Сенсаацийн эргэн тойронд
Өнгөрсөн 2016 оны зургадугаар сард буюу УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд болох М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нарын нэгэн ноцтой бичлэг цацагдаж, олны анхаарлыг татаж байсан билээ. Тодруулбал, тэдний төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа дуу хоолой нь ил болж, хэсэгтээ л шуугиан дэгдээсэн. Тухайн үед энэхүү бичлэгийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянг олон нийтэд цацаж, нэр хүндэд нь халдсан гэх үндэслэлээр НИТХ-ын Ц.Сандуйн хуулийн зөвлөх А.Ганбаатар гэгч нь шүүхэд өгч байв. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бүр ч ноцтой бичлэгүүд цацагдаж, өнөөдөр энэ асуудал нийт монголчуудын анхааралд өртөөд байна. Үнэндээ алдарт “60 тэрбум”-ын бичлэгийг олон нийтэд ил болгосон хүн нь Г.Доржзодов гэх залуу бөгөөд иргэдэд үнэн зөв мэдээллийг өгөх үүднээс МАН-ын удирдлагуудын 90 минутын бичлэг хэзээнээс эхлэлтэй, чухам юу гэж ярьсан, 60 тэрбумын бичлэгийн асуудлаар хэн хэн юу гэж ярьж мэдэгдэж байсныг он цагийн дараалалтайгаар багтаасан сайт ажиллуулж эхэлсэн гэнэ билээ. Тэгвэл эл хэрэг яг одоо өрнөж, хэрэгт холбогдсон хүмүүс ч дуугарч эхэллээ. Ингээд энэ удаагийн “Онцлох хуудас” булангаа алдарт “60 тэрбум”-ын хэргийн сүүлийн үед өрнөж буй мэдээллийн эргэн тойронд бэлтгэлээ.
3000 ГАРУЙ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНААС МЭДҮҮЛЭГ АВНА
2017.08.14: Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй 2016 оны сонгуулийн өмнө төрийн албыг “наймаалцаж” 60 тэрбум төгрөг намдаа босгох тухай асуудлыг ярьсан нь олон нийтэд ил болж, өөрөө ч ам алдан зөвшөөрснөөр нийгэмд ихээхэн маргаан шүүмжлэл дагуулсан билээ. Энэхүү асуудал энгийн иргэдээс эхлээд төр засгийн анхаарлын төвд байж, шалгахыг шаардах болсноор энэхүү МАН-ын удирдлагуудын төрийн албан хаагчдаас босгохоор төлөвлөсөн 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Тэгвэл энэ асуудлын хүрээнд төрийн өндөр албан тушаалд очихдоо авлига өгсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр нийт 3000 гаруй төрийн өндөр албан тушаалтнуудыг АТГ-аас мэдүүлэг авч эхэлжээ. Тодруулбал, нийслэлийн Засаг даргаас эхлүүлээд агентлагийн дарга, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн хүртэлх албан тушаалтнуудаас мэдүүлэг авах юм байна.
Хуулийнхан албан тушаалтнуудаас хэрхэн ажилд томилогдсон, авлига өгсөн эсэхийг өөрсдөөс нь тодруулж буй юм. Энэ хэрэгт НИТХ-ын дарга бөгөөд нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.
М.ЭНХБОЛД: Ц.САНДУЙГ ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛГҮЙ, 60 ТЭРБУМ БОЛ ЭВЛҮҮЛЭГ
2017.08.16: МАН-ын Удирдах зөвлөл энэ өдөр хуралдаж, 60 тэрбумын схем тойрсон асуудлыг хэлэлцсэн ч намын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг учраас Ц.Сандуйд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзжээ. Энэ үед бухимдсан Шадар сайд У.Хүрэлсүх М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарт хандан чаддаг юм бол бүгдээрээ ажлаа өгч байгаад асуудлаа шийдье гэж хэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж буй. Түүнчлэн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мөн намын удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан байна.
