биз л гэж найдаж байна. Бид өнгөрсөн хугацаанд олон зүйлийг ойлголцол, зөвшилцөлөөр шийдэж ирсэн. Энэ удаад ч тэгж чадна, тийм чадавх манай бүлгийн гишүүдэд бий гэдэгт эргэлзэхгүй байна. Төрөө хямруулж, түмнээ талцуулах ёс суртахууны хийгээд улс төрийн эрх бидэнд байхгүй” хэмээн хэлсэн юм. 
 
Л.Энхболд: Засгийн газрыг огцруулах ёстой 
 
УИХ-ын гишүүн Л.Энхболд Засгийн газрыг огцруулахаар гарын үсгээ зурсан түшээдийн нэг юм. Тэрбээр “Эдийн засгийн хямралд оруулсан, санхүүгийн хариуцлага алдсан асуудалд хариуцлага тооцож чадаагүйгээс болж өнөөдөр ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд татвар нэмж ард түмэндээ дарамт учруулсан. Хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, тэр мөнгийг эргүүлж авчрах ёстой байсан.
 
Энэ нь өөрөө Ерөнхийлөгчийн сонгуулийн үед татвар нэмж, ард түмэндээ ачаа үүрүүлсэнд ард түмэн дургүйцсэн. Тиймээс Засгийн газрыг огцруулах ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа би хэлж байсан 60 тэрбум төгрөгтэй холбогдсон хүмүүс албан тушаалаасаа татгалзаж, асуудлыг нэг талд нь гаргах ёстой гэж хэлж байсан. Ард түмэнд үнэн бодит мэдээллийг өгөх ёстой. 60 тэрбумтай холбоотой асуудал гурван сонгууль дамнаж яригдсан. Тиймээс энэ асуудлыг дараагийн сонгуулиар ярихгүйн тулд нэг талд нь гаргах ёстой” хэмээн ярьжээ.  
 
Д.Эрдэнэбат: АН засагт орохгүй
 
Засгийн газрыг огцруулах асуудал газар авсантай зэрэгцээд АН-тай холбоотой нэгэн мэдээлэл гарсан. Тэр нь АН дараагийн Засгийн газарт хамтрах талаар. Тэгвэл АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ мэдээллийг үгүйсгэж, байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамтрах тухай олон янзын худал мэдээлэл явж байгаа. УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувьд хамтрах ямар ч шалтгаан байхгүй гэж харж байгаа. Өнөөдөр олонх хариуцлагаа үүрээд явж байна. 65 гишүүнтэй үнэмлэхүй олонхын бүлэг өөрсдийнхөө Засгийн газрыг өөрсдөө авч явах үүрэгтэй.
 
Тиймээс ч Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт оролцох шаардлага байхгүй. Ард түмэн 2016 оны сонгуулиар Ардчилсан намыг бидний өмнөөс хяналт тавь гэдэг үүрэг өгсөн. Бид энэ үүргээ л биелүүлнэ.  Бид олонхын дотоод асуудалд  үнэхээр оролцохгүй байгаа. Оролцох шаардлагагүй гэж үзсэн. 65 гишүүнтэй энэ бүлгийн дотоод зөрчилдөөний асуудалд Ардчилсан нам оролцохгүй гэсэн байр суурин дээрээ хэвээрээ байгаа.
 
Харин бид Ардчилсан намын удирдах зөвлөлийн шийдвэр болон Ардчилсан намын бүлгийн шийдвэрээ дагаж оролцоно. Түүнээс биш хэдэн кноп хэрэгтэй эсэх нь бидэнд чухал асуудал биш. Тиймээс эрх баригчид өөрсдийнхөө дотоод асуудлыг өөрсдөө шийдэх ёстой” хэмээн ярьсан юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.