БСШУС-ын сайдын “Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/195, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/196 тоот тушаал гарлаа. Тушаалыг өнөөдөр БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар нар МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, Боловсролын хүрээлэнгийн захирал М.Итгэл, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дарга А.Туяа болон тусгай сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагуудад танилцууллаа.
Уулзалтын эхэнд БСШУСЯ тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн асуудалд онцгой анхаарал хандуулж, эцэг, эхчүүд, багш, сурагчдын санал, бодлыг тусгаж, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд, бүх шатны байгууллагуудтай нягт, уялдаа холбоотой ажиллаж, тодорхой үр дүнд хүрэхийг хүсч байгаагаа илэрхийллээ. БСШУС-ын сайдын тушаалд тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн талаар ямар ажил хийж, хэрэгжүүлэх талаар тодорхой зааж, холбогдох хүмүүст үүрэг болгожээ.
Тухайлбал, сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх, 29 дүгээр тусгай сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, 6 дугаар сард багтааж шийдвэрлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэн тусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авах боломжийг бүрдүүлэх зэрэг тодорхой асуудлыг тусгасан байна.
Улмаар энэхүү тушаалын хэрэгжилтийн явцын эхний тайланг энэ оны долдугаар сарын 05-ны дотор, цаашид улирал тутам танилцуулахыг БСШУС-ын сайд холбогдох газар, нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо. Тушаалын бүрэн эхээр нь хүргэе.
Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийн 15.3, 15.4, 15.7, 15.11 дэх хэсэг, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, Бага, дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Тусгай сургуулийн сурагчдын үдийн хоолны нормативыг 2017 оны 5 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжүүлэхийг Боловсролын бодлогын газар /Д.Эрдэнэчимэг/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Мөнхбаатар/-т даалгасугай.
2. Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх арга хэмжээг Үндэсний хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Санхүү, эдийн засгийн газар /Д.Батмагнай/-т даалгасугай.
3. Монгол Улсын Боловсролын Их Сургууль /Д. Мөнхжаргал/, Боловсролын хүрээлэн /М.Итгэл/, Боловсролын үнэлгээний төв /Ж.Ган-Эрдэнэ/ -д үүрэг болгох нь:
а) Ерөнхий боловсролын тусгай 29 дүгээр сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, санхүү эдийн засгийн болон бусад үр дагаврын судалгаа, тооцоог хийж, дүгнэлтийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны дотор шийдвэрлүүлсүгэй;
б) Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн онцлог, суралцах чадамж, сонирхол, хэрэгцээнд тулгуурласан, эрүүл мэнд, хөгжлийн ахиц өөрчлөлтийг нь дэмжсэн уян хатан сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх нөхцлийг хангасан сургалтын төлөвлөгөө, үнэлгээний арга зүйг боловсруулж, сургалтад 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн үе шаттайгаар нэвтрүүлж, 2018-2019 оны хичээлийн жилд бүрэн хэмжээгээр мөрдөж эхэлсүгэй;
4. Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн багш нарын мэргэжлийн хичээлийг дохионы хэлээр заах арга зүй, ур чадварыг сайжруулах сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллага, сургуультай нь хамтран зохион байгуулж, 2017 оны 8 дугаар сарын сүүлийн 7 хоногт багш нарын дохионы хэлний мэргэжлийн түвшинг тогтоож, дүнг цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамт танилцуулахыг Монгол Улсын Боловсролын их сургууль /Д.Мөнхжаргал/, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /А.Туяа/–д даалгасугай.
5. Санхүү, эдийн засгийн газар/ Д.Батмагнай/-т даалгах нь:
а) Бүх тусгай цэцэрлэг, сургуулийг камерын бүрэн хяналттай болгох камержуулалт, гэрэлтүүлгийн ажлын төсөв, тооцоог хийж, 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах, ерөнхий боловсролын 29, 116 дугаар тусгай сургуулийг камерын хяналттай болгох хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлж, ажлыг 2017 онд зохион байгуулсугай.
