Дүрдээ итгэчихсэн “бор халзан хонь”-ууд нь төрийн хуулийг самарч дуусах нь

Дүрдээ итгэчихсэн “бор халзан хонь”-ууд нь төрийн хуулийг самарч дуусах нь

УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь хууль боловсруулах, батлах. Гэхдээ үндсэн үүргээ хэрэгжүүлж байгаа нэрээр төрийн хуулийг самрах, эс бөгөөс ямар ч чанаргүй, тооцоо судалгаагүй хууль батлуулах гэж улайрах нь зүйд нийцэх асуудал биш баймаар. Харамсалтай нь УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхи нь ажлаа мэдэхгүй, асуудлаа ойлгохгүй шинэковууд байгаа энэ цагт төрийн хууль тогтоомж тооцоо судалгаатай батлагдах тухай мөрөөдөх ч хэрэггүй болчихоод байна.

Үүний хамгийн том бодит жишээ бол энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт болон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга. Уул нь Х.Тэмүүжин сайд байх үед  анх яригдахдаа Зөрчлийн тухай хууль нь “шоронжсон” бодлогыг зөөллөж, хэрэг үүсгэж шоронд хорих шаардлагагүй зарим асуудлыг зөрчил гэж тооцож албадан ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах, мөнгөн торгууль ногдуулах гэх мэтээр зөөллөх бодлого баримтлах тухай байсан. Гэвч МАН-ын үед энэ хууль орж ирэхдээ жинхэнэ утгаараа бантан болж хувирсан. Хатуухан хэлэхэд, мөнгө босгох, ард түмнийг зөрчил гэсэн зүйл заалтаар дарамтлах хууль болж хувирчээ.

 

Тийм зөрчил гаргавал тэдэн саяар торгох гэдэг зүйл заалтад л анхаарснаас биш “шоронжсон” бодлогыг арилгах, хүний эрхийг хангах тухай ширхэг ч заалт тусгаагүй байх юм. Энэ хуулиар далимдуулж, хэдэн төгрөг олох вэ гэдэгт л анхаарал хандуулчихсан хэрэг. Хамгийн инээдэмтэй нь хууль шүүхийн мэргэшсэн, хуулийн салбарын олон удаа хууль тогтоомжийг боловсруулж байсан луухгарууд энэ хуулиас тун хол байгаа нь анхаарал татаж буй. Эсрэгээрээ нохойд барьдаг мод гэдэг шиг парламентын гишүүнээр сонгогдоод дөнгөж нэгхэн жил болж буй залуу гишүүдэд хуулийг даатгаж орхисон байгаа юм. Нөгөөдүүл нь ч үнэхээр дүрдээ итгэчихсэн.

Хуулийн төслийн жинхэнэ зорилгыг алдагдуулж, жинхэнэ утгаар нь самарч орхилоо. Х.Нямбаатар гэх залуу улстөрчийн нэр хүнд ч авах юмгүй болов. Улстөрчдийн гар хөлд гүйж явдаг “бууны нохой” аятай л болохгүй хуулиар оролдож баахан загнуулж байгаа нь худлаа биш.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “Зөрчлийн болоод Эрүүгийн хууль ийм "новшийн" хууль гарах гээд байгаа учир Ц.Нямдорж мэтийн туршлагатай хүмүүс оролцохгүй байна” хэмээн цаад санааг нь тун ч оновчтой тодорхойлж орхилоо. Н.Учрал, Х.Нямбаатар гэсэн шинэковуудын боловсруулсан эдгээр хууль сүүлдээ утга учраа алдаж, зарим гишүүд нь бүр дахин шинэ хууль боловсруулах тухай яриад явж байна. Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболд “Зөрчлийн хуульд олон зүйл болохгүй бна. Одоо батлагдах нь. Тиймээс дахиад хууль санаачлаад засах л хэрэгтэй” хэмээж байлаа. Төрийн хуулийг ийм л хүмүүс баталж сууна.

Хамгийн эмгэнэлтэй нь баталж амжаагүй байхдаа дахин засах тухай, шинэ хууль оруулж ирэх тухай яриад сууж байгаа тэднээс юу ч хүлээх хэрэггүй юм байна. “Бор халзан хонь”-уудаар танхимаа бүрдүүлэхэд нь ард түмэн суралцах байлгүй хэмээн найдаж байсансан. Гэтэл эдгээр “хонинууд” нь суралцах нь битгий хэл хууль баталж тоглодог боллоо. Асуудалд орох, маргаан дагуулах хуулийн төслөөс туршлагатай нь хойш сууж, харин туршлагагүй хэсэг бүлэг нь баталсан нэртэй бантан хутгадаг болов. Цаашдаа хэчнээн хууль энэ мэт туршилтын туулай болж, бантан болж хувирахын таахад хэцүү.  

 

Б.Тогтох 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.