УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим улс орнуудад суух элчин сайд болон тус улсад суугаа элчин сайдуудыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж дууслаа.
Тодруулбал, Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Швейцарь, Франц, Герман улсад суугаа элчин сайдуудыг эргүүлэн татаж, Швейцарь улсад Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнг, Франц улсад Батлан хамгаалахын дэд сайд асан А.Баттөрийг, Герман улсад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат нарыг тус тус Элчин сайдаар томилох санал ирүүлжээ.
Мөн Япон Улсад суух Элчин сайдаар Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэр, АНУ-д суух элчин сайд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Канад Улсад суух Элчин сайдаар Ерөнхий сайдын зөвлөх Н.Чимгүүндарь нарыг тус тус томилох саналыг ирүүлж улмаар хэлэлцэж дууслаа. Гишүүд үг хэлж, санал гарган, амжилт хүссэн учраас элчин сайд нэг бүрээр санал хураав.
Тодруулбал, Швейцарь улсад суух Элчин сайд Л.Пүрэвсүрэнг дэмжих эсэхээр санал хураахад 48 гишүүн оролцож, 29 нь дэмжин 60.4 хувийн саналаар дэмжлээ. Герман улсад суух Элчин сайд Д.Ганбатыг дэмжих санал хураалтад 51 гишүүн оролцож 40 гишүүн дэмжиж 78.4 хувийн саналаар дэмжсэн юм.
Мөн Франц улсад суух Элчин сайдаар А.Баттөрийг дэмжих эсэх санал хураалтад 51 гишүүн оролцож 45 гишүүн зөвшөөрч 88.2 хувийн саналаар дэмжигдсэн бол, 100 хувийн саналаар буюу 50 гишүүн бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн Элчин сайдын томилгоо нь БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаярын томилгоо байсан юм. Гишүүд түүнд баяр хүргэж байлаа.
Харин залуу үеийн төлөөлөл болсон Канад улсад суух Элчин сайд Н.Чингүүмдарийг 50 гишүүнээс 48 нь дэмжиж, 96.0 хувийн саналаар дэмжлэг хүлээсэн бол, Япон улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэрийг 51 гишүүнээс 49 нь дэмжиж 96.1 хувийн саналаар дэмжлэг авлаа.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд “Гишүүдийн захисан үг, хэлсэн ярьсныг дор бүрнээ тунгааж үзээрэй. Гишүүд үндсэн таван сэдвийн хүрээнд үг хэллээ. Тодруулбал, Уламжлалт харилцааг хадгалах ёстой. Гадаад харилцааг эдийн засагжуулах, Хөрөнгө оруулалтыг нэмэх, Тухайн сууж байгаа орондоо Монголоос мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, Иргэддээ анхаарал тавихыг сануууллаа. Тавдугаар, ямар нэг асуудалд улстөржихгүй шүү, улс орноо бодож ажиллаарай гэж санууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд явагдсан санал хураалтын дүнг бичгээр Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэв.
Хуралдааны төгсгөлд АН-ын гишүүн Ж.Батзандан “АН-ын ҮБХ-ны хуралдаан үдээс хойш Төрийн ордоны Их танхимд хуралдана. Хуралдаанаар бид нэлээд чухал асуудал хэлэлцэх учиртай. Тиймээс чуулганаар хэлэлцэх гол асуудлаа дуусгасан учраас үдээс хойшхи чуулганы хуралдааныг хойшлуулж өгнө үү” хэмээн хүслээ.
Тэгвэл МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Хуралдаандаа амжилттай оролцох нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс хуралдааныг хойшлуулахад гэмгүй” гэв. Ингэснээр чуулган үдээс хойш хуралдахгүй болж, чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа.
Б.Тогтох
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.