Төв банкны дөрвөн жилийн алдагдал гурван их наяд төгрөг байсан гэв

Төв банкны дөрвөн жилийн алдагдал гурван их наяд төгрөг байсан гэв

Өнөөдөр Төрийн ордонд Эдийн засгийн байнгын хороо хуралдаж тус байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Энэ долоо хоногийн даваа гарагт уг асуудлыг МАН-ын бүлэг хаалттай хэлэлцэж, хэвлэл мэдээлэлд юуг нь дэлгэхээ ярилцсан юм. Тэгвэл өнөөдөр байнгын хороогоор нээлттэй хэлэлцэв.

Тайланг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм. Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, А.Ундраа, Т.Аюурсайхан нар багтсан юм. Ажлын хэсгийн шалгалтын явцад Төв банкны “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд болон өнгөрсөн дөрвөн жилийн алдагдал нь гурван их наяд төгрөгт хүрснийг дуулгалаа. Оноор нь задалж үзвэл 2012 онд 302 тэрбум, 2013 онд 424 тэрбум, 2014 онд 535 тэрбум, 2016 онд нэг их наяд 648 тэрбум төгрөгийн алдагдал гэсэн тоо гарсан байна. Алдагдалтай ажиллах болсон шалтгаан нь хүүгийн алдагдал 524 тэрбум төгрөг, своп, порвард хэлцэл байгуулснаар 1.7 их наяд төгрөгийн алдагдал, гадаад валютын арилжааны алдагдал 462 тэрбум төгрөг болсонтой хамаатай хэмээн Т.Аюурсайхан гишүүн онцоллоо.

Мөн орон сууцны салбарт олгосон нийт зээлийн 9.5 чанаргүй зээлийн ангилалд багтсан, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд 4.8 их наяд төгрөг гаргаснаас 3.8 нь барилгын салбарт, үлдсэн нэг их наяд нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулахад зарцуулагдсан гэсэн мэдээ гарчээ.

Мөн энэхүү хөтөлбөрт хамрагдсан 45 аж ахуйн нэгж мөнгөө зориулалтын бусаар ашигласан гэдгийг тогтоосон аж. Т.Аюурсайхан танилцуулгадаа “Нийгмийн хөгжлийн санд нийтдээ 10 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байсан. Энэ мөнгөөр Монголбанк ажилтнууддаа орон сууцны дэмжлэг болон их хэмжээний мөнгөн шагнал олгодог байсан зөрчил илэрсэн. Тухайлбал 2012-2016 оны хооронд дөрвөн удаа цалингийн нэмэгдэл хийж, 15-30 хувиар нэмэгдүүлсэн байна лээ.

Монголбанкны шалгалтын дүнд шатахуун импортлогч 14 компанид 226.4 тэрбум төгрөгийн зээл олгосон гэдэг нь тогтоогдсон. Энэ зээлийг ихэнх аж ахуй нэгж зориулалтын бус зүйлд зарцуулсан. 2012 оноос дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ тогтмол буурсан. Тиймээс манай ажлын хэсэг шатахууны компаниудад зээл олгох шаардлагагүй байсан” гэсэн дүгнэлт гаргаснаа танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд Төв банкны валютын нөөц 4.1 тэрбум ам.доллар байсан бол 2016 онд 1.3 тэрбум ам.доллар болжээ. Төв банк шилэн данс хөтөлдөггүй байсан гэх мэт хэтэрхий улстөржүүлсэн мэдэгдэл ч энэ үеэр гарав. Гэвч өнгөрсөн хугацаанд өдгөө Зам тээврийн дэд сайдаар сууж буй Б.Цогтгэрэл Төв банкны шилэн дансандаа байршуулсан мэдээллийг олж аван хангалттай улстөржиж байсан учраас зарим талаар хэт улстөржсөн, сонгуулийн өмнө намын нэр хүндээ өсгөх гэсэн асуудал байгаа нь илхэн харагдаж байв.

Төв банкинд хийсэн шалгалтын дүн мэдээг олон нийтэд зарлахаас өмнө одоогийн Төв банкны удирдлагуудад мэдэгдэх ёстой байсан ч тийм зүйл болоогүй аж. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Ажлын хэсэг Монголбанкинд хийсэн тайлангаа бидэнтэй ярилцаагүй. Бид өнөөдөр Байнгын хороон дээр орж ирээд, гишүүдтэй хамт сонсч байна. Тиймээс албан ёсоор ажлын хэсгийн дүгнэлтийг авч байж хариулах боломжтой болно. Аль ч улсад төв банкны хараат бус байдлыг хүндэтгэдэг. Төв банкны бүрэн эрхийг хуулиар тогтоосон байдаг. Энэ бүгдийг Ажлын хэсэг, Эдийн засгийн байнгын хороо харгалзаж үзэхийг хүсч байна” гэлээ. Улмаар эдгээр зөрчлийг үндэслэн ажлын хэсгээс гаргасан саналуудыг танилцууллаа. Ажлын хэсгээс

-Монголбанкны Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг хуулиар зааглах, өөрчлөлт хийх,

-Монголбанкны алдагдлыг бууруулах чиглэлийг бууруулах арга хэмжээ авахыг даалгах,

-Хуримтлагдсан алдагдлыг барагдуулж дуусах хүртэл Монголбанкны удирдлага, ажилтнуудын цалинг нэмэхгүй байх, Нийгмийн хөгжлийн сангаас орон сууцны дэмжлэг, шагнал урамшуулал өгөхгүй байх,

-Шахатууны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль зөрчиж хэрэгжүүлсэн учир 488.4 тэрбум төгрөгийг буруутай этгээд буюу тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Золжаргалаар нөхөн төлүүлж, хуулийн хариуцлага тооцуулах гэсэн саналуудыг гаргаснаа байнгын хороонд танилцуулсан юм. Энэ өдрийн хуралдаанаар Сангийн сайд өрийн асуудлаар мэдээлэл хийх байсан ч хийсэнгүй.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.