Г.Энхтүвшин: Дорноговь Монгол Улсын их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулна

Г.Энхтүвшин: Дорноговь Монгол Улсын их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулна

Дорноговь аймгийн Засаг дарга Г.Энхтүвшинтэй  хөгжлийн бодлого хийгээд  их  бүтээн байгуулалтын явц, нийгмийн тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэж буй талаар ярилцлаа.  

-Дорноговь бол  Монгол Улсын эдийн засагт нөлөөлж буй цөөн аймгийн нэг.  Эдийн засгийн хувьд ч энэ цаг үед ажрахааргүй байгааг эдүгээ өрнүүлж буй их бүтээн байгуулалтаас тань харж  болохоор байна. Бүтээн байгуулах тухай ярьж болох ч хамгийн гол нь хөрөнгө оруулалт шүү дээ?

-Дорноговь аймаг хөгжлийнхөө ерөнхий төлөвлөгөөг тэргүүлэх  гурван чиглэлээр тодорхойлсон. Нэгдүгээрт, уул уурхайд түшиглэсэн боловсруулах болон баяжуулах үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх явдал. Өөрөөр хэлбэл,  Дорноговийн хөрсөн дор буй  байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингээсэн боловсруулах болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж гэмээнэ иргэд маань ажилтай, орлоготой сайхан амьдарна. Хоёрдугаарт, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх.   Манай  аймаг хилийн хоёр боомттой. Монгол Улсын нийт ачаа эргэлтийн 60 гаруй хувийг импортолдог байнгын ажиллагаатай Замын-Үүдийн болон  Хатанбулаг суман дахь Хангимандалын боомт байна. Цаад талд нь Өвөр Монголын өөртөө засах орны Бугат гээд олон сая хүнтэй, БНХАУ-ын төмөрлөгийн үйлдвэрлэл хөгжсөн том хот  бий. Тиймээс бид энэ давуу байдлаа ашиглаад Дорноговь аймагт аялал жуулчлал хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна.  Дорноговийг монголчууд төдийгүй дэлхийн улс орнуудад мэддэг. Хамрын хийд, Хан Баянзүрх уул, Шамбалын орон буюу жуулчдын сонирхлыг татдаг энергийн төвийг гадна дотны олон зуун жуулчин зорьж ирдэг. Тиймээс Өвөр монголчуудыг энергийн төвөөр аялуулах, дорноговьчуудыг Улаан-Үд, Эрхүү хотоор  аялуулах ажлыг зохион байгуулж байгаа. Гуравдугаарт нь уламжлалт мал аж ахуйг нэрлэхээс аргагүй. Өмнөд хөрш Хятадын том зах зээлд малын гаралтай түүхий эд болоод мах  боловсруулан  нийлүүлэх үйлдвэр  байгуулах зорилт тавьсан. Дашрамд өгүүлэхэд, манайд  тодруулбал хилийн бүсэд  арьс шир боловсруулах томоохон үйлдвэр барихыг төр,  засаг  дэмжсэнийг  онцлон тэмдэглэхийг хүсч байна.  

-Уул уурхай, аялал жуулчлалын салбарт түшиглэсэн хөгжлийн бодлогоо дагаад улсын чанартай  томоохон бүтээн байгуулалт  өрнөх нь ээ?  

-Манай аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “Монполимет” компанийн “Монцемент”-ийн үйлдвэр   жилд  сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай.  Тус үйлдвэрт  Дорноговийн харьяа 300 гаруй хүн ажиллаж  буй. Ирэх сарын 1-нээс манай үндэсний үйлдвэрлэгч МАК-ийн  “Хөх зам”-ын цементийн үйлдвэр Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт  удахгүй  ашиглалтад орно. Өөрөөр хэлбэл, Монгол Улс энэ оноос жилд хэрэглэдэг 1.8 сая тонн цементээ  манай  аймгаас татах боломж бүрдэж байгаа юм. Мөн Замын-Үүдэд хоёр томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлсэн. Эхнийх нь   Тээвэр ложистикийн төв бөгөөд Хятадаас нарийн царигтай төмөр замаар орж буй бараа бүтээгдэхүүнүүд  шууд нарийн цариг дээрээ буух боломж бүрдэнэ.  Нөгөө нь Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажил.

-Бүтээн байгуулалт, үйлдвэржилтээ дагаад Дорноговь аймгийн хүн ам өсөх нь ойлгомжтой. Ажлын байр, амьжиргааны түвшинг  дагаад шилжилт хөдөлгөөн идэвхжиж таарна. Үүнийг дагаад орон сууц, хүүхдийн цэцэрлэг, сургууль гээд нийгмийн салбарт шийдвэрлэвэл зохиох асуудлууд үүснэ?

-Дорноговь аймаг 2017 оныг  “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласныг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Энэ ажлын хүрээнд их олон ажлыг хийж амжуулна. Бурхан шашны аяллыг Сайншанд сум руугаа илүү татах бодлого барин ажиллаж байна.  Харин иргэдээ ая тухтай амьдруулахын тулд аймгийн төвд  260 айлын орон сууцны хорооллын барилгын ажлыг эхлүүлсэн.  Угсралтын ажил ид явагдаж  байгаа. Ирэх есдүгээр сард ашиглалтад орно. Мөн III, VII багийн нутаг дэвсгэрт орон сууцны иж бүрэн хорооллыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.    Энэхүү орон сууцны  хорооллын үнэ нь зах зээлийн ханшаас  хоёр дахин  хямд өртөгтэй. Ам.метр нь ердөө нь 650 мянган төгрөг. ЗДТГ тодорхой хэмжээний алагдал хүлээж байгаа ч  Дорноговь аймаг ирээдүйд  утаанд умбах аюулаас  сэргийлж буй юм. Мөн манай  хүүхэд, залуучууд тун удахгүй ирэх жилийн өдийд 4D кино театраар үйлчлүүлэх болно. Энэ ондоо багтаан Усан спорт сургалтын төвийн барилгын суурийн ажлыг эхлүүлнэ. Замын-Үүд суманд ч 180 айлын орон сууцны  барилгын суурийн ажил эхэлчихсэн байгаа. Дорноговь аймаг улсаас татаас авдаггүй зургаан аймгийн нэг. Тиймээс  байгаа нөөц бололцоогоо түшиглэн хөгжих боломж бидэнд бий.  

-Дорноговь аймгийн хамгийн том давуу тал нь дэд бүтэц юм. Энэ давуу талаа хэрхэн ашиглаж байна вэ?

-Манай аймаг хамгийн урт авто болон төмөр замтай гэдгээрээ онцлогтой. Энэхүү давуу байдлаа ашиглаад аялал жуулчлалын салбарыг  түлхүү хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Жилд гадны болон дотоодын  95 мянган жуулчин хүлээж авдаг. Одоогоор ийм олон жуулчинг  хүлээж авдаг аймаг гэвэл Хөвсгөл, манайх хоёр л байна даа. Гэхдээ манайд дотоодын жуулчид илүү ирдэг. Бидний нэмж хийх ажил бол хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж, Өвөр Монголын жуулчдыг энергийн төв Хамрын хийд, Хан Баянзүрх уул, Шамбалын орноор зорчуулах юм. Үүнийгээ дагаад зочид буудал, тээвэр зуучлал, нийтийн хоолны салбарууд хөгжиж, эдийн засгийн эргэлт өснө.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.