Төрийн албаны хууль улс төрийн зорилготой юу

Төрийн албаны  хууль улс төрийн зорилготой юу
Эсрэг тэсрэг байр суурь
 
Д.Эрдэнэбат: Маш их улстөржсөн хууль болсон гэж харж байгаа
 
/УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга/ 
 
-Эрх баригчдын оруулж ирж байгаа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга улстөржсөн хууль болсон. Учир нь уг хуулийн ихэнх заалтууд улс төрийн байгууллагуудад буюу Засгийн газарт бүх эрх мэдлийг өгсөн байгаа. Улмаар Төрийн албаны зөвлөлийг үгүйсгэсэн буюу дагавар байгууллага болгох гэсэн оролдлого байсан. Хуулийн 10 гаруй заалтад ЗГХЭГ-т бүх асуудлыг төвлөрүүлэхээр заасан нь өөрөө улстөржүүлсэн хууль гэдгийг баталсан хэрэг.
 
Харин Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь одоогийн үйлчилж байгаа хуульд дутуу байсан зүйлүүдийг нэмэлтээр товч тодорхой оруулж ирсэн гэж харж байгаа. Гэхдээ бид ажлын хэсэгтэй хамтраад, хэлэлцүүлгийн үр дүнд гарсан 10 гаруй саналуудыг ажил хэрэг болгох хүрээнд хамтарч ажиллахад бэлэн байгаа. Одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны хууль хууль сайн хууль. Гэхдээ хэрэгжихгүй байгаа зүйл заалтуудыг хэрэгжүүлэхэд садаа болоод байгаа зүйлүүдийг засч залруулах тухай асуудал байсан. Гэтэл эрх баригчдын оруулж ирсэн шинэ хуулийн төсөл нь өөрөө одоогийн хуулиас зүйл, заалтын хувьд гурав дахин нүсэр хууль орж ирсэн.
 
Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын хаашаа харах, хаана суух вэ гэдгээс эхлүүлээд захиргааны шинжтэй журмаар зохицуулагдах бүх зүйлийг энэ хууль руу чихсэн нь буруу.  2016 оны сонгуулийн дараа нийтдээ 22235 төрийн албан хаагч ажлаасаа халагдсан байна. Тиймээс эрх баригчид Төрийн албаны тухай хуулийг яаран батлах гэж байгаа цаад учир нь улс төрийн аргаар дээрхи солигдсон төрийн албан хаагчдыг төрийн албан хуулиар хадгалах үлдээх оролдлого хийж байж ч болзошгүй гэсэн хардлага төрүүлж байгаа. 
 
Я.Санжмятав: Хуулийг хэтэрхий яарч өөрчлөх хэрэггүй
 
/УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга/ 
 
-Шулуухан хэлэхэд энэ хуулийн шинэчлэлд сэтгэл дундуур байгаа. УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь долоон хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй байна. Энэ нь өмнөх хуулиас бүлэг, зүйлийн тоо нь 3-5 дахин нэмэгдэж маш том хууль болжээ. Зүйл заалтын тоо ихэсч хуудасны тоо олон болсноор хууль сайн болохгүй. Энэ бол амьдралаар батлагдсан үнэн. Миний байр суурь бол өмнөх хуулийнхаа суурин дээр сайжруулах, зохицуулах, өөрчлөх шаардлагатай зүйл хэсгээ тусгаад явах ёстой гэж бодож байгаа.
 
Хуулийн шинэ төсөлд тусгаснаар бол улс төрийн намын гишүүн төрийн албанд ажиллахаар бол намын гишүүнээсээ татгалзах заалт байна. Уг санаа нь зөв л дөө. Гэвч Үндсэн хуульд зарим төрлийн албан хаагчийг намын гишүүнээс түдгэлзүүлж болно л гэж байгаа. Тэрнээс татгалзана гэсэн заалт байхгүй. Мөн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг заавал биелүүлнэ, Шүүхэд гомдол гаргаж болохгүй гэсэн агуулга байна. Энэ нь Үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд Шүүхэд гомдол гаргах эрхийг хөндсөн ноцтой асуудал болох нь.
 
