А.Үйлстөгөлдөр: АТГ-ын мэдэгдэл бодит үнэнийг мушгин гуйвуулсан үйлдэл боллоо

А.Үйлстөгөлдөр: АТГ-ын мэдэгдэл бодит үнэнийг мушгин гуйвуулсан үйлдэл боллоо

Авлигатай тэмцэх газар өнөөдөр зарласан хэвлэлийн бага хурлынраа үеэр Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх хэргийн үйл явцын талаарх сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.  Ингэхдээ  “Шадар сайд У.Хүрэлсүх зохион байгууллалттайгаар өөрийгөө тагнаж, чагнаж, мөрдүүлсэн нь тогтоогдсон тул яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн” гэж мэдэгдсэн.

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Шадар сайд У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч А.Үйлстөгөлдөр дөнгөж сая тайлбар хийлээ. Тэрбээр  “Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхийн эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах, мөрдөх ажиллагаа явуулж байгаа мэдээллийг шалгуулах талаар Шадар сайдын ажлын албанаас 2017 оны долдугаар сарын 3-ны өдөр Тагнуулын Ерөнхий  газар болон Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргасан. Мөн 2017 оны долдугаар сарын 31-ний өдөр Үндсэн хуулийн 42 дугаар зүйл, УИХ-ын тухай хуулийн 20-р зүйлийн 20.1.1, 20.1.3, 24-р зүйлийн 24.3, 24.3.1-д заасны үндэслэн УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүсэлт хүргүүлсэн.

Гэвч АТГ-аас наймдугаар сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийх үеэр Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх  2017 оны долдугаар сард өөрийн төрсөн дүү У.Отгонбаяр болон хамаарал бүхий хамаатны хүмүүсээрээ дамжуулан өөрийгөө мөрдөн мөшгисөн учир яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлчихсэн, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлээд явж байна гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацлаа.

Шадар сайд У.Хүрэлсүх удаа дараа хуулийн байгууллагад гомдол, хүсэлт гаргасан ч ТЕГ, АТГ хоёр сар гаруйн хугацаанд энэ хэргийг үнэн зөв шийдэх талаар дорвитой ямар ч алхам хийгээгүй атлаа өнөөдөр ийм мэдээлэл хийж байгаа нь илтэд нэг талыг барьсан улс төрийн зорилготой, бодит үнэнийг мушгин гуйвуулсан үйлдэл боллоо гэж үзэж байна.

Хэргийн гэрч, оролцогч болох иргэн Ч.Батболд болон холбогдох гэрчийн этгээдүүд хууль хяналтын байгууллагад хандан бодит үнэнийг хүлээн зөвшөөрч, нотолсоор байтал хууль хяналтын байгууллага бодит үнэнийг олон нийтэд мэдээлсэнгүй.

АТГ болон ТЕГ-ын холбогдох албан тушаалтнуудын гаргаж буй энэхүү үйлдэл нь зарим төрийн өндөр дээд албан тушаалтан хүссэн үедээ Улс төрийн зорилгоор хууль хүчний байгууллагыг өөрийн эрх ашигт үйлчлүүлж байгаагийн тод жишээ болж байна.

Удахгүй Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх болон түүний өмгөөлөгч нар бодит байдлыг олон нийтэд мэдээлэх болно” гэлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.