А.ГАНБААТАР: УУЛЗАЛТ БОЛСОН, ТЭГЭХДЭЭ БИД БАЙГААГҮЙ
2017.08.17: Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжихыг завдсан хэрэгт холбогдоод байгаа МАН-ын гишүүн, “Шинэ Монгол хаадууд” группын захирал А.Ганбаатар хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр “Би бол МАН төрийн албан тушаалыг зарж борлуулан 60 тэрбум төгрөг босгох гэсэн асуудалд холбогдоод байгаа А.Ганбаатар гэж хүн байна” хэмээн өөрийгөө танилцуулахаас яриагаа эхэлсэн бөгөөд 60 тэрбумын асуудал бол улс төрийн зорилгоор сонгууль дөхөхөд гаргаж тавьсан, Г.Доржзодов гэдэг хүний хийсэн эвлүүлэг гэсэн юм.
Мөн “Миний бие нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйн зөвлөхөөр ажилладаг. Жил гаруйн хугацаанд хууль хяналтын байгууллагад тайлбар мэдүүлэг өгсөн. Дээрх газруудаас хэрэг шалгаж байх үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах хэрэггүй гэсэн учраас мэдээлэл өгөх боломжгүй байлаа. Харин одоо энэ байдал хэрээс хэтэрсэн учраас өнөөдөр бодит байдлыг хэлэхээс өөр аргагүй болж байна.
Г.Доржзодов өөрийнхөө хийсэн санхүүгийн схемийг бидэнд санал болгож надтай хэд хэдэн удаа уулзсан. “Та дарга нартаа танилцуулаад, зөвөөр ойлгуулаад өгөөч. Энэ схем ОХУ-д хэрэглэгддэг. 2012 онд АН хэрэглэсэн. 2016 онд хүчтэй сонгууль болно. Танай нам үүнийг ашиглабал ялах магадлал өндөр” гэж байсан юм. Гэтэл одоо өөрийнхөө хийсэн юмыг биднийг хийсэн болгоод олон удаагийн уулзалтын бичлэгийг нийлүүлээд эвлүүлэг хийсэн байна. Санхүүгийн схемийг надад олон удаа танилцуулсан мөртлөө одоо надад тийм мэдлэг чадвар байхгүй гэж яриад байгаа. Үнэндээ Г.Доржзодов татварын ерөнхий газарт даргаар газар хэлтэст нь ажиллаж байсан.
Нэр дэвшигчийн зөвлөхөөр ажиллаж, намд тодорхой албан тушаал хашиж байсан юм билээ. Надад CV нь бий. Г.Доржзодов үнэхээр шударга хүн юм бол уулзалтад оролцсон бүх хүмүүсийн бичлэгийг гаргаж ирэх хэрэгтэй. Гэтэл Г.Доржзодовын өөрийнх нь дуу хоолой яагаад байдаггүй юм бэ” хэмээсэн юм. Харин ямар нэгэн уулзалт болсон эсэх талаар асуусан сэтгүүлчийн асуултад тэрбээр “Шинэ Монгол хаадууд” группын дөрөвдүгээр давхар уулзалт болсон нь үнэн.
Гэхдээ тэр хурал уулзалтад МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нар байгаагүй. Нийслэлийн МАН 2016 оны сонгуульд хэрхэн оролцох талаархи төлөвлөгөөг ярихад Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар байсан. Гэтэл эдгээр хүмүүс яагаад өнөөг хүртэл дуугарахгүй, үнэн бодит мэдээллийг өгөхгүй байгаа юм бэ. Би олон жил нөхөрлөсөн Ц.Сандуйтайгаа өнөөдрийг хүртэл уулзаагүй. Намынхаа байраар ч орж чадахгүй явна хэмээсэн юм.
Ц.НЯМДОРЖ: НААДАХ ЧИНЬ ЭВЛҮҮЛЭГ БИШ, БИ ШУЛУУХАН ХЭЛЧИХЬЕ
2017.08.17: МАН-ын Удирдах зөвлөл хуралдах үеэр “60 тэрбум”-ын асуудал яригдаж, намын зарим нөхөд нь удирдлагуудтайгаа санал зөрсөн тул хурлыг орхин гарсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэдний нэг нь Ц.Нямдорж гишүүн. Энэ талаар тэрбээр “Удирдах зөвлөлийг хуралдуулж, асуудлаа ярихыг би намын удирдлагуудад хэлсэн. Ингээд Удирдах зөвлөл хуралдах үеэр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажилласан хүмүүст хариуцлага тооцох шаардлагагүй мэтээр яригдаж эхэлсэн тул хурлыг орхин гарсан.