Ийм илэрхий бүдүүлэг, бярдсан агуулга, үзэл санааг хавчуулж болохгүй л дээ. Энэ нь ямар зорилготой юм гээд цааш ярина. Тэгээд ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хөндөн ярьж байгаа өнөөдрийн цаг үед төрийн албаны тухай хуулийн шинэчлэлээ эцэг хуультайгаа сайтар уялдуулсан зохицуулалт оруулах нь чухал гэж харж байгаа. Өнөөдөр эрх барьж байгаа нам нь өөрсдийнхөө эрх ашигт илүү нийцүүлсэн нэг хууль гаргана. Маргааш нөгөө нам нь та нар өөрсдөдөө тохируулж хийсэн гээд дахин өөрчилнө. Ийм байхаар Төрийн албаны тогтвортой байдал, улс төрөөс хараат бус байх зарчим алдагдсаар л байна.
 
Тэгэхээр энэ хуулийг олуулаа олон талаас нь ярьж, олон жилийн настай хууль баталмаар байна. Хуулийг хэтэрхий яарч өөрчлөн батлах гээд хэрэггүй. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг хэтэрхий гоомой хууль гарчих вий гэдэг болгоомжлол үндсэндээ аль аль талдаа байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. 
 
Эх сурвалж: Өдрийн сонин 
 
Д.Тогтохсүрэн: Би эр зориг гаргасан
 
/УИХ-ын гишүүн/ 
 
-Төрийн албан тодорхой хэмжээнд сайжирч байгаа ч сүүлийн жилүүдэд халаа сэлгээ нэмэгдсэн. Энэ хэрээр төрийн алба тогтворгүйжиж, чадавх нь муудсан. Үүнд олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Тиймээс төрийн албыг иж бүрнээр нь шинэчилье гэсэн санаачилгыг 12 гишүүн гаргаж, шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Ингэхдээ төрийн албыг улс төрөөс хараат бус, тогтвортой, хариуцлагатай байлгах, түүнчлэн Төрийн албаны зөвлөл ямар чиглэлтэй үйл ажиллагаа явуулах вэ гэсэн дөрвөн том асуудлаар өөрчлөлт оруулсан. Төрийн албан хаагчийг улс төрөөс хараат байлгах хэд хэдэн заалт орсон.
 
Тухайлбал, бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг хоморголон халж яам агентлаг, аймаг сумын албадын нэрийг өөрчилдөг. Үүнийг зогсоож бүтцийн өөрчлөлтөөр төрийн албан хаагчийг халахгүй болгоно. Хоёрдугаарт, ажлын байрны тодорхойлолтоо өөрчилж хүн халдаг байсныг өөрчилж, зургаан жилд нэг удаа ажлын байрны тодорхойлолт гаргадаг байхаар өөрчилсөн.
 
Гуравдугаарт, төрийн албанд сонгууль болгоны дараа шинээр хүн орж ирдгийг өөрчилнө. Тухайлбал, яамны төрийн нарийн бичгийн дарга хүн төрийн албанд 16 жил ажилласан байх ёстой гэж тусгасан. Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчийг сонгон шалгаруулдаг газар. Тэгвэл энэ чиг үүргийг өөрчилж Төрийн албаны хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг газар болгоно. Тухайлбал, сонгон шалгаруулалт зөв хийгдсэн эсэхэд хяналт тавьж, маргааныг эцэслэн шийдвэрлэнэ.
 
Товчхондоо Төрийн албаны зөвлөл маргаан таслах, шийдвэрлэх, буруу томилсон, чөлөөлсөн байвал тухайн шийдвэрийг хүчингүй болгоно. Удирдах албан тушаалтны буруугаас болж төрийн албан хаагч хууль бусаар халагдсан нь тогтоогдвол хохирлыг тухайн дарга өөрөө төлж барагдуулна. Өнгөрсөн сонгуулиар МАН төрийн албан хаагчдыг тодорхой хэмжээгээр халж сольсон ч хоморголон халсан асуудал байхгүй. 2008-2012 онуудад халаа сэлгээ харьцангуй гайгүй явж ирсэн.
 