б) 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгай цэцэрлэг, сургууль тус бүрт автобус нийлүүлэх төсөл, арга хэмжээг тусгасугай
в) Тусгай цэцэрлэг, сургууль тус бүрт нэн тэргүүнд шаардлагатай засвар, тусгай хэрэглэл, тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын болон мэргэжлийн анхан шатны чадвар, дадал олгох техник, тоног төхөөрөмжийн хэрэгцээг судалж, шаардагдах зардлын тооцоог 2017 оны 6 дугаар сарын 15-ны дотор хийж, 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасугай.
г) Тусгай цэцэрлэг, сургуульд 2018-2020 онд хийх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулж батлуулан жил бүрийн улсын төсөв, гадаад дотоодын төсөл, хөтөлбөрт тусган хэрэгжүүлсүгэй.
д) Тусгай цэцэрлэг, сургууль тус бүрт хичээл практикийн болон нөхөн сэргээх, засан сайжруулах үйлчилгээний материал, дохионы хэлний ном сурах бичиг, аудио, видео хэрэглэгдэхүүн, брайлын цаас, хэвлэмэл материал уншигч төхөөрөмж, бичвэр томруулагч, текст зураг, график, томьёо зэргийг брайл руу хөрвүүлэгч програм, эм хангамжийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэн тусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авч байх боломжийг бүрдүүлсүгэй.
6. Монгол Улсын Боловсролын их сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын бакалавр, магистрын хөтөлбөрийн сургалтад дохионы хэлний хэлмэрч-багш, харааны бэрхшээлтэй хүүхдийн багш, оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн багшийн мэргэжлээр мэргэшсэн багш бэлтгэх сургалтын нөхцөл бололцоог бүрдүүлэх, их сургуульд багшлах багш нарыг өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын сургалтад тэтгэлгээр суралцуулах ажлыг зохион байгуулахыг Боловсролын бодлогын газар /Д.Эрдэнэчимэг/, Монгол Улсын Боловсролын Их Сургууль /Д.Мөнхжаргал/-д үүрэг болгосугай.
7. Харааны бэрхшээлтэй хүүхдийн багш, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн багш, оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн багшийн мэргэжлийг байнга, тасралтгүй дээшлүүлэх институт болон сургуульд суурилсан сургалтын зохион байгуулалтын саналыг тусгай цэцэрлэг, сургуультай хамтран боловсруулж, цаашид авах арга хэмжээний саналтай хамт 2017 оны 7 дугаар сарын 1-ний дотор танилцуулахыг Монгол Улсын Боловсролын их сургууль /Д.Мөнхжаргал/, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /А.Туяа/ -д үүрэг болгосугай.
8. Энэхүү тушаалын хэрэгжилтийн явцын эхний тайланг 2017 оны 7 дугаар сарын 05-ны дотор, цаашид улирал тутам танилцуулахыг Боловсролын бодлогын газар /Д.Эрдэнэчимэг/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Мөнхбаатар/, Санхүү, эдийн засгийн газар /Д.Батмагнай/-т тус тус үүрэг болгосугай.
9. Тушаалын хэрэгжилтэд хагас жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ, хийж тайланг танилцуулж байхыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /З.Энхболд/-т даалгасугай.
Ж.БАТСУУРЬ
Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан дараах арга хэмжээг 2016-2017 оны хичээлийн жилд багтаан хэрэгжүүлэхийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Мөнхбаатар/-т даалгасугай.
а/ Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэг, ерөнхий боловсролын 25, 29, 55, 63, 70, 116 дугаар тусгай сургуулийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, одоо ажиллаж байгаа эрхлэгч, захирлыг томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах шийдвэр гаргуулах;
б/ Тусгай цэцэрлэг, сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох журмын дагуу шинэчлэн олгох шийдвэр гаргах;
в/ Тусгай цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирлын ажлын байрны тодорхойлолтыг судлан хууль, тогтоомжийн дагуу шинэчлэн боловсруулж, батлуулах;
2. Эрхлэгч, захирлын ажлыг түр орлон болон хавсран гүйцэтгэж байгаа ажлын байрны сонгон шалгаруулалтыг хууль, тогтоомжийн дагуу 2017 онд багтаан зохион байгуулахыг Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.Баярсайханд үүрэг болгосугай.
Ж.БАТСУУРЬ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.