Намаа цэгцлэх ёстой зүйлийг л хийх ёстой. Гэтэл удирдаж байгаа хүмүүс нь хойрго хандаад, хариуцлагыг бусад руу чихэх гээд, хариуцлага тооцох ёстой хүмүүсээ өмөөрөөд өмгөөлөөд байгаа аяс харагдахаар нь л гарсан. Үнэндээ 60 тэрбумын асуудал УИХ-ын сонгуулийн үеэр цацагдаж, бид хэсэгтээ л ком-д орсон ш дээ. Хэн ч, юу ч хэлж чадахгүй. Би тэгээд М.Энхболдод хэлсэн “Ц.Сандуйгаа явуул аа. Ийм алхам хийж болохгүй” гэж хэлсэн. Гэтэл Ц.Сандуй ороод ирсэн. Тэгэхээр нь би нүүрэн дээр нь “Чи яв аа” гэж хэлсэн.
Гэвч яваагүй. Олонхийн суудал авсан болохоороо НИТХ-ын дарга болгочихсон. Тэгсэн өнөөх асуудал нь дахиад Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сэдрээд, ард түмэн дургүйцэхэд ихээхэн хэмжээний нөлөө үзүүлсэн. Тэгэхээр нь би дахиад Удирдах зөвлөлийн хурал дээр Сандуйг өргөдлөө өг гэж хэлсэн. Эвлүүлэг энэ тэр гээд л юм ярьж байна билээ. Наадах чинь эвлүүлэг биш, би шулуухан хэлчихье. А.Ганбаатар ярьж, Ц.Сандуй дэмжиж, М.Энхболдод орж танилцуулсан байгаа юм.
Тэр эвлүүлэг гэдэг чинь Нямдоржийн хоолойг Чапи дуурайхыг хэлдэг болохоос биш М.Энхболд, Ц.Сандуй хоёрын ярьчихсан яриаг яаж эвлүүлэг гэх юм бэ. Одоо болно. Ийм зүйл ярьсныхаа төлөө зайлах ёстой ш дээ. Улс төрийн наад захын соёл ш дээ. Би нэг их тоодоггүй байсан чинь сая тэр бүрэн эхээрээ цацагдсан бичлэгийг үзсэн чинь огиудас цутгаж байна лээ ш дээ. Тэр А.Ганбаатар гэдэг нөхөр чинь галзуу ч юм уу, согтуу ч юм уу. Ийм хүмүүст хариуцлага тооцох ёстой шүү дээ. Гэтэл ийм хүмүүстээ хариуцлага тооцох талаар ярихаар Удирдах зөвлөл нь урдаас эвлүүлэг гээд гүрийгээд байхаар дургүй хүрнэ ш дээ. Би энэ талаар дахиад ч ярина” хэмээжээ.
Д.АМАРБАЯСГАЛАН: “60 ТЭРБУМ”-ЫН БИЧЛЭГИЙГ ЭВЛҮҮЛЭГ ГЭЖ БОДОЖ БАЙСАН Ч Ц.САНДУЙ ҮНЭНЭЭ ХЭЛСЭН
2017.08.18: Энэ хэргийн гол эзэн гэгддэг НИТХ-ын дарга Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар мэдээлэл хийхдээ Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар уулзалт хийсэн, бид байгаагүй хэмээн ярьсан. Үүний дараа МАН-ын генсек Д.Амарбаясгалан АТГ-т энэ талаар мэдүүлэг өгсөн юм. Тэрбээр орохынхоо өмнө “60 тэрбумын асуудал нийгмийн бухимдуулж байна.
Энэ хэргийн хамгийн том хохирогч нь МАН болоод нийт гишүүд. Зарим гишүүд энэ асуудлаас болоод уурлаж, бухимдаж, айж, ичиж байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Өчигдөр А.Ганбаатар гэдэг хүн мэдээлэл хийж, энэ асуудлыг ярьж байхад Д.Амарбаясгалан нарын хүмүүс байсан мэтээр ярьж, олон нийтийг төөрөгдүүллээ. Хүмүүсийн энэ цайрсан үйлдэлд их харамсаж байна.