Сүүлийн жилүүдэд л 15-20 мянгад хүрчихээд байна. Энэ өөрчлөлтийг хэзээ нэгэн цагт аль нэг улс төрийн хүчин хийнэ. Энэ бол яах аргагүй зориг. Аль нэг нам өөрчлөх гэхээс илүүтэй монгол төрийн алтан аргамжаа болсон “хар хайрцаг”-ны бодлогыг тогтвортой авч явдаг залгамж чанарыг барьж байдаг төрийн албан хаагчид маань тогтвортой, бас хариуцлагатай ажиллах ёстой. 
 
Эх сурвалж: Монголын үнэн
 
Сэтгүүлчийн дүгнэлт
 
Орондоо хууль засах юу ч биш байжээ
 
Найзууд ярьж суугаад шинэ бүтээлийн санаа олох, эсвэл шар айраг ууж суухдаа хамтлаг байгуулах “гэнэн” санаа төрдөг шиг манай улстөрчид хов базаж суухдаа хууль өөрчлөх мэргэн санаа олдог болоод удаж байна. Ц.Нямдорж гишүүн орондоо хууль засч байсан нь үүний дэргэд юу ч биш байжээ. Улс төрийн нам болгон хууль өөрчлөх ёстой юу гэвэл тийм биш. Тэр тусмаа зүв зүгээр хэрэгжиж байсан хуулийг эрс өөрчилж, өмнөхөөс нь дордуулж байгаа нь хэрхэвч зүгээр харж суух асуудал биш юм. Өвөрхангай аймгаар олон жил овоглосон Д.Тогтохсүрэн 2016 оны сонгуулиар ёстой л “тэнгэрийн умдаг атгасан”. УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларч, олон жилийн хүслээ биелүүлж байгаа азтай нэгэн.
 
Гэтэл УИХ-д орж ирээд нэг жил ч болоогүй байхдаа Үндсэн хуулийн араас орох том хууль болох Төрийн албаны хуулиар оролдож сууна. Туршлагагүй атлаа тэр том сэдвийг оролдож, боловсруулсан хуулиа ч хамгаалж чадахгүй онигоо болж байгаа нь худлаа биш. Төрд орж ирээд нэг жил болсон нь байтугай, гурав дөрвөн удаа улирч сонгогдсон гишүүд ч барагтай бол барьж авахгүй хуулийн төслөөр оролдож эхэлжээ. Үгүй мөн том зориг шүү. 
 
Эрхэм гишүүн өөрийн намын хэсэг гишүүдтэй ярилцаж суугаад хууль өөрчлөхөөр шийдсэн гэнэ лээ. Намын дарга нь ч УИХ-ын чуулганы индэрээс Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн нэг том зорилт хэмээн мэдэгдсэн удаатай. Гэхдээ хууль өөрчлөх нийгмийн шаардлагаар тоглолт хийж юу хүссэнээ шургуулж, өөрчилж болох уу.
...Хуулийг хүслээрээ өөрчилж, буруу зөвийг ч ялгахгүй хууль баталж давхисаар гудамжинд гарсан АН-ын хувь заяаг МАН давтах нь тодорхой биз ээ. Ард түмэн тэнэг биш. Хов базаж суухдаа хүслээрээ хууль өөрчлөх цаг хугацаа ч хязгаартайг Д.Тогтохсүрэн таньд сануулах нь илүү биз. Монгол төрийн алтан хайрцаг болсон төрийн албаар оролдох аугаа том эр зориг таньд байгааг үнэлэхээс өөр яалтай...
Тэр тусмаа хэдэн зуун мянган хүний амьдралтай холбоотой ийм том хуулийн төслийг ямар ч хэлэлцүүлэг, судалгаа, экспертүүдийн санал авахгүйгээр хэдхэн гишүүн ярилцаад оруулж ирдэг нь арай л хэрээс хэтэрсэн үйлдэл байлтай. Төрийн албаны тогтворгүй байдал, улстөржилт, хоморголон халж буй асуудлыг өөрчлөх нийгмийн шаардлагаар халхавч хийж түүнийг өөрчлөх бус харин ч эсрэгээрээ улс төрийн ашиг сонирхлоо баттай суулгахаар санаархжээ хэмээн хардах үндэслэл хэд хэд байгаа юм.
 
