Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа МАН-ын бүлэг өнгөрсөн хоёр өдөр хуралдлаа. Мягмар гарагийн шөнө дөл болтол хуралдахдаа тэд дорвитой шийдэлд хүрээгүй талаар хэвлэлүүд мэдээлж буй. Өмнө нь олон бичлэгээ алдаж хаширсан МАН энэ удаагийн бүлгийн хурлаа нэлээд нууц байдлаар хийлээ. Гэхдээ л зарим гишүүд нь твиттер хаягаараа жиргэж, бусад нь бага сага мэдээлэл хэвлэлийнхэнд өгсөн.
Бүлгийн хурал дээр болсон нэг сонирхолтой үйл явдал нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан байв.
Ерөнхийдөө мягмар гарагийн орой хоёр тал болчихоод байгаа нөхдүүдийг хоорондоо зөвшилц гэсэн чиглэлийг бүлгээс өгсөн юм билээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрыг огцруулахгүй, “шүд” сугалах гэж байна гэсэн таамаг яваад байсан. Харин өчигдөр болсон бүлгийн хурлын үеэр Ө.Энхтүвшин Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан мэдээлэл гарсан. Ч.Улаан гишүүн ч нэмэгдсэн.
Цаашид ч Засгийг огцруулах талд зогсох гишүүд нэмэгдэх нь гэдэг мэдээлэл гараад байгаа. Дээрээс нь УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр ээлжит бус чуулган хуралдуулахаар захирамж гаргачихлаа. Мөн бүлгийхнээ хуралд оролцсон 58 гишүүний 30 нь Засгийн газрыг огцруулах нь зөв гэсэн санал өгсөн талаар эх сурвалж мэдээлсэн. Дээрээс нь өчигдрөөс эхлээд байнгын хороод хуралдаж, асуудлаа шийдэж эхэллээ. Тэгэхээр зөвшилцөл “будаа” болжээ.
Угаасаа зөвшилцөнө гэхээр Шадар сайд У.Хүрэлсүхэд хохиролтой байсан, яаж ч бодсон. Мань эр намынхаа даргын суудлыг авч, МАН дотор өрнөөд байгаа бүхий л болж бүтэхгүй асуудлыг засахын төлөө тэмцэнэ гээд байгаа. Гэтэл зөвшилцөх нэрээр хэдэн сайдын суудал фракцынхандаа авч өгөөд өнгөрвөл ёстой утгагүй хэрэг болох байлгүй дээ. Том зорилгын төлөө зүтгэж байгаа учраас хэдэн хүнд сайдын суудал авч өгөөд зогсоно гэж угаасаа байхгүй шүү дээ. Тэгээд ч түүнтэй шинэ гишүүд гэлтгүй хууччуул ч нэгдээд эхэллээ. Тийм болохоор зөвшилцөх гэх ойлголт угаасаа алга болчихож байгаа юм.
Тэд 60 тэрбумын асуудлыг ярина. Цаашлаад амлалтаасаа эргэж буцсан, Шадар сайдыг мөрдсөн асуудал гээд юу эсийг ярьж болох билээ. Засгийн газрыг унагах шалтаг олон байна. Яахав, зөвшилцөх нэрээр асуудлыг дуусгах нэг л шалтгаан байж болох юм. Тэр нь Шадар сайдыг тагнасан гэх ажиллагааг У.Хүрэлсүх өөрөө зохион байгуулсан асуудал. АТГ-аас энэ талаар мэдээлэл хийгээд, олон нийтэд мэдэгдчихсэн. Олон жилийн ял төлөвлөсөн гэх мэдээлэл ч тараагаад байгаа.
Хэрвээ эрх барьж байгаа, мэдэлтэй тал нь Шадар сайдын энэ асуудлыг барьц болгоод, тохиролцоонд хүрэх гэж хичээж байж болох юм.
Үүнээс өөрөөр зөвшилцөх вариант байхгүй. Ерөнхий сайд болоод, МАН-ын дарга, тэдний талынхан бол ацан шалаанд орчихсон. Нөгөө талын хүссэнээр 60 тэрбумтай холбоотой асуудалд хариуцлага тооцно гэвэл намын даргын нэр яригдана. Тэгээд ч Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хариуцлага тооцох ч асуудал давхар яригдана. Зөвхөн А.Ганбаатар болоод Ц.Сандуй нарт хариуцлага тооцоод өнгөрч бас болохгүй.
Тэгвэл 60 тэрбумын албан тушаалын наймааны асуудлыг хүлээн зөвшөөрсөн болчихно. Цаашлаад өөр олон асуудал босож ирнэ шүү дээ. Тэгэхээр эхнээсээ л эвлүүлэг гэж гүрийснээрээ гүрийхээс өөр ямар ч сонголт алга. За тэр Шадар сайдыг тагнаж, чагнасан гэдэг дээр Ерөнхий сайд аль хэдийнэ өөрөөсөө холдуулсан. Хууль, хүчний байгууллага хүртэл оролцчихлоо. Тийм болохоор МАН-ын томчууд хоорондоо зөвшилцөнө гэсэн ойлголт угаасаа байхгүй. Тэгээд ч яг одоогоор МАН-д “туг тахих” хүн алга. Хэнд хариуцлага тооцох билээ дээ.
Одоо зөвхөн хоёр тал “тулах” л үлдлээ. Өчигдөр “тулаан” эхнээсээ өрнөчихсөн. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал болж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Улмаар байнгын хорооны гишүүдийн олонх нь Засгийн газрыг огцруулахгүй талд санал өгчихлөө. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд 17 хүн гишүүн оролцож, ес нь огцруулахыг дэмжсэнгүй. Ердөө нэг л хүний санал дутсан гэсэн үг.
Гэхдээ ингээд бүх зүйл дуусаагүй. Ээлжит бус чуулганыг ирэх сарын 7-ны дотор хуралдуулахаар зарлачихсан. Тэгэхээр цаад тал нь ирэх долоо хоногийн лхагва гарагт хуралдаж таарах байх. Ээлжит бус чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрыг огцруулахгүй гэснийг дэмжих үү гэсэн санал хураалт явуулна. Дэмжихгүй гээд олонх нь өргөчихвөл Засгийн газар огцрох магадлал ихсэнэ. Тэгэхээр долоо хоногийн хугацаанд хоёр тал хэрхэн ажиллаж, гишүүдээ өөрийнхөө талд оруулахаас л Засгийн газрын хувь заяа хамаарах гээд байна. АН-ын бүлэг бол огцруулах талд нь орно. МАХН-ын төлөөлөл болоод бие даагч гишүүн угаасаа огцруулах талд нь зогсох нь ойлгомжтой. Тэгэхээр МАН-ын 65 л хоёр хуваагдахдаа аль нь олонх болсноос асуудал эцэслэн шийдэгдэх болчихлоо. Засгийн газрыг огцруулах талд бол МАН-ын 30 гаруй гишүүн зогсч байна. Гэхдээ өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал бас нэгийг өгүүлчихлээ. Хоёр тал илүү их “алалцах” хэрэгтэй болох нь дээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.