Би өнөөдрийг хүртэл 60 тэрбумын асуудлыг эвлүүлэг гэж бодож ирсэн. 2016 оны үед анх бичлэг цацагдахад нэр холбогдсон нөхдүүд “эвлүүлэг” гэж мэдэгдсэн. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагаас “энэ бичлэг эвлүүлэг” гэсэн албан тоотыг манай намд ирүүлсэн байсан. Харамсалтай нь саяхан болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Ийм үйл явдал бодитой болсон” хэмээн хүлээн зөвшөөрсөн. Тиймээс өнгөрсөн хугацаанд энэ бичлэгийн эвлүүлэг хэмээн мэдэгдэж байсандаа харамсаж байна.
Өчигдөр А.Ганбаатар гэдэг хүн 60 тэрбум төгрөг босгох талаар ярилцсан уулзалтад Д.Амарбаясгалан байсан мэтээр мэдэгдсэн учир өнөөдөр АТГ-ынхан надаас мэдүүлэг авахаар дуудлаа. Сайн байна. АТГ их хурдтай ажиллаж байна. Үнэнийг хэлэхэд би 2014 онд болсон гэх энэ уулзалт яриа хэлэлцээрийн үед огт байгаагүй. Тухайн үед би АНУ-д сурч байсан. Үүнийг намын нөхөд болсон НИТХ-ынхан бүгд мэдэж байгаа.
Тэгээд ч би иймэрхүү яриа хэлэлцээрт ордоггүй. Би НИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон. Энэ асуудал бол МАН-ын мянга мянган гишүүдийн эрх зүйн асуудал. Тиймээс надад энэ асуудлыг хаагаад байх ёс зүйн асуудал байхгүй. Би Ц.Сандуйг огцрох ёстой гэж үзэж байна. Иргэн Ц.Сандуй болж хууль хяналтынхаа байгууллагуудаар явж асуудлаа шийдээсэй гэж хүсч байна.
Учир нь үүний цаана МАН-ын нийт гишүүдийн нэр төр явж байгаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намынхаа эв нэгдлийг хангаж ажиллах үүргээ ухамсарлаж байгаа. Энэ талаар УЗ-ийн хурал дээр ч хэлсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд миний болоод бусад гишүүдийн нэр төрд халдсан олон зохимол бичлэг, мэдээллүүд гарсан. Үүнийг хийсэн Удирдах зөвлөлийн гишүүнийг мэдэж байгаа учир хэвлэлээр янз бүрийн юм яриагүй. Ярьдаг газар нь ярина.
Энэ бол намын Бага болоод Их хурал. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан гэж ярьж буй хүмүүс бий. Энэ намд итгэл үнэмшилээ өгч, удирдлага чиг үүргийг нь манлайлан удирдан чиглүүлж явна гэж зүтгэснээсээ хойш намынхаа эсрэг нэг зүйл бодож яваагүй. Магадгүй зарим нэг хүнтэй үзэл бодол таарахгүй, эрх ашиг нь нийлэхгүй болохоор ийм зүйл ярьсан байх. Мөн МАН-ын гишүүн иргэн А.Ганбаатарыг нэр төрд халдсан хэмээн шүүхэд хандахаар болсон” гэв.
Сэтгүүлчийн өнцөг
ЦАГ АЛДАЖ, ЖОНХУУРАХ ХЭРЭГ Ч АЛГА
УИХ-д үнэмлэхүй олонхийн суудал авч, түүндээ эрдсэн МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр ч удаа өвдөг шороодож, ялагдсан. Унасан бөхөд шалтаг мундахгүй, юу ч гэж ярьж болно. Харин унагасан буруутныг эрж олох гэж МАН-ынхан өнөөдөр хагаралдчихаад сууж байна. Энэ хагаралдаанаас харж болох хамгийн энгийн зүйл бол алдарт “60 тэрбум”-ын хэрэг. Намын удирдлагууд нь эвлүүлэг гэж гүрийсээр... Харин “жараахай”-нууд доогуураа нэг нэгнээ чирж эхэллээ.
А.Ганбаатар гэгч алдарт “60 тэрбум”-ын бичлэгт дуу хоолой нь мөнхөрсөн нэг нөхөр гарч ирээд, ах нарыгаа “алаад хаячихлаа”. Бүр М.Энхболд, Ц.Сандуй, бид гурав байгаагүй. Харин Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар байсан гэж хэлсэн нь ёстой л галын дөлийг өрдсөнтэй ялгаагүй зүйл боллоо.