Тухайлбал, эрхэм гишүүний хэлсэнчлэн Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт явуулдаг, шалгалт авдаг, төрийн албан хаагчдын нөөц бүрдүүлдэг үндсэн үүргээсээ татгалзаж “шүүх” байгууллага болох гэнэ. Нөөц бүрдүүлэх, албан хаагчдыг томилох асуудлыг нь ЗГХЭГ эрхэлж, харин энэ томилгоо нь хууль зөрчсөн үү, хууль ёсны томилгоо хийгдсэн үү гэдгийг Төрийн албаны зөвлөл шалгаж тогтоох юм байх. Нэг ёсондоо хоёр хүний хэрүүлийг зохицуулдаг хөндлөнгийн байгууллага болно хэмээн хуульд тусгажээ. Энэ ажлыг төрийн албаны зөвлөл бус шүүх шийдэх учиртай. Гэтэл шүүх байгууллагын ажлыг булааж авахаар санаархсан нь энэ хуулийн үнэн төрхийг илчлэх биз ээ. Шууд утгаараа улс төрийн нөлөөлөл улам бүр гүнзгийрэх нь тодорхой байна. 
 
ЗГХЭГ-ын дарга улс төрийн албан тушаалтан байдаг. Тийм хүнд монгол төрийн албан хаагчийн бүх асуудлыг даатгаж байгаа нь улс төрийн намууд юу хүссэнээ хийх боломжийг бүрдүүлж байгаа хэрэг хэмээн хардахаас өөр арга алга. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуульд төрийн албаны шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүн уг албан тушаалд тэнцдэг байх шалгуур бий. Гэтэл шинэ хуульд төрийн албаны шалгалтад хамгийн өндөр оноо авсан тав хүртэлх төрийн албан хаагчаас нэгийг нь сонгож, томилно гэж тусгасан байна. Тэгэхээр тухай албан тушаалд таван хүн өрсөлдөхөд онооны жагсаалтаар хамгийн сүүлд нь буюу тавдугаарт орсон хүнийг ч томилох боломжтой болох нь.
 
Энэ мэтээр маш олон буруу зөрүү зүйл заалт шинэ хуульд туссан нь улстөрчдийн талцах, маргалдах шалтгаан болоод байгаа. Мэдээж МАН эрх мэдэлтэй. Тэд 65-уулаа улс төрд сууж байна. Тиймээс хэн нэгний эсэргүүцэл, сөрөг хүчний шаардлагыг үл тоон энэ хуулийг батлах нь дамжиггүй. Баталсан хуулиараа далайлган юу хүссэнээ хийх нь ч тодорхой. УИХ-ын гишүүнээр нэг жил ч ажиллаагүй, аймгийн Засаг даргын туршлагатай нэг улстөрчөөрөө туг тахиад ч хамаагүй хуулийг өөрчлөх нь тодорхой байна. Харин үр дүн яаж гарахыг тэд мэднэ гэж найдъя.
 
Хуулийг хүслээрээ өөрчилж, буруу зөвийг ч ялгахгүй хууль баталж давхисаар гудамжинд гарсан АН-ын хувь заяаг МАН давтах нь тодорхой биз ээ. Ард түмэн тэнэг биш. Хов базаж суухдаа хүслээрээ хууль өөрчлөх цаг хугацаа ч хязгаартайг Д.Тогтохсүрэн таньд сануулах нь илүү биз. Монгол төрийн алтан хайрцаг болсон төрийн албаар оролдох аугаа том эр зориг таньд байгааг үнэлэхээс өөр яалтай. Тийм том хуулийг намынхаа өмнөөс бамбай болон барьж авсан таныг эр зоригийг л үнэлье дээ. Өөрчлөлт шинэчлэлт хүлээх нь илүүц гэдэг нь тодорхой. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.