Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тангаргаа өргөж, ажлаа эхэлснээс хойш нэг сарын хугацаа ч өнгөрөөгүй байна. Энэ хугацаанд цөөнгүй шийдвэрийг гаргаж, олон ч хүнтэй уулзаж, нөхцөл байдал ямар байгааг мэдэж авлаа. Ерөөсөө ажлаа шуурхай эхэлж байна. Гараа сайн байгааг олон хүн хэлж, сайшааж, магтаж байгаа юм.
Наадмаас хойш Ерөнхийлөгч гал түймэртэй бүс нутагт өөрийн биеэр очиж ажиллаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авахыг холбогдох хүмүүст нь даалгасан. Онцгой байдлынхан, гал түймэртэй тэмцэгчдийн техник хэрэгслийг сайжруулах, хүн хүрч болохгүй газарт гарч буй галыг унтраах зориулалт бүхий онгоц авах ажлыг шийдвэрлэхийг ч сануулсан, даалгасан.
Түүний энэ үйлдлийг Оросын Ерөнхийлөгч Путиныг дуурайлаа хэмээн харлуулах хэсэг бүлэг ч бас байна. Ц.Элбэгдорж ч ингэж шоудаж, ард түмнээс сайн нэр олох гэж явсан ч гэх шиг. Түрүү түрүүчийн Ерөнхийлөгч нараас нэг их гал түймэр гарсан газар өөрийн биеэр очоод, онцгой байдлынханд урам дэм өгөөд, бусад сайд, дарга нарыг хөдөлгөөд байсан хүн бий бил үү.
Сайн санахгүй л байна. Ерөнхийлөгч нь өөрийн биеэр гал түймэр гарч байгаа бүсэд очоод, ажиллаад, шийдвэрлэх асуудал юу байна гээд явахаар сайдууд хүртэл ялхайгаад суугаад байдаггүй юм байна. Энэ чинь үглэж, худлаа ярьж биш үлгэрлэж ажиллаж байгаагийн тод жишээ.
Цаашид ч тэгэх байх. Бидэнд шийдвэртэй ажил, зоригтой шийдэл хэрэгтэй байна. Ерөнхийлөгч мөн салбарын сайдууд, Монголбанкны удирдлага, ОУВС-гийн төлөөллийг хүлээж авч уулзсан. Тэр дундаас анхаарал татахаар нь ОУВС-гийн төлөөлөлтэй хийсэн уулзалт байсан. Тэдэнд Монгол шиг баялаг ихтэй, нөөц бололцоо сайтай оронд бол 5.5 тэрбум ам.доллар тийм ч их мөнгө биш гэдгийг хэлсэн.
Дээрээс нь нүүрсний үнэ багахан өсөж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт биш гэдгийг тэдэнд сануулсан. Мөн хүүхдийн мөнгө бол халамж биш. Цөөн хүн амтай Монгол Улсад ганц ч болов хэрэгжүүлж буй өсөлт рүү чиглэсэн бодлого гэдгийг ч сануулаад авсан юм. Тэр зангарагтай байж чадаж байна. Монгол Улсын Засгийн газарт зөвлөж байгаа хүмүүст зөвлөгөө өгсөн. Тэд нэгийг бодож, хоёрыг тунгаасан байх.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй хийсэн уулзалтыг нь зарим хүмүүс сугалж аваад, муучлах шинжтэй байна. Төмс, хүнсний ногоог гаднаас оруулахаа больж, дотоодоос 100 хувь хангах асуудлыг шийдэж, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллах хэрэгтэй байна гэж сайдад сануулсныг нь барьж аваад л байх юм. Өөрөө сайд байсан, тэр үедээ хийхгүй яасан юм гэж ирээд л. Мэдээж сайдаар ажиллаж байсан, энэ асуудлыг шийдэх гэж тодорхой хэмжээнд зүтгэсэн.
Ажилласан хугацаа нь багахан. Хэрвээ П.Сэргэлэн сайд Засгийн газар уначихгүй л бол дахиад овоо хэдэн жил энэ салбарыг удирдах байх. Тийм болохоор монголчууд бид өөрийнхөө улсын хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоог идэх боломжийг хангаж өгөх хэрэгтэй. Ер нь дотооддоо бид аливаа зүйлийг үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангах зорилтыг тавих ёстой. Ядаж л хүнснээсээ эхэлье л дээ, энэ чинь. Хамгийн цэвэр, органик хүнсийг бид хэрэглэж байгаа.
Тийм байтал хамгийн их хиймэл, хортой, цэвэр биш хүнстэй гэгддэг өмнөд хөршөөс болоод бусад улсаас зөөгөөд байх шаардлага юу байна. Одоо бид гадаадаас зөөж биш эх орондоо үйлдвэрлэх цаг болсон. Дэлхий аль хэдийнэ үйлдвэржилтээс халиад хиймэл оюун ухаан хүртэл хийж, сансарт жуулчилж байхад бид хүнсний ногоо зөөхөө болих гэж яриад сууж байгаа нь эмгэнэл биш үү. Тэгээд хамгийн хортой, муу хүнсийг гаднаас зөөж байж таарахгүй.
Энэ талаас нь харвал Ерөнхийлөгч зөв л санаачилга гаргалаа. Заавал муу талаас нь харлуулах гээд байх шаардлага юу байна. Түүний Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үеэсээ эхлээд л анхаарсан нэг асуудал бол МАН-ын удирдлагуудын 60 тэрбумаар төрийн албыг наймаалцсан хэрэг. Дээрээс нь оффшор бүсэд байгаа мөнгийг эх орондоо оруулж ирэх асуудал бий.
60 тэрбумтай холбоотой асуудлыг шалгахыг АТГ-ын дарга Х.Энхжаргалыг хоёр ч удаа дуудаж уулзан, даалгалаа. Эхний уулзалт дээр АТГ-ын дарга хууль дүрэмхэн яриад өнгөрсөн. Дараагийн уулзалт арай өөр болж өнгөрсөн. Асуудлыг шалгахаар болж, ажлын хэсэг байгуулсан. Манайхаас өөр оронд, хууль хяналтынхан нь улстөрчдийнхөө атганд орчихсон, гарынх нь үзүүрээр хөдөлдөггүй улсад бол энэ хэрэг аль хэдийнэ шийдэгдчихсэн байгаа. Угаасаа бүх зүйл нь тодорхой байна.
Анх МАХН-ын генсек Э.Эрдэнэжамъян 60 тэрбумын бичлэгийн зах зухаас дэлгэсний дараа Ц.Сандуй яаран мэдэгдэл хийж, “Манай намынхны сонгуулийн тактик, төлөвлөгөөгөө ярих үеийн бичлэг алдагдсан байна билээ” гээд л хэргээ хүлээчихэж байгаа юм.
Гэтэл манай хуулийнхан огт тоосонгүй. Түүнээс хойш маш олон нотлох баримт дэлгэгдэж, цөөнгүй хүмүүс ч ам алдсан. Гэвч хуулийнхан шалгахгүй байсаар байсан. Энэ асуудалд Ерөнхийлөгч онцгой анхаарч байгаа нь сайшаалтай. Ерөөсөө төрийн албаны суудлыг дураараа зараад байвал энэ Монгол Улс гэж оршин тогтнох аргагүй болох байлгүй.
Зарим нэг хэвлэлийнхэн Ерөнхийлөгч 60 тэрбумын хэргийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр наймаалцаж магадгүй гээд л харлуулах талаас нь зүтгээд эхэллээ. Тийм ч юм гэж байхгүй байх. 60 тэрбумын асуудлыг шийдэж, буруутай этгээдэд хариуцлага тооцож байж Монголд цаашид шударга ёсны эхлэл тавигдана. Оффшор дансанд нуусан их мөнгийг оруулж ирж байж Монгол Улсад шударга ёс бага ч болов тогтоно.
Ерөнхийлөгч 49 хоногийн хугацаа өгсөн. Тэр зууртаа АНУ-ын Элчин сайдын яамныхантай уулзаж, оффшор бүстэй холбоотой асуудалд дэмжлэг өгөхийг ч хүссэн. Хэрвээ 49 хоногт оффшор бүс дэх мөнгөө оруулж ирэхгүй бол цаашид авах арга хэмжээгээ төлөвлөөд, хийж байгаа байх гэж найдаж байна. Хамгийн гол нь энэ улсад шударга ёс үйлчилж, дарга сэтэртэй бүхэн “даам гардаг” байдлыг зогсоох цаг болсон. Энэ мэтээр Ерөнхийлөгчийн сар хүрэхгүй хугацаанд хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг дурьдаад байвал цөөнгүй байна.
Хамгийн гол нь энэ эрчээ битгий алдаарай. Монголд шударга бус хэрээс хэтэрч, төрөөс төрсөн тэрбумтнууд гадаадад хаусныхаа дунд төөрч байхад энгийн иргэд орон сууц авахыг зөвхөн мөрөөдөж л сууна. Ийм байж болохгүй. Одоо энэ бүхнийг, шударга бусыг таслан зогсоох цаг болсон. Монгол Улс хөгжиж, ард иргэд нь цалинтай, орлоготой, тэгш хуваарилалтыг хүртэх эрхтэй болох цаг ирсэн. Үүний төлөө шинэ Ерөнхийлөгч зүтгээсэй. Гараанаас гарсан хурдаа битгий сааруулаарай гэж захих гэсэн юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.