Үүнд нь ундууцсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “60 тэрбум”-ын бичлэгийг эвлүүлэг гэж итгэж байсандаа харамсаж байна. Саяхан болсон намын удирдах зөвлөлийн хурал дээр энэ бичлэгт холбогдсон Ц.Сандуй бичлэг бодит болсон гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас эвлүүлэг биш байсан юм байна гэдгийг мэдсэн. Тийм учраас би Ц.Сандуйг огцрох ёстой гэж үзэж байгаа” гээд хэлчихлээ.
Бас УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энэ 60 тэрбумтай холбоотой яриа бол эвлүүлэг биш. Би шулуухан хэлчихье. А.Ганбаатар гэгч ярьсан уу, ярьсан. Ц.Сандуй гэдэг хүн ярьсан зүйлийг нь дэмжсэн үү, дэмжсэн. Дэмжсэнийхээ дараа М.Энхболд дээр орж танилцуулсан. А.Ганбаатар, Ц.Сандуй, М.Энхболд гэсэн гурван хүний л асуудал байгаа шүү дээ. Энэ бол эвлүүлэг биш. Эвлүүлэг гэдэг чинь Нямдоржийн хоолойг Чапи дуурайгаад бичлэг хийхийг хэлдэг болохоос биш М.Энхболд, Ц.Сандуй хоёрын ярьчихсан зүйлийг яаж эвлүүлэг гэж нэрлэдэг юм бэ” гэж ярьж байх юм.
Ил хэлж байгаа нь энэ хоёр эрхэм болохоос биш сошиал сүлжээгээр Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс эхлээд МАН-ын олон арван хүн “60 тэрбум эвлүүлэг биш бодит болсон явдал” гэдгийг нотлон хэлж байгаа. Гэтэл 2016 ны УИХ-ын сонгуулийн дараагаас эхлэн жил гаруй хугацаанд 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг хэмээж, бодит үнэнийг ард түмнээс нуусан хууль хүчний байгууллагууд, 2016 ны наймдугаар сарын 17-ны өдөр Улсын ерөнхий пркурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбатын “60 тэрбумын бичлэг эвлүүлэг байжээ гэдгийг шүүх шинжилгээгээр тогтоолоо” хэмээн албан ёсоор мэдэгдэж байсныг одоо яах ёстой вэ.
Үнэндээ 60 тэрбумын хэрэг чинь аль эрт илэрчихээд байгаа юм биш үү, цаг алдах ч хэрэг алга. Түмний нүдэнд ил байгаа хэргийг түргэхэн шийдчихэд яагаад болохгүй гэж. МАН-ынхан ч үнэнд гүйцэгдэж дууслаа. Тиймээс эл хэрэгт холбогдсон нөхдүүд улс төрийн соёл гаргаад, хариуцлагаа хүлээж, өөрсдөө огцорчихвол нэр хүндэд сайнаар нөлөөлөх бус уу. Угтаа бол “60 тэрбум гээд байгаа энэ асуудал эвлүүлэг юм аа. Гэхдээ МАН бол шударга, ёс зүйтэй нам.
Ийм асуудал үүссэн бол зөвхөн асуудалтай холбоотойгоор хариуцлага хүлээх чадамжтай улс төрийн хүчин. Тиймээс нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй миний бие хариуцлага хүлээж албан тушаалаасаа түтгэлзэж, хуулийн байгууллагад энэ асуудлыг шалгуулж, үнэн зөвийг тогтоолгох болно” гээд л мэдэгдчихсэн бол М.Энхболд нэгдүгээр хүн болчих боломж байсан. Даанч Ц.Сандуйд тийм эр зориг байсангүй.
Улс төрийн соёл нь ч алга. Улаан цайм “МАН-ын стратегийн асуудал ярьж байсан. Тэр үеийн бичлэг алдагджээ” гэж хэвлэлийнхэнд тайлбар хийсэн хүн нь Ц.Сандуй шүү дээ. Ийм тайлбар яваад байхад эвлүүлэг гэж зүтгээд яах юм бэ. Тэгээд ч Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбум”-ын асуудлыг цэгцлэх үүргийг АТГ болон холбогдох албаныханд өгсөн юм чинь энэ хэргийн учиг хурдан тайлагдах биз